Даатгалын мөнгө “далд” байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Даатгалын мөнгө “далд” байна уу?

Аливаа улсын тэргүүлэх салбарын нэг болох Эрүүл мэндийн салбар нь хөгжлийн нэг гарц гэдэг санагдана. Гэтэл улсын төсвийн нийт зардалд эзлэх эрүүл мэндийн зардал  2005-2008 онд 5-3 хувь болтлоо буурчээ. Харин энэ оны тухайд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 76 тэрбум төгрөг буюу нийт төсвийн зардлын таван хувийг л эзэлж байна. Улс орны төсвийн нийт зардлын зургаагаас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  зөвлөмж манай оронд хэрэгжихгүй байгааг дээрх тоо харуулж байна. Манай улсын иргэдийн 70 гаруй хувь нь эмнэлгийн үйлчилгээ авахдаа албан бус төлбөр төлдөг гэсэн судалгаа гарчээ.

Өндөр хөгжилтэй оронд эрүүл мэндийн зардалд жилд 2000 ам.доллар ногддог бол манайх шиг буурай хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 35 ам.доллар байдгийг ДЭМБ-аас гаргасан байна. Гэтэл ийм хэмжээний зардлыг манайхан гаргах нь бүү хэл талд нь ч хүрдэггүй даатгалтай . Иргэдийн эрүүл мэндийн баталгаа болсон даатгалын мөнгө чухам хаана юунд зарцуулагдаж байна вэ.

Өвчин гэдэг хэлж ирдэггүй. Гэтэл манайд иргэд эмнэлгийг зорих нь байтугай төлбөрийн дарамтаас болж эмчлүүлж чадахгүй байсаар хорвоог орхиж буй тохиолдол олон. Өнөөгийн нийгэмд бэл бэнчинтэй нэг нь хувийн эмнэлэгт төлбөр төлөөд эмчлүүлдэг. Гэтэл манай иргэдийн дийлэнх нь дунд буюу дундаас доогуур амьдралтай. Хямд бас найдвартайд нь итгэн улсын эмнэлэг зорьдог ч, эмнэлгүүд хүнд суртал ихтэйгээс гадна, хуулинд заасан мөнгөн хураамжийг хэд нугалан авах тохиолдол элбэг. 1990 оноос хойш өдгөө хүртэл манай улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоо  ихээхэн алдаа дутагдалтай байсан. Учир нь өнөөдрийн байдлаар манай орны хүн амын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг боловч эрүүл мэндийн байгууллагаар тэр хэмжээндээ үйлчлүүлэх тал дээр учир дутагдалтай байдаг гэдэгт хэн ч маргахгүй биз. Улсын гэх тодотголтой клиник эмнэлэгүүдэд үзлэг, оношлогоог зөвхөн эрүүл мэндийн даатгалын дэвтрээ харуулааад үйлчлүүлнэ гэдэг бол  зангууны үлгэр.  Хэвтэж эмчлүүлнэ гэдэг бол бүр холын асуудал. Үзлэг, оношлогооны гэх төлбөрийг нь төлөх, эсвэл танил талаараар дамжуулах зэргээр шийдвэрлэхгүйгээр нааштай үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.

Олны дунд “гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийг заавал эмч болгох хэрэгтэй” гэсэн сургамж яриа гарах болж. Энэ ч гэсэн бодит амьдралаас урган гарсан үг. Үндсэн хуулиндаа “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, ингэхийн тулд эмнэлгийн үйлчилгээг даатгалаар дамжуулан үнэ төлбөргүй эдэлнэ” гээд заачихсан байдаг. Өндөр настай, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс даатгалд үнэ төлбөргүй хамруулдаг бөгөөд бусад тохиолдолд манай улсын дундаж орлоготой иргэн бүр сард дунджаар 3-8 мянган төгрөгөөр эрүүл мэндээ төрд даатгадаг. Тэдгээр иргэд хамрын ханиад хүрлээ гэхэд эмийн сангаас эм аваад уучихна, шүд өвдлөө гэхэд төлбөр төлж үзүүлнэ, эрхтэн өвдлөө гэхэд рентген зураг төлбөртэй авахуулна. Энэ мэтчилэн сар бүр, жил тутам төлсөн даатгалын мөнгөөр чухам  хэзээ, хаана үйлчлүүлэх нь бүрхэг. Ингээд бодохоор эрүүл мэндээ хамгаалуулна гээд төрд хадгалуулсан мөнгө сардаа байтугай жилдээ, цаашлаад хэдэн жилдээ бидэнд хүртдэггүй жишээ олон. Өнгөрсөн өвөл дээр дооргүй айдас дагуулсан халдварт гахайн ханиадны үеэр “олон жил даатгуулсны хэрэг сая л нэг юм гарч, вакцинд төрөөс үнэ төлбөргүй хамруулах байх” гэсэн жирийн иргэдийн горьдлого талаар өнгөрсөн.

Тэгэхээр даатгалд хамрагдах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байгаа энэ үед дахиад Хүний хөгжил сангаас олгох сая төгрөгийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа бүрэн оношлуулах, эмчлүүлэх эрхийн бичиг маягаар олгох талаар яригдаж байна.  Уг нь даатгуулсан иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ нэг удаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын дээд хэмжээ буюу өнгөрсөн оны байдлаар 910000 төгрөг байна гээд тогтоочихсон хирнээ энэ хэмжээний хөнгөлөлт урамшуулал эдэлдэг нь хэд байгаа билээ. Мөн дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй иргэнд нэг удаагийн эрүүл мэндийн бүрэн үзлэг хийлгэх эрх олгож, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах ёