Ши Жиньпин: Хятад хүний хоолыг хятад хүн бэлдэх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин: Хятад хүний хоолыг хятад хүн бэлдэх ёстой

Ши Жиньпин: Хятад хүний хоолыг хятад хүн бэлдэх ёстой

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүнсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын засгийн газрын нэн тэргүүний зорилт байсаар ирсэн. Тэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг төрөлжүүлэх замаар хүнсний аюулгүй байдалдаа анхаарч буй. Удахгүй болох Үндэсний намын 20 дугаар их хурлаас урьтаад Хятадын эрх баригчид хэд хэдэн хүчин зүйлс дээр тулгуурлан ирээдүйн хүнсний бодлогоо тодорхойлоод байна.

Тухайлбал, сүүлийн үед болсон бага хурлууд дээрх санал санаачлага, засгийн газрын бодлого, таван жилийн төлөвлөгөө зэргийг тусгасны үндсэн дээр тодорхойлжээ. Мэдээж, генийн өөрчлөлттэй хүнсний нөлөөлөл, тэдгээрийг арилжаалах, Орос Украины мөргөлдөөн зэрэг хүчин зүйлс ч багтсан.

Саяхан болсон Улс төрийн товчооны Байнгын хорооны хуралдаан дээр Ши Жиньпин дарга Хятадад тулгарч буй сорилт, эрсдэлийг тус улсын стратегийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх ёстой гэж онцолжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарыг тогтворжуулж, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатайг  дурдаад, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хөдөө орон нутагт тогтвортой өсөлтийг хангахын тулд дорвитой арга хэмжээ авахаа мэдэгдэв.

“Хятад хүний хоолыг хятад хүн л бэлтгэх ёстой” гэж Ши Жиньпин хэлжээ.

Орон нутгийн аж ахуйн бодлого эрхэлсэн хороог Ши Жиньпин дарга удирддаг. Уг хорооны бага хурал дээр ч ялгаагүй хүнсний аюулгүй байдал хийгээд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхийн чухлыг онцолжээ. Энэхүү хороо нь хөдөө аж ахуй, орон нутаг, тариаланчид гэсэн гурван хүчин зүйл дээр тулгуурлан хөгжлийн төлөвлөгөөгөө гаргадаг. Жил бүрийн эхэнд уг төлөвлөгөөгөө танилцуулдаг бөгөөд энэ жилийнх хараахан гарч амжаагүй аж.

Хүнсний аюулгүй байдал бол нийгмийн тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай хүчин зүйл. Хятадын Хөдөө аж ахуйн яамны сайд Тан Рэньжян хүнсний аюулгүй байдлын хоёр чухал бүрэлдэхүүн хэсгийг онцолжээ. Тэрбээр хөдөө аж ахуйг компьютерээр зүйрлэвэл үр тариа бол чип нь гэв. Мөн тариалангийн талбайг хүнсний үйлдвэрлэлийн гол амин судас гэжээ. Эндээс үзвэл үр тариа ба тариалангийн талбай нь хүнсний аюулгүй байдлын хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг юм.

Ши Жиньпин өнгөрсөн арванхоёрдугаар сард үр тарианы аюулгүй байдлыг хамгаалах, тариалангийн талбайг хамгаалах, гахайн мах, хүнсний ногоо болон бусад хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гаргахыг уриалав. Сүүлийн саруудад Хятадад хүнсний ногооны үнэ эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2021 оны арваннэгдүгээр сард шинэ ногооны үнэ өмнөх оны мөн үеэс 30.6 хувиар, өндөг 20.1 хувь, загас 18 хувиар тус тус өсчээ.

ҮР ТАРИАНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМНЭ

Зөвхөн Хятадаар зогсохгүй Азийн ихэнх орнуудын хувьд үр тарианы аюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбогдоно. Хятад ханзаар “хүнсний аюулгүй байдал” гэсэн үгийг бичихэд “үр тарианы аюулгүй байдал” гэж шууд орчуулдаг. Тус улсын дотоодын үр тарианы үйлдвэрлэл 2003-2013 оны хооронд 430-600 сая тонн хүртэл өссөн. Үр тарианы дийлэнхийг Хөх мөрний дунд ба доод бүс, Хятадын зүүн хойд болон хойд хэсгийн тэгш талд тарьж ургуулдаг. Дотоодын үр тарианы үйлдвэрлэлээ дэмжихийн тулд Хятадын эрх баригчид төрөл бүрийн бодлого, төлөвлөгөө дэвшүүлж байна. Тухайлбал өнгөрсөн сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал “Үр тарианы аюулгүй байдлын тухай” шинэ хуулийн төсөл боловсруулж эхлэв. Түүнчлэн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө буюу 2021-2025 оны хооронд хэрэгжих төсөлдөө үр тарианы аюулгүй байдлыг тусгажээ. Төлөвлөгөөний дагуу бол тэд ирэх таван жилд үр тарианы жилийн гарцаа тогтворжуулж, 2025 он гэхэд 700 сая тонн хүргэхийг зорьж байна. Мөн будаа, улаан буудай, эрдэнэшиш зэрэг төрөл бүрийн үр тарианы талбайн хэмжээг тэлж, ойролцоогоор 117 сая га болгохоор зорьжээ.

