Жилийн засал 200-900 мянган төгрөгийн хооронд хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Жилийн засал 200-900 мянган төгрөгийн хооронд хийж байна

Жилийн засал 200-900 мянган төгрөгийн хооронд хийж байна

Шинийн 15-наас урьтаж засал номоо хийлгэх иргэд Гандантэгчэнлин хийдийг олноор зорин очдог. Энэ удаад ч мөн ялгаагүй төв ганданд хүн зөрөх зайгүй болжээ. Тодруулбал, шинэ хуучрахаас өмнө бар жилийн заслаа хийлгэх иргэд гандангийн касс болон нэмэлтээр гарсан бичээч лам нарын өмнө урт дараалал үүсгэсэн байна. Нэг бичээч дээр 20-30 хүн нийт тухайн зааланд 200 орчим хүн бөөгнөрчээ. Лам нар болон ажилчид зохицуулалт хийж байгаа ч цахим дугаар олгох машин нь ажиллахгүй байгаа учраас иргэд ийнхүү оочерлохоос өөр аргагүйд хүрсэн гэв. Монголчууд сар шинээр засал номоо хийлгэхдээ уламжлалаа дагахыг илүүд үздэг. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг нь тогтсон үзэгдэл болоод удаж буй.  Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгаж эхлээд хоёр жил болж байгаа ч сүсэгтнүүд гэр бүлээрээ зорин ирэх нь багасаагүй гэдгийг лам нар хэлж байв.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ТОМ НОМУУДЫГ УНШДАГ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохын хэлснээр тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд л жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгааждаг хялбар үйлчилгээ аж. Гэсэн ч иргэд гандан дээр биечлэн ирэхийг илүүд үзэж байна. Үүнийг буруутгах аргагүй бөгөөд сүсэгтнүүдэд хүндрэл учруулахгүйн тулд тодорхой зохицуулалтыг хийж, нэмэлтээр бичээч нарыг гаргасан гэсэн юм. Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй аж.

Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг байна.

Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн ч шинийн 8-наас хойш танхимаар ирж уншуулах сүсэгтний хөл даржээ. Уг нь цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэнд тооцогддог ч үүнийг хүмүүс төдийлөн сайшаахгүй байлаа.

ЖИЛИЙН ЗАСЛЫН НОМ 200-500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Заслын номын үнэ багадаа 500-1000 төгрөг, дундаж нь 20-50 мянган төгрөг бол ховор уншигддаг ном буюу Дарь-Эхийн мандал зэрэг нь 100-200 мянган төгрөг байгаа аж. Жилийн засал номын хувьд гэр бүлээс нэг нь төлөөлөж уншуулах тохиолдол олон ч ихэнх хүн ам бүлээрээ ирж дугаарлан зогсож харагдана. Асуувал ном, хуралд даган баясана гэдэг бол сүсэг бишрэл учир хүн өөрт зөв, буян үйлдэж байна гэж бодсон л бол гэр бүлээрээ ирэх хүмүүсийг хориглох боломжгүй. Бид чинь ажлаасаа хүртэл чөлөө аваад хүүхдүүдээ хичээлийг нь тарахаар дагуулж ирж байна. Өнөөдөр номоо уншуулахгүй бол маргааш оочер нь дийлдэхгүй. Тэгэхлээр орой, шөнө болох нь хамаагүй. Өнөөдөртөө багатаад л номоо уншуулж байвал болох нь тэр гэцгээнэ. Ганданд ирсэн хүмүүст насны хязгаар байхгүй. Өлгийтэй бөлчраас өндөр настан гээд бүгд л оочер дунд зогсоно. Хүүхэдтэй, жирэмсэн, өндөр настай хүмүүсийн уншуулах номыг оочергүй бичих зохицуулалт хийсэн ч бүх хүн тэрхүү заалтад хамаарч байгаа учраас ийнхүү дараалж зогсох болжээ. Төв гандангийн гадна машинууд хүртэл тэг зогсолт хийсэн байна.

Иргэдээс заслын ном уншуулахад хэдэн төгрөг зарцуулж байгааг асуухад гэр бүлийнхээ заслыг хийлгэж, ламдаа өгөх өргөлөө тооцвол багадаа 200 мянган төгрөг, дээд тал нь 900 мянгаас нэг сая хүртэл болж байна гэлээ. 5-7 ам бүлтэй айл өрхөд бол 200-400 мянган төгрөг шаардлагатай гэлээ.

Жилийнхээ заслыг хийлгэх хүмүүсээс гадна зардал өндөр гаргаж байгаа иргэд бол жил нь орж байгаа, мэнгэ нь голлосон, тусгай засал хийлгэх хүн. Тухайлбал, бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой зурлага гарсан учир эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэхэд багадаа 100 мянган төгрөг зарцуулж байгаа юм байна. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай бөгөөд ном уншуулах, ламдаа барих өргөлийн мөнгөнөөс гадна тавгийн идээ зэрэг шаарддаг гэсэн юм. Тиймээс ном уншуулахад хэрэгтэй идээ, дарцаг, архи зэрэг бусад хэрэглэгдэхүүнийг авахад мөн л 20-50 мянган төгрөг зарцуулж байна гэсэн юм. Сар шинийн өдрүүдэд гандангийн касс хэвийн ажиллаж байна. Хурлын үйл явц нь зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байгаа. Гэхдээ том ном уншуулахад сүсэгтнүүдийг зай бариулах ямар ч боломжгүй байгааг лам нар учирлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
238
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж