Эргэн тойрноо анзаарвал, хаа сайгүй “амьд хүн чулуунууд”. Тэд амьтай мөртлөө амьгүй. Бүгд сошиал ертөнцөд гацагсад. Энэ ертөнцөөс "одогсод". Хөгшин, залуу, хүүхэд, эрэгтэй, эмэгтэй, барилгачин, барималчин, эрх мэдэлтэн, эрхтэн дархтан цөм ялгаагүй.
Нэг тийм хоосон хөндий, бараан, айдас төрүүлэм… Хаашаа ч харсан гар утас барьсан хүмүүс. Техник технологи хурдацтай хөгжсөн энэ нийгэм заримдаг, завгүй хүмүүсээр дүүрчээ. Энэ бүхнийг бид өөрсдөө ч анзаардаггүй аж. Цахим мэдээллийн их шуурга дунд хэн байхаас үл хамаарч бүгд л улам завгүй, бие биеэсээ алсарч буйг нэгэн сонирхол татам үзэсгэлэн өгүүлэх нь энэ.
Орчин цагийн контемпорари урлагийн чиглэлээр уран бүтээлч Д.Отгонбаяр, Ц.Солонго нар “Завгүй хүмүүс”…”Заримдаг хүмүүс” нэртэй үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн танхимд дэлгэжээ. Удахгүй үүдээ хаах үзэсгэлэнг сонирхох үзэгчдийн хөл тасрахгүй. Тэр дунд залуус цөөнгүй ирсэн харагдав. Тэдний зарим нь өөртөө асуулт тавьж, эргэцүүлж байсан бол нөгөө хэсэг нь хүрч мэдэрч, гайхан сонирхоно.
Тэдний нэг Х.Нургүль гэх залуу бүсгүй “Үзэсгэлэнгийн танхимд анх орж ирэхэд эвгүй мэдрэмж төрсөн. Нэг л хоосон хөндий үхмэл хүмүүс дунд ороод ирсэн мэт санагдсан. Гэхдээ уран бүтээлчдийн бүтээлийг сонирхоод үзэхээр их сонирхолтой юм. Одоогийн нийгмийн асуудлыг хөндөж, хурцаар шүүмжилсэн байна. Урьд өмнө нь ийм төрлийн шинэлэг үзэсгэлэн үзэж байсангүй” гэсэн юм.
“Аливаа уран бүтээлд өнгө, алслалт, зохиомж, аялгуу гэж бий. Тухайн уран бүтээлчдийн шийдэл тун шинэлэг санагдлаа. Энэ бол уран баримлын хөгжлийн нэг хэлбэр” хэмээн уран бүтээлч Д.Эрдэнэбат сэтгэгдлээ хуваалцлаа.
Уран барималч Д.Отгонбаярын хувьд өөрийн “Завгүй хүмүүс” контемпорари уран бүтээлдээ биднийг маш ихээр завгүй байлгадаг ухаалаг утас, цахим ертөнцийн замбараагүй их мэдээллийн дунд гацсан хүмүүсийг бүтээлээрээ дүрслэн харуулжээ. Өнөө цагийн хүмүүсийн дунд амьд харилцаа байхаа больж, утсаа ухсаар улам завгүй, өөрсдийгөө нийгмээс тусгаарлан хөшөө мэт байрандаа “царцана".
Махбодийн хувьд хөшсөн мэтээр хүнээ бүтээхдээ өдөр тутмын энгийн хаягдал материалуудыг ашиглажээ. Жишээлбэл, хөөсөнцөр, сангийн хоолой, картон цаас, хуучин хувцас гэх мэт.
Хүн чулуу мэт зогсох эдгээр хүмүүс гартаа ухаалаг утас барина. Мэдээллээс хоцрохгүй гэх шалтгаанаар өнгөц сенсаци төдий зүйлд автан сошиал ертөнцөд гацаж, өөрийн ухаанаар мэдээллийг задлан дүгнэхээ больж байгаа нь бидний гашуун үнэн. Өөрөөр хэлбэл, амьд хүн чулуу мэт харамсалтайгаар сааралтан үлдэн хоцорч буйг бараантан харагдах өрөг урлагаараа уран бүтээлчид тод томруунаар өгүүлнэ.
Чухам энэ заримдаг араншин биднийг сүүдэр мэт хамт дагана. Хана хэрэм мэт хөшиглөсөн сүүдрийг дүрслэхдээ уран бүтээлч Ц.Солонго бүдүүн баараг байдалтай зурсан нь этгээд. Учир нь заримдаг зан гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хйисвэр ч хүний нандин зан төрхийг эвдэх хүчтэй зэвсэг гэдгийг илтгэх шиг. Энэ дундаас хэн нэгэн дотоод сүүдрээ ч олж харахыг хэн мэдлээ.
"СҮҮДРЭЭР ХҮНИЙ ЗАН ЧАНАРЫГ ИЛЭРХИЙЛСЭН"
Куратор Ц.Солонго:
-Бид нэн шинэ орчин үеийн урлаг буюу контемпорари урсгалаар уран бүтээлийн том хэмжээний үзэсгэлэнгээ дэлгэлээ. Миний хувьд цав ямбуу болон эртний будаг болох шороон будгийг ашигласан. Харин уран барималч Д.Отгонбаяр эгч үндсэн баримлын технологи ашиглалгүйгээр энгийн хаягдал материалаар бүтээлээ хийсэн. Бид агуу баатар, алдартай хүнийг бус өнөө цагийн хүмүүсийг дүрсэлж буй гэдгээрээ онцлог.
Би дөрвөн метр том даавуун дээр бүтээлүүдээ зурсан. Энэ нь дандаа сүүдэр. Хүний сүүдэр гэрлээсээ хамаараад хэлбэр дүрс нь өөрчлөгдөж байдаг шүү дээ. Мөн үүгээрээ хүний зан чанарыг илэрхийлсэн. Өнгөний хувьд хар, бор, ягаан, цэнхэр,ногоон өнгийг уусгаж гаргасан. Утаан дотор байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.
"ЗАВГҮЙ ХҮН ГЭДЭГ НЬ АЖИЛСАГ ХҮН БИШ"
Уран барималч Д.Отгонбаяр:
-Бидний эргэн тойронд гар утасны хэрэглээ хэтэрч, хүмүүс замбараагүй мэдээлэл авч байна. Ямар нэгэн мэдээллийг шүүлтүүргүйгээр толины тусгал мэт хүлээж авдаг болсон. Монголын тал нутгаас олдсон хүн чулуунууд гартаа эд зүйл барьсан байдаг. Гэтэл өнөөдрийн хүмүүс гартаа гар утас барьдаг болсон гэдэг санааг гаргасан. Ухаалаг утас бидний цаг хугацааг хэмнэж байгаа ч бид өөрсдийгөө завгүй байлгаж улам хараат болгож байгаагаа үл анзаарна.
Завгүй хүн гэдэг нь ажилсаг хүн биш. Бид өөрсдийгөө таньж, гэр бүлдээ цаг гаргахгүй хамаг цаг хугацаагаа тэрэнд өгсөөр байтал хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн хогийн сав болж дүүрлээ. Миний хувьд уламжлалт уран баримлын аргачлалаар бус энгийн хаягдал материал ашигласнаараа онцлог. Аль болох хөнгөн байлгах үүднээс элс, цемент цавуутай хольж цардаж баримлаа бүтээсэн.
Гэрэл зургийг Г.Санчир
Холбоотой мэдээ