Хятадын үр тарианы хоёр голлох бүтээгдэхүүн бол шар буурцаг, эрдэнэшиш юм.

Шар буурцаг

Шар буурцагийг ихэвчлэн амьтны гаралтай хоол хүнс, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд ашигладаг. Үүнээс гадна малын тэжээлд түлхүү ашиглаж байна. Мөн хүнсний хэрэглээний тосны 40 орчим хувийг шар буурцгийн тос эзэлнэ. Хятад улс шар буурцгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвт ордог бөгөөд хамгийн том импортлогч орон юм. Хөдөө аж ахуйн яамны статистик мэдээллээс харахад дотоодын хэрэглээний 80 гаруй хувь нь импортоос хамааралтай байдаг ажээ. Шар буурцгийн импортын хараат байдлаа бууруулж, бие даах чадвараа нэмэгдүүлэх нь Хятадын эрх баригчдын томоохон зорилт болоод байна.

Эрдэнэшиш

Хэдийгээр Хятад улс газар нутгаараа дэлхийн хамгийн том эрдэнэшиш тариалагч боловч нийт үйлдвэрлэл нь хэрэгцээнийхээ хэмжээнд хүрэхгүй байна. 2021 онд 28.35 сая тонн эрдэнэшиш импортлосон нь өмнөх оноос 152 хувиар өссөн үзүүлэлт юм. 2020 онд 11.3 сая тонн байжээ. Ихэнх эрдэнэшишийн импортыг АНУ, Аргентин, Бразил, Украин улсаас авсан байна.

Гэсэн хэдий ч Бээжин эрдэнэшишийн импортын эх үүсвэрээ үргэлжлүүлэн төрөлжүүлж, тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд аль боломжоороо дотоодын үйлдвэрлэлээ дэмжих төлөвлөгөөтэй байна. 2013 онд “Бүс ба Зам” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойш Хятад улс эрдэнэшишийн импортоо төрөлжүүлэх сонирхолтой болсон. “Бүс ба зам”-аас өмнө АНУ нь Хятадын хамгийн том эрдэнэшиш нийлүүлэгч байсан бөгөөд 2011-2012 онд 5.1 сая тонн эрдэнэшиш нийлүүлжээ.

Энэ нь Хятадын нийт эрдэнэшишийн импортын 99 хувийг бүрдүүлсэн гэхэд болно. Харин 2019 он гэхэд Украин улс Хятадын эрдэнэшишийн хамгийн том нийлүүлэгч болж, импортын 80 гаруй хувийг бүрдүүлсэн. АНУ-ын импортын хэмжээ ийн буурсан нь хоёр улсын худалдааны дайнтай их бага хэмжээгээр холбогдоно.

ГЕНЕТИКИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ҮР ТАРИА ТАРИАЛАХ ШИНЭ ЖУРАМ БАТЛАВ

Хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх өөр нэг томоохон хүчин зүйл бол генийн өөрчлөлттэй үр тариа. Хятад улс генийн өөрчлөлттэй үр тариа тариалсан анхны улс боловч олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалаад арилжааны ажил нь төдийлөн сайн ахиагүй. Тиймээс тус улсын хүнсний бодлого боловсруулагчид биотехнологийн үржүүлгийн салбарт ахиц дэвшил гаргахыг зорин ажиллаж байна. Тухайлбал, ийм төрлийн үр тарианы дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд генийн өөрчлөлттэй үр тариа тариалахыг зөвшөөрсөн шинэ журам батлах болсон. Ингэснээр олон сая тонн үр тариаг бусад улсаас импортлохгүй болох юм. Генийн өөрчлөлттэй үр тариаг туршилтаар тариалж эхэлснээр нийт ургацын хэмжээг 6.7-10.7 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.

Хятад улс дотоодын үр тарианы үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийг оролдсоноор нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй. Гэвч тэд олон хүчин зүйлээс шалтгаалж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилт тавьсаар байгаа нь зөвхөн Хятад төдийгүй дэлхийн олон орны анхаарууштай асуудал болж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж