Сурвалжлага: Цагаан сарын тавгийн идээ хог дээр хөглөрчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цагаан сарын тавгийн идээ хог дээр хөглөрчээ

Сурвалжлага: Цагаан сарын тавгийн идээ хог дээр хөглөрчээ

Сар шинийн баяраар идээний дээд, ширээний чимэг болсон хэвийн боов хэдхэн хоноод хогийн цэг рүү ачигдах болов. Машин машинаар ачиж, хайрцаг, хайрцгаар нь хаясан тавгийн идээ хогийн цэгт овоорох төдийд бас нүд ирмэх зуур алга болно. Үд хэвийж 17:00 цаг болж байхад Цагаан давааны хогийн цэг дээр очвол аль хэдийнэ тавгийн идээний үлдэгдлийг хамаад дууссан нь харагдав.  Учир нь өглөө нар мандахтай зэрэгцэн хогийн цэг дээр ажилладаг хүмүүс болон тэнд амьдардаг айлууд уралдан очиж, тавгийн идээг шилж түүж авдаг байна. Аль эртэч нь "ёндоотой", хайрцаг дүүрэн шинэ тавгийн идээг хүнсэндээ хэрэглэх бол бусдаасаа хоцорсон нь малын тэжээлд ашиглахаар түүж авдаг аж. Зөвхөн тавгийн идээнээс гадна ууц, банш, бууз, хиам, нарийн боов, чихэр, өндөг хүртэл хаягдал дунд бий.

Өглөө 08:00-11:00 цагийн хооронд ийнхүү хүмүүс бужигналдаж “олз”-оо хувааж дуусдаг байна. Харин үд өнгөрч байхад хэвийн боовны хэлтэрхий таарвал их юм болдог гэнэ. Тус хогийн цэгт машины хөдөлгөөн зохицуулагч иргэн Н.Даваа /нэрээ нууцлав/ хэлэхдээ,

“Шинийн 5-наас эхлэн хүмүүс тавгийн идээгээ хаядаг. Хогны машин тус бүрээс дор хаяж 3-4 хайрцаг хэвийн боов шинээрээ хаягддаг. Ялангуяа орон сууцны айлуудаас тавгийн идээ маш их ачиж ирдэг.  Хог ачдаг машинууд орон сууцны айл өрхүүдийн ачсан хогийг шөнийн цагаар буулгадаг юм. Өглөө нь хүмүүс маш завгүй. Айлуудын голсон тавгийн идээ, ууцаар хоногийн хоолоо залгуулж яваа хүмүүс ч байгаа.  Уг нь хог дээр хаяснаас хоолгүй хонож байгаа ядарсан хүмүүст өгвөл буян юм даа. Миний ажигласнаар хүмүүс тавгийн идээнээс гадна ууц, бууз, банш хүртэл хаядаг боллоо. Тавгийн идээ бол хуучирдаггүй” гэсэн юм.

Үнс, тоос бужигнаж эхүүн үнэр хамар цоргиж хүн машин хөлхөлдсөн хогийн цэг дээр хүнсний хог хаягдал нийтлэг.

Шахмал түлшний улаан шуудай, сүлжээ дэлгүүрийн шар өнгийн торнууд өнгө алаглаж, саарал үнсэн дороос элдэв чихрийн сав, сүү, тарагны сав, өндөгний савлагаа цухуйх. Хог ачдаг машинаас буулгаж буй хог хаягдал дунд салатны хэрчсэн төмс, ногооны хальс, архины шил, ундааны лааз бусад элдэвийн хог байх. Эндээс хүмүүс архины шил, ундааны лаазыг ялгаж томхон шуудайнд ангилж, цааш нь портерт ачуулдаг байна.

Ийм орчинд хүмүүс амны хаалтгүй шахам ажиллаж буй дүр зураг угтсан юм. Эндээс амьжиргаагаа залгуулдаг зарим иргэдийн хэлснээр гэр хорооллын хог хаягдлаас ундааны лааз, архины шил бусад төмрийн хаягдлыг ялгаж авдаг бол  өглөөгүүр хүнсний буюу тавгийн идээ, бууз, банш зэргийг шилж, хүнсэнд хэрэглэж болохыг нь авдаг гэж байв. Тэдний дунд жилээс жилд  тавгийн идээ цагаан сарын дараа хог руу "чулуудах" болсныг халаглах хүмүүс ч байлаа.

Нэг хэсэг нь “шар тостой”, “хурц амттай”, “хатсан” гэж голж хаясан хэвийн боов ядарсан нэгний хэдэн өдрийн өглөө, өдрийн унд, оройны хоолыг залгуулж байгаа нь нууц биш. Иймд сар шинийн баярын дараа тавгийн идээгээ хог руу "чулуудахаас" урьтаж бусдад хандивлахыг хүмүүс ч уриалж эхлэв.  Энэ ч үүднээс  “Инээдэг байшин” төрийн бус байгууллагаас хэвийн боов цуглуулж эхэлсэн нь Монголдоо анхных болж байна.  Тус байгууллагаас тавгийн идээ бас бусад хувцас, ном, тоглоом гээд хэрэгтэй зүйлсээ авах хүмүүс ч цөөнгүй.

Хүүхдүүдээ дагуулаад тор дүүрэн зүйлс, хайрцаг тавгийн идээг нэрэлхсээр авсан эмэгтэйг Г.Өнөрчимэг гэдэг. Тэр баяртай байгаа нь харцанд нь тодхон. Түүний хувьд дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Сар шинийн баяраар энэ жил тавгийн идээ засаагүй бөгөөд санамсаргүй үнэгүй хэвийн боов авсандаа баяртай байв. Тэрбээр “Хэрэгцээтэй хувцас, бусад зүйлс авахаар ирсэн юм. Гэтэл хэвийн боов авлаа. Энэ жил баяраар тавгийн идээ засч чадаагүй юм. Нэг хэсэгтээ л хүүхдүүд маань талхны оронд идэх боорцогтой боллоо. Дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөдөг учраас хүнсээ арай гэж л залгуулдаг. Хүүхдүүд маань л өлсөхгүй, даарахгүй, өвдөхгүй байхад бусад нь болно доо гэж боддог юм” гэлээ.

Тэрбээр “Инээдэг байшин” ТББ-ынханд хандаж “Эгч нь дараа сар ирнэ ээ” гэсээр гарч явлаа. Тус байгууллагад амьдралын түвшин харилцан адилгүй хүмүүс сайн дураараа хэвийн боов хандивладаг. Гэхдээ сайхан сэтгэлийн үүднээс тавгийн идээгээ хандивлах нэгэн байхад бас яахаа мэдэхгүй хүмүүс ч байдаг аж. Уг төрийн бус байгууллагынхан иргэдээс цугласан хэвийн боовыг хүмүүст өгөхдөө  “Тавгийн идээ авах уу?” гэж асуухад ихэнх нь татгалзсангүй. Тус байгууллагаар зочилсон хүмүүст “Өөрт хэрэгтэй зүйлсээ үнэгүй аваарай” гэж хэлэхэд ихэнх нь гайхаж бас баярладаг байна. Гэсэн ч бас ичдэг нэрэлхүү зан нийтлэг гэнэ.

“Инээдэг байшин” ТББ-ын ажилтан Ж.АРИУНБОЛД: 

-Бид шинийн 4-нөөс хэвийн боов авч эхэлсэн. Эхний ээлжид хүмүүсээс цугласан 60 гаруй ширхэг хэвийн боовыг хүмүүсээ тарааж дуусах үед  “Итгэлт баганат” компаниас 500 ширхэгийг хандивласан. Одоо 400 орчим үлдсэнийг хүмүүстээ өгч байна. Манайхаар нас насны амьдралын түвшин харилцан адилгүй хүмүүс үйлчлүүлдэг. Тэдний 60 гаруй хувь нь өрх толгойлсон ээж, аав нар байна. Ялангуяа эмэгтэйчүүд маш их. Хэрэгцээтэй  зүйлсээ авах гэж ирсэн хүмүүсээс “Хэвийн боов авах уу” гэж асуухгүй л бол өөрсдөө авъя гэж хэлдэггүй. Энэ нь монгол хүний нэрэлхүү зантай холбоотой болов уу. Үнэгүй гэхээр хүмүүс гайхдаг ч гарахдаа баяртай байдаг. Бас тавгийн идээ өгье гэсэн хүмүүс ч бий. Зарим нь сэтгэлээрээ өөрсдөд байгаагаа хандивлаж байхад бас тавгийн идээгээ яахаа мэдэхгүй өгч байгаа хүмүүсч байна. Нэг хэсэг амьдралын түвшин дээгүүр хүмүүсийн хувьд хэвийн боов "шар тос ихтэй", "хурц", "хатсан" зэргээр хаядаг тул баяртай өгдөг.  Хэвийн боовыг бид мөнгөөр худалдан авдаггүй бас зардаггүй гэлээ.

Хотын төвд байрладаг ч үүдэндээ хаяггүй ч содон нэртэй тус байгууллагыг “Инээдэг байшин уу” гэж сурагласаар  орж ирэх хүмүүс цөөнгүй. Хэрэглэхгүй болсон хувцас, баярын дараа үлдсэн тавгийн идээ, уншиж дууссан ном, хүүхдийнх нь багадаа хайртай байсан тоглоомнууд зэргийг өгөхөөр хүмүүс ирнэ. Мөн хэрэгцээтэй зүйлсээ авахаар ирэх хүн ч олон. Тоглоом хараад баярлах хүү, шинэ гутал авах мөнгөө хэмнэж өвлийн гутал хайсан эмэгтэй, сонирхсон номоо авах залуу гээд бүгд л баяртай. Хуучин хувцас, гутал гэхээр л амьжиргааны түвшин доогуур хүмүүс авдаггүй гэдгийг ч “Инээдэг байшин”-гийнхан бас иргэд хэлж байсан юм.

Хүмүүсийн дэвтэр дээрх талархлын үгсийг харвал,

  • Танай байгууллагын хамт олон үнэхээр баярлалаа. Би оюутан учраас гэрт өмсөхгүй хувцасаа авчирч өгөөд өөртөө хэрэгтэй хувцсаа аваад явлаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Хэзээ ч битгий зогсоорой.
  • Өрх толгойлсон ээж болж, “Инээдэг байшин” ТББ-ын энэ сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар зөндөө хувцас хүүхдүүддээ авлаа. Над шиг зөндөө хүмүүст тус дэмж болж байгаа та бүхэнд баярлалаа
  • Дүүтэйгээ ирж хувцас тоглоом авлаа. Маш их баярлалаа
  • Хэвийн боов, хувцас авлаа маш их баярлалаа гэх зэрэг үгс хөвөрнө.

Мөн хандив өгсөн хүмүүсийн дийлэнх нь хувцастай хамт тавгийн идээгээ ч бас хандивласан тухай бичсэн байсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж