Цар тахлын хуулийг цуцалбал ЗГ-ын мөнгөний урсгал зогсоно

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Цар тахлын хуулийг цуцалбал ЗГ-ын мөнгөний урсгал зогсоно

Цар тахлын хуулийг цуцалбал ЗГ-ын мөнгөний урсгал зогсоно

Засгийн газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг өчигдрөөс /2022.02.14/ эхлэн цуцалсан. Ингэснээр  ресторан, баар, кафе үйлчилгээ эрхлэгчид 05:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Ерөнхийдөө Цар тахлын хуулиас бусад арга хэмжээнүүд ийнхүү цуцлагдаж байна. Угтаа бол хамгийн эхэнд Цар тахлын хуулийг цуцалсны дараа дээрх шийдвэрүүдийг гаргах ёстой байсан гэдгийг эдийн засагчид шүүмжилж байна. Ингээд тэдний байр суурийг хүргэе. 


ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА 16.5 ИХ НАЯДЫН ОРЛОГО ТАСРАХ ЭРСДЭЛТЭЙ

Эдийн засагч Б.ЭНХБАЯР:

-Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Цар тахлын хуулиа сунгачхаад дараа нь ийм арга хэмжээ авч байгааг огт ойлгохгүй байна.  Цар тахлын хуулиа цуцлахгүй бол Мэргэжлийн  хяналт, цагдаагийн алба хаагчид аль нэг байгууллага дээр очоод "Та нар Цар тахлын хууль зөрчиж байна" гэж хэлээд  арга хэмжээ авах эрх нь хэвээр гэсэн үг.  Хаврын чуулган эхлэхээр УИХ-ын гишүүд эсхүл Засгийн газар өөрөө санаачлаад Цар тахлын хуулийн хэрэгжилтийг цуцлах боломжтой. Тэгж  байж хууль зөрчилгүй болно. Цар тахлын хуулийг халдвар дуусаагүй хүндрэлтэй байна гэх шалтаанаар 2021 оны арванхоёрдугаар сард сунгасан. Сунгуулах бүртээ л ингэж хэлдэг. Тэгвэл Цар тахлын хуулийг сунгаснаас хойш хоёр сарын дараа нөхцөл байдал сайжирсан хэрэг үү. Үүнд Засгийн газар үндэслэлтэй тайлбар хийх хэрэгтэй. Улмаар УИХ-д танилцуулаад Цар тахлын хуулийг хүчингүй болгох нь зөв. Бүх төрлийн үйл ажиллагаа цар тахлын өмнөх 2019 оны түвшинд  очих ёстой. 

Үйлчилгээний байгууллагууд эдийн засагт  үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй бага.  Тиймээс богино хугацаанд үйл ажиллагаа нь сэргэж татвар төлнө гэж байхгүй л дээ. Учир нь, эхний ээлжид алдагдлаа нөхнө. Харин экспортын нүүрс  түүхий эдийн гаргалтыг л сайжруулахгүй бол эдийн засанг  тун амаргүй нөхцөл байдалд байна. Хилийн хязгаарлалтаас болоод 2022 оны нэгдүгээр улиралд түүхий эдийн экспорт маш бага гарна. Нэгдүгээр улиралд ялангуяа оны эхний хагас жилд төсвийн орлого экспортын бүрдэлт аль, аль талдаа тааруу л үр дүнтэй гарах болов уу. Хилийн боомтын үйл ажиллагаа одоогоор хязгаарлалттай бүрэн нээгдээгүй тохиолдолд энэ оны нүүрсний экспорт 20 сая тонноос илүү гарж чадахгүй.  Төсвийн төлөвлөж байгаа 16.5 их наядын орлого тасрах эрсдэлтэй.

Хилийн боомтуудыг сайжруулах асуудал аль 2018-2019  онд түүхий эдийн үнэ ханш  сайн, төсвийн орлого өндөр байх үед  яригдаж байхад  техник эдийн засгийн үндэслэлээ хийж  болох л байсан. Гэвч тэр үед мөнгөтэй сайхан байна гээд хөөрч давхисаар хийх ёстой ажлаа хийлгүй  одоо асуудалтай нүүр тулаад эхлэхээр "Манай боомтын хүчин чадал муу. Өчнөөн ажил дутуу юм байна" гэдгийг ойлгож байна.  Энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  төмөр замыг ашиглалтад оруулна гэж яриад байгаа боловч яг газар дээр нь очсон хүмүүс энэ онд ашиглалтад орохооргүй гэж ярьцгааж  байна. Учир нь төмөр зам экспортын чиглэлд биш зөвхөн Цагаанхадны чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Энэ жил тууз хайчлаад төмөр замаа ашиглалтад хүлээж авсан ч төмөр зам экспортод  нэмэр болохгүй. Төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулна. Урд хөрш хүлээн зөвшөөрвөл холболтоо барина. Терминалаа аль талдаа барихаа шийднэ. Энэ болгоныг ярьсаар байтал хоёр жил өнгөрнө.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН   ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛ НЬ ДУТААД БАЙНА

Эдийн засагч Ц.ДАВААДОРЖ:

-Ресторан, баар, кафе үйлчилгээ эрхлэгчид 05:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг болсноор эдийн засагт шууд нөлөөлөх нь юу л бол. Нийт массыг хамарсан зах зээлийн нөлөөлөл өндөр аж үйлдвэрийн салбар биш  хэсэг  бүлэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа нэмэгдээд ирэхээр бусад салбарт нөлөөлөх нь нөлөөлөл бага. Харин хүнсний салбарт үзүүлэх нөлөөлөл 2-3 сарын дараа гарч ирнэ.  Угтаа бол цаг зуурын шийдвэрээс илүү жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого л хэрэгтэй байна.  10 их наядын хөтөлбөрийг эргээд харахад  арилжааны банкуудыг ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн дүр зураг харагдсан. Ер нь тээвэр логистикийн  системийг сайжруулахгүйгээр цааш явахгүй гэдэг нь өнгөрсөн 20-30 жилд харагдлаа. Ялангуяа сүүлийн хоёр жилд энэ нь бүр  ч ихээр мэдрэгдлээ.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцалсан бол Цар тахлын хуулийг ч мөн  цуцлах шаардлагатай. Яаж ч бодсон ийм л зарчим үйлчилмээр санагдах юм.

Цар тахлын хуулийн хүрээнд  хөрөнгө оруулалт, зарцуулалт, тендергүй худалдан авалт хийх гээд онцгой хуультайгаар бүх асуудлыг Засгийн газар шийдэж байна. Хэрэв хуулийг цуцалбал Засгийн газрын мөнгөний урсгал нь зогсчихно гэж бодож байж магадгүй.

Ерөнхийдөө улс төрийн нөлөөлөл байж магадгүй гэж би хувьдаа бодож байна. "Шинэ сэргэлтийн бодлого" гэх нэртэй  сүржин  хөтөлбөр нь цаасан дээрх жагсаалт хэлбэрээр үлдчих вий гэх болгоомжлол байна. Гол цөм шалтгаанаа олж барьж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  эдийн засгийн мэдлэг, боловсрол нь дутаад байна. Өмнө нь баахан сүртэй нэртэй  олон төсөл хөтөлбөр гаргасан. Өдийг хүртэл явж ирсэн олон төсөл хөтөлбөр бодлого нь үндсэндээ нэг л намын боловсруулсан зүйл шүү дээ. Энэ байдалдаа Л.Оюун-Эрдэнэ  ерөөсөө дүгнэлт хийхгүйгээр дараагийн “хүслийн” жагсаалтаа гаргаад байхаар итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.  Тэр бодлогын энэ нь зөв байсан, ингээд явах байсан одоо харин энэ нь алдаатай байна үүнийгээ засаарай гэх дүгнэлтийг хийх  гэхээр  мэдээлэл үнэхээр дутмаг байна. Ийм зүйлээ хийхгүйгээр дараагийн бодлогоо тодорхойлоод байгаа нь нэг л авцалдаагүй, залгамж чанар нь ч байхгүй. Шинэчлэл нь ч сайн харагдахгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж