Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана

Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана

Бээжин-2022 олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр/2022.02.15/ боллоо. Энэ үдшийн гол дүр нь 15 настай Орос охин Камила Валиева байв. Хэдийгээр допингийн шинжилгээнд бүдэрч, барууны хэвлэлүүдийн хэл амны бай болсон ч тэрбээр өөрийнхөө юу чаддаг, ямар авьяастай вэ гэдгээ дэлхий нийтэд харуулсан.


НУЛИМСТАЙ ҮЗҮҮЛБЭР

Камила Валиева богино үзүүлбэртээ 82.16 оноо авч, бүх тамирчныг тэргүүлж эхлэв. Тэрбээр хамгийн хэцүү үсрэлт болох гурвалсан аксель дээрээ алдсан ч бусад элементүүдээ амжилттай гүйцэтгэж чадсан. Багийн төрөлд алтан медаль хүртсэн ч медалиа гардаж аваагүй тэрбээр үзүүлбэрийнхээ дараа нулимсаа барьж дийлэлгүй, уйлж орхисон. Сүүлийн хэд хоног 15 настай түүнд үнэхээр хүнд хэцүү, дарамттай байсан нь лавтай. Америкийн хэвлэлүүд допингоор далимдуулан түүнийг олимпоос хөөж, эрхийг нь хасах хэрэгтэй, медалийг нь хураах ёстой гэж сэвж байсан бол Их Британийн хэвлэлүүд түүнийг эвгүй байдалд оруулж, бэлтгэл дээр нь янз бүрийн асуултуудаар булж байлаа.

Камила бэлтгэлдээ ч анхаарлаа төвлөрүүлж чадалгүй, сэтгэл санааны тогтворгүй байдалд ороод байсан юм.

Гэвч алдарт Этери Тутберидзегийн шавь, Европ, Оросын аварга, дэлхийн рекордыг эзэмшигч Камила Валиева хэмээх татар гаралтай охин эхний даваагаа амжилттай давж чадлаа. Түүнд олимпийн аварга болоход дахин нэг шат бий.

АНХААРЛЫН ГАДНАХ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАГСАД

Олимп эхлэхээс өмнө  Оросын гурван охин алт, мөнгө, хүрэл медалийг хүртэх өндөр магадлалтай гэж байсан билээ. Тэгвэл өчигдрийн богино үзүүлбэрийн дараа энэ нь улам  бодитой болж ирсэн. Хэдий бүх хүний анхаарал Камила Валиева дээр байснаас биш дэлхийн аварга 17 настай Анна Щербакова түүний яг шилэн хүзүүн дээр буюу 80.20 оноотой дэд байрт бичигдэж байна. Харин “үсрэлтийн дагина” залуучуудын дэлхийн аварга 17 настай Александра Трусова 74.60 оноотой дөрөвдүгээр байрт явна.

Александра Трусоваг чөлөөт үзүүлбэр дээрээ онцгой зүйл үзүүлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Александра Трусова

Өчигдөр богино үзүүлбэрийн дараах хэвлэлийн бага хуралд Камила Валиева оролцоогүй бөгөөд Оросоос Анна Щербакова, Александра Трусова нар оролцжээ. Анна багийнхаа андын талаар “Би нөхцөл байдлын талаар юу ч ярихгүй” гэжээ. Харин Японы Каори Сакамото “Энэ өрсөлдөөн шударга эсэхийг сайн мэдэхгүй байна. Би энэ асуултанд хариулмааргүй байна” гэжээ.

Анна Щербакова

АЗИЙН "БИТҮҮ МОРЬД"

Японы Каори Сакамото Оросын гурвалын дундуур салхи оруулж, 79.84 оноотой гуравдугаар байрт бичигдлээ. Энэ жил 22 нас хүрэх тэрбээр олимпийн багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Каори багийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Камила Валиевагийн ард хоёрдугаарт байрт бичигдэж, багтаа өндөр оноо авчирсан.

Каори Сакамото

Мөн түүний нутаг нэгт Вакаба Хигүчи 73.51 оноотой тавдугаар байрт яваа. Саяхан 21 нас хүрсэн түүний хувьд 2018 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Харин зургадугаар байрт Өмнөд Солонгосын Ён Юү 70.34 оноотой бичигдсэн. 2010 оны олимпоор Ким Юнаг харж, уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн энэхүү 17 настай охин Япон, Америк дасгалжуулагч нарын дор бэлтгэлээ хийдэг.

Ён Юү

Богино үзүүлбэрийн дараах үр дүн

  1. Камила Валиева /Орос/ – 82.16
  2. Анна Щербакова /Орос/ – 80.20
  3. Каори Сакамото /Япон/ – 79.84
  4. Александра Трусова /Орос/ – 74.60
  5. Вакаба Хигүчи /Япон/ – 73.51
  6. Ён Юү /Өмнөд Солонгос/ – 70.34
  7. Лоэна Хэндрикс /Бельги/ – 70.09
  8. Алиса Лиу /АНУ/ – 69.50
  9. Елим Ким /Өмнөд Солонгос/ – 67.78
  10. Анастасия Губанова /Гүрж/ – 65.40
  11. Мариа Белл /АНУ/ – 65.38

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнуудыг тодруулах сүүлийн тэмцээн болох чөлөөт үзүүлбэр маргааш 18.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж