"Ял эдэлж буй 1400 хүнийг цахим гаваар хянаж байна" | News.MN

"Ял эдэлж буй 1400 хүнийг цахим гаваар хянаж байна"

"Ял эдэлж буй 1400 хүнийг цахим гаваар хянаж байна"

"Ял эдэлж буй 1400 хүнийг цахим гаваар хянаж байна"

Эрүүгийн хуульд тусгасан зорчих эрхийг хязгаарлах ялыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу зорчих эрхээ хязгаарлуулсан хэрэгтнүүдэд цахим гав зүүж буй. Тэгвэл Цахим гавыг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлж хянаж байгаа болон тус ялын онцлог, хязгаарлалтын бүсийг хэрхэн заасан, радиусаас хэтэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэлээс тодрууллаа.


-Ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүн зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүлж байгаа вэ?

-2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр нэмсэн. Тухайлбал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, алдуул мал, гээгдсэн хөрөнгө завших, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэх мэт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар заасан.

-Эрүүгийн хуульд тусгасан энэ ялын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шүүхээс тухайн ялыг оногдуулахдаа хөдөлгөөн үйлдэх маршрут хязгаарлалтын бүсийг тогтоож өгдөг. Ямар хэлбэрээр тогтоож өгч байгаа вэ гэхээр ял шийтгүүлж буй тухайн хүн болон гэр бүл, ажил эрхлэлтийн байдалд тулгуурлан оршин суугаа газрынх нь ойр орчимд хязгаарлалтын бүсийг тогтоож өгдөг. Улаанбаатарын хувьд дүүргийн хэмжээнд орон нутгийн тухайд сум, багаар нь гэхчлэн зорчих эрхийг нь хязгаарлаж байна. Тиймээс энэ ялыг эдэлж байгаа хүн амьдралын наад захын үйл ажиллагаандаа хэвийн оролцож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бололцоог хангаж өгсний үндэс дээр тогтоож байгаа.

Хэдийгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон ч хувь хүний өнгөрсөн болон одоо зорчсон маршрутыг давхар хянаж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дахин гэмт хэрэг үйлдэх, хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэлбэр учраас ялтанд хуулийн хүрээнд итгэлцэл олгож байгаа юм. Тэгэхлээр энэ төрлийн ялаар шийтгэгдсэн хүнээс хариуцлага их шаарддаг.

"ХҮМҮҮС ДАВТАН ЗӨРЧИЛ ГАРГАВАЛ ХОРИХ ЯЛ  ЭДЭЛНЭ"

-Зорчих эрхээ хязгаарлуулсан хэрэгтнүүд дахин гэмт хэрэг үйлдэх, хязгаарлалт тогтоосон бүсээс гарах боломжгүй гэлээ. Хяналт болон дохио, мэдээллийг тэгвэл яаж тавьж ажиллаж байна. Тогтоосон бүсээс хэтэрсэн зөрчил бүртгэгдсэн үү?

-Сүүлийн үед иргэдээс энэ талаар асуулт их ирж байна. Цахим бугуйвчийг хэрэглэж хэвших хэрэглээний дадал, соёл суралцах шаардлагатай. Хувь хүнээс шалтгаалсан үйлдэл буюу санаатайгаар эвдэж гэмтээх, цэнэг нь дууссан байхад цэнэглэхгүй байлгах асуудал гарч байгаа. Санаатай үйлдлээр цахим гавыг эвдэх оролдлого хийвэл хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байгаа хэлбэр. Энэ тохиолдолд хуульд заасан үндэслэлээр зөрчилд тооцож анхааруулах, сануулах арга хэмжээг ШШГЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа. Хэрэв давтан үйлдэл гаргаж, цахим гаваас удаа дараа зайлсхийсэн тохиолдолд хорих ангид хорих арга хэмжээ авах зохицуулалттай. Өнгөрсөн жилийн хэмжээнд 250 гаруй хүний ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Ингэснээр тухайн хүн нийгмийн амьдралд хэвийн оролох явцдаа ялаа эдэлнэ гэсэн үг. Нэг талаар зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь хүнд илүү сонголт, боломж олгож байгаа хэлбэр.

-Цахим гавтай ч гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг тооцоолсон уу. Мөн цагаа тодорхой хэмжээст радиустаа үлдээгээд өөрөө заасан бүсээс гадна зорчвол ямар хариуцлага хүлээх вэ?

-Хувь хүний ухамсар, хариуцлагаас шалтгаална. Хэрэв хэрэгтэн дахин гэмт хэрэг үйлдвэл хуулийн дагуу дээр хэлсэнчлэн хариуцлага тооцно. Цагаа үлдээх, биеэс салгахын хувьд боломжгүй. Учир нь цахим гав буюу цаг бүр дээр серийн дугаар гэж бий. Энэ дугаарыг бид программд оруулж, дохиоллыг дэлгэцээр хянадаг. Хэрэв эвдсэн тохиолдолд үүссэн хохирлыг тухайн хүн төлнө. Энэхүү ялыг эдэлж байгаа хүмүүсийн хувьд амьдралын үйл ажиллагаандаа тодорхой хяналт тавьж, хариуцлагатай хандах хэрэгтэй болж байгаа юм.

-Хязгаарлалтыг бүсийг дүүрэг, сумаар зааглаж өгсөн ч зарим хүний хувьд зөвхөн гэртээ байх хязгаарлалт тогтоож байгаа гэх юм. Энэ үнэн үү, заасан бүсээс гарсан үед ямар дохио, мэдээ сервер дээр ирдэг вэ?

-Хязгаарлалтын бүс бол харилцан адилгүй. Сум болон баг дээр мал хариулдаг хүн байлаа гэхэд тухайн бүсийг хамааруулж радиус тогтоосон. Үүрэн холбооны сүлжээний тархац дээр суурилж бүсчилж байгаа учраас сүлжээгүйгээс үүдэх асуудал гарахгүй гэсэн үг. Шүүхээс хязгаарлалтын бүсийг тогтоосны дараа бид Цахим удирдлагын нэгдсэн төвөөрөө дамжуулж хяналт тавьдаг.

Нэгдүгээрт, тухайн хориглолт хязгаарлалтын бүсэд ойртсон, гарах оролдлого хийсэн үед мэдээлэл ирнэ. Хоёрдугаарт, гавны цэнэг дуусах дөхсөн үед самбар дээр мэдээлэл ирж тэмдэглээний өнгө өөрчлөгддөг. Хэвийн нөхцөлд цэнхэр тэмдэглэгээ тухайн хүний байршилд гарна. Харин зөрчил гаргавал улаан болж дохиолол ирдэг. Энэ үед эхлээд ялтанд мэдээлэл очно. Гар утсаар болон цаганд чичиргээ үүсэх дохиогоор тухайн хүн мэдэх боломжтой.

-Цахим гавд нийт хэчнээн төгрөгийг зарцуулсан бэ, цаашид нэмэлтээр худалдаж авах уу?

-Цахим гав буюу бугуйвчны хувьд эдийн засгийн үнэлгээ зах зээл дээр өндөр байдаг. Нэгж бугуйвчны үнэлгээг авч үзвэл солонгост гэхэд 5-7 сая төгрөг, Израйль болон ОХУ-д ашиглаж байгаа нь мөн үүнээс өндөр үнэлгээтэй байдаг. Монгол Улсын хувьд 700-800 төгрөгийн үнэлгээтэй бугуйвч ашиглаж байгаа. Ариг гамтай, тодорхой горимын дагуу хэрэглэж чадвал ашиглалтын хугацаа урт. Хамгийн бага өртгөөр хариуцлага тооцож байгаа хэлбэр гэж ойлгож болно.

Бугуйвч ашиглалтын зардал нь бусад ял, албадлагын арга хэмжээтэй харьцуулахад бага гардаг. Тухайлбал, цахим гавны дата ашиглалтын төлбөрт сард 2000-3000 төгрөг гардаг.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1400 орчим ялтан энэ төрлийн хяналтад байна. Цаашид шүүхийн ял, шийтгэлийн бодлогын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хүмүүсийн тоо өсөх тооцоо, таамаглал гаргасан. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байгаа ч хуулиар олгосон хоёр дахь боломжийг ашиглаж, ухамсартай хандаж чадвал шийтгэлийн бодлогод эерэг үр дагаврууд гарна гэж тооцож байгаа. Хорихоос өөр төрлийн арга бол нийгэмших явцад ч тодорхой хэмжээний эерэг үр дагавар их.

"ЦАХИМ ГАВ БАЙРШЛААС ГАДНА ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ САНААГ НЬ ХЯНАХ БОЛОМЖТОЙ"

-Ямар нэг шалтгаанаас болоод гаваа биеэс салгах шаардлага гарвал яах вэ. Усанд орох эсвэл цэнэггүй болчихвол хуулийн байгууллагаас хянах боломжгүй юм биш үү?

-Цэнэг дуусах тал дээр сигнал буюу дохио өгч байгаа учраас асуудалгүй. Мөн ус, чийгийн хамгаалалттай болохоор ямар ч нөхцөлд бугуйвчийг биеэс салгахгүй байх боломжтой. Биед ямар нэгэн хариу урвал, харшил өгөхгүй бөгөөд энэ ялыг эдэлж байгаа хүн хөл, гарынхаа аль нэг хэсэгт цахим бугуйвчийг зүүнэ. Хүмүүс ихэвчлэн гарын бугуйвчийг сонгож байна.

-Авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх үү?

-Эрүүгийн хуульд заасан хүрээнд шүүх юу гэж тогтооно түүний дагуу л ялыг оноож байгаа.

-Ялын төрлийг сонголттой болгосон нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хэрэг үйлдсэн ч гэм буруугаа хүлээвэл заавал хорих хэлбэрийн ял оноохгүй байх нь олон давуу талтай. Нэг ёсондоо уламжлалыг эвдэж байгаа юм. ХЗДХЯ-наас хууль зүйн боломж дээр тулгуурлаж ухамсрын эерэг өөрчлөлт гаргаж байна. Хохирлоо барагдуулж, гэм буруугаа хүлээсэн бол зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх сонголттой болсон. Нэг талаар гэмт хэрэгтэн зэрлэгших, ялын хатуу төвшинг заавал оноохгүйгээр тухайн хүнд бурууг нь ухамсарлуулна.

Наанадаж улс орны хөгжил, цаашилбал иргэд нийгмийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Монгол Улсын алсан хараа 2050 хөтөлбөрт тусгаснаар хууль зүйн чиглэлийн нэг бодлого бол ял шийтгэлийн бодлого дээр өргөжүүлэх тодорхой хэмжээний зорилт тавьсан.

Өнөөдөр бугуйвч ашиглаж байгаа ч цаашид технологийн хувьд илүү нарийвчлалтай болж чадна гэж харж байна. Байршил тогтоох, мэдээлэл дамжуулахаас гадна биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг ч хянах боломжтой болно. Ингэснээр тухайн хүн дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх боломж бүрдэнэ гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-16 213.87.89.79

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-16 59.153.115.213

Цагдаагийн хувцас Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хувцас яг адилхан болжээ.
Надад л тэгэж харагдаад бх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж