Улс төрийн АРИУН ЦЭВЭР

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Улс төрийн АРИУН ЦЭВЭР

Улс төрийн АРИУН ЦЭВЭР

Хөгжлийн банкийг тоносон гэх дуулиантай зэрэгцэн, өнгөрөгч долоо хоногт нэгэн хэлэлцүүлэг олон нийтийн сүлжээнд өрнөсөн нь охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй олгох тухай. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар энэ асуудлыг хуульчлах хүсэлтэй байгаа агаад “Ариун цэврийн хэрэглэл бол тансаг хэрэглээ биш. Зайлшгүй авах ёстой хэрэглэгдэхүүн. Нийгмийн тэгш бус байдлаас болж зарим охид сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амсах ёсгүй” талаар тайлбарлажээ. Нийтдээ 11-18 насны 220 мянга охинд ариун цэврийн хэрэгсэл үнэгүй олгоё гэвэл сарын хоёр, жилийн 24 тэрбум төгрөг шаардлагатай  гэнэ. Зөвхөн зорилтот бүлгийн охидод өгнө гэвэл энэ төсөв хэд дахин багасахыг Ц.Мөнхцэцэг гишүүн ярьжээ.

Орлого багатай, эмзэг бүлгийн охидод ариун цэврийн хэрэгсэл бага гэлтгүй бэрхшээл үүсгэж байгаа нь үнэн. Гэвч, нийгмийн тэгш бус байдлыг өөрчлөхгүйгээр ариун цэврийн хэрэгсэл үнэгүй тараалаа гээд тэдний бэрхшээл зовлонг нэг мөр шийдчихэж байгаа юм биш. Асуудал хаанаас, юунаас болохыг нь шийдэхгүй л бол нүглийн нүдийг гурилаар хуурснаас ялгаагүй. Охиддоо ариун цэврийн хэрэгсэл аваад өгөх аав ээжийнх нь ажлын байрыг нь, боломжийг улстөрчид нь булааж, дээрэмдэж, хулгайлж идээд байх аваас.

Жилийн 24 тэрбумаас улстөрчид, төрийн дарга, сургуулийн удирдлагууд шат, шатандаа чадах ядахаараа цавчих нь ойлгомжтой. Манай улстөрчид хэзээ байтлаа төрийн мөнгөнөөс татгалзаж байлаа. Их, бага гэлтгүй мөнгө л харагдвал “вээгүй” хусна. Одоо бүүм тариад байгаа Хөгжлийн банкныхаа луйварыг хар л даа. Хөгжлийн банкны луйвар улстөрчдийн тонож идсэн их мөнгөний нэг жишээ. ЖДҮХС-гаас эхлээд төрийн сан бүхнийг улстөрчид нь хувааж цөлмөдөг тогтолцоо хэдийнэ бий болчихсон. Ахиад ч ийм том мөнгөний дуулиан дэгдэнэ, улстөрчдийн хулгай луйвар ил болно. Засгийн газраас олгосон арван их наядаас хэд нь Ардын намынхны гараар ороод дууссан бэ гэсэн хэрүүл, зодоон ч тун удахгүй гарч магадгүй.

Охидод үнэгүй ариун цэврийн хэрэгсэл тараая гээд явж байгаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэхэд Хөгжлийн банкнаас 4.5 тэрбумыг аавынхаа “Вояжер минерал ресурсес” авчихсан байх жишээний. Асуудал мандангуут 100 хувь эргүүлэн төлснөөс харвал уг мөнгийг чухам юунд зарцуулж байсан нь бүр эргэлзээтэй. Хөгжлийн банкнаас авсан бага хүүтэй зээлээ банк бусаар эргэлдүүлж байсан бол яах вэ гэж.

Хэрэг явдал бишдэнгүүт нөхдүүд 42 тэрбум төгрөгийг буцаагаад төлчихсөн гэхээр. Тэрбум, тэрбум төгрөгийг гарч гүйгээд л "олоод ирчихдэг" мөнгө биш нь ойлгомжтой шүү дээ.

Ямар ч байсан Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй, АТГ-д шалгагдаж байгаа 52 компанийн ард дандаа улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс байгаа нь нэн ойлгомжтой. С.Бямбацогт, М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр, Б.Элдэв-Очир, Б.Дэлгэрсайхан, Х.Баттулга, Ц.Шаравдорж, Б.Эрдэнэбат, Ш.Лхамсүрэн,  Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Анандбазар, Б.Ундармаа гээд олонх нь улстөрч, ихэнх нь МАН-ын гишүүд. ЖДҮХС-гаас зээл авсан 49 гишүүн бүгдээрээ МАН-ынх байсан нь ч үнэн. Хаа очиж, хулгайч, луйварчин гэж адлуулж, чичлүүлээд байдаг АН-ынхан бас чиг хамжааргатай байж. Ц.Нямдорж нэгэнтээ Ардын намынхан ичиж иддэг гэсэн нь худлаа,  тэд айж ичихгүйгээр "хусдаг" болсныг энэ мэт Хөгжлийн банкны хэрэг явдал бүр ч батлаж өглөө.

Тэгэхээр Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлаа Ардын намын цагаан байрнаас эхлэх нь зөв байх. Авлигын индексээр сүүлийн зургаан жил Монгол Улс 24 байраар ухарсан нь энэ хэрээр эрх баригч намынхан идэж уусан гэсэн үг юм.

Удахгүй улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хуулийн  төслийг Ерөнхийлөгч өргөн барих талаар Ерөнхий сайд мэдээлсэн. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр улс төрийн ариун цэврийг сахих ямар ч боломжгүй. Товчхондоо, намууд өөрсдөө авлигын асар том үүр уурхай, улстөр, эдийн засгийн том сүлжээ болж хувирсан нь бодит үнэн. Том мөнгөтэй хүмүүс улс төрийн намуудыг, төртэй нь, төсөвтэй нь худалдаж авдаг болсон нь бүр үнэн. Эсрэгээрээ улс төрд орохоороо хөлжиж, шинэ баян цээж өвчтэй болдог нь бас л фаакт.

Энэ нь Монголын намуудад үзэл баримтлал, итгэл үнэмшил байхгүй болсон илрэл.  Ерөнхийдөө улс төрийн намууд АН, МАН-гүй дампуурлаа чимээгүй  зарлацгааж байна. Авлига, хээл хахуулийн үүр уурхай болсноо ямар ч байсан Ардын намынхан хүлээн зөвшөөрчихлөө. 

Ардчилсан намын хувьд малгай, толгойгүй, эзэн, сүрэггүй хүмүүс болцгоожээ. Ер нь цаашдаа ороо, жороогоороо нэгдэх ялгарах цаг болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улаан цагаан өнгөнөөсөө өөрөөр Монголын намуудад ямар ялгарал хийгээд итгэл үнэмшил, үнэт зүйл байгаа юм бэ.

Хөгжлийн банкны асуудлаар мөнгө угаасан эсэхийг шалгаж өгөхийг Засгийн газраас УЕП-оос хүссэн. Нэгэнтээ УЕП асан М.Энх-Амгалан  чуулганы танхимаас шударга ёс эхлэхийг сануулж асанчлан яг тэр танхимаас ахиад шударга ёсыг нэхэх ёстой юм. Хууль батлагчид нь өөрөө хулгайч, луйварчин байвал энэ улсад шударга ёс тогтохгүй нь тодорхой. Үнэнийг хэлэхэд, Ардын намын нохой нь хүртэл  "намайг хэн шалгах вэ" гэх нь холгүй байгаа. Авчиг энэ бүхэнд Ардын намаас илүүтэй ард иргэд өөрсдөө буруутай. Сонгууль болгоноор улстөрчдийн хаяж өгдөг "яс"-ыг булаацалаж, "Яадаг юм, эцгийн хувьд Эрдэнэтэд шахаа хийхэд нь хүүдээ тусалсан" гээд хэрэг үйлдсэнээ хээв нэг цагаатгаж байгаа улстөрчөө шударга хүн, эх оронч түшээ гэж "эргүүтэх" тусмаа л хулгайчдад хууль бус үйлдэл хийх боломжийг нь олгож байна гэсэн үг.  Товчхондоо, мэдсээр байж хулгайч нарыг сонгоно гэдэг миний халаасыг ухаад өг гэсэнтэй ямар ялгаа байна.

Тэгэхээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын танхимаас шударга ёс нэхэхгүйгээр нам нь цэвэрших ямар ч боломжгүй. АН-ынхныг толгой дараалан шоронд хорьчхоод Ардын намынхнаа, журмын нөхдөө эрхлүүлээд, илээд юм бол авлигын индекс урагшлахгүй. Авлигын индекс нэг байраар урагшилсан нь үндсэндээ  Монголд авлига амь бөхтэй байгаагийн нотолгоо.

Хэрэвзээ, улс төрийн ариун цэвэр нь энэ мэт бохир хэвээр байвал охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй тараалаа ч орлогын тэгш бус байдал, нийгмийн ялгаа өөрчлөгдөхгүй. Нэг хэсэг улстөрч нэр олж, нэг хэсэг нь мөнгө цавчаад л дуусна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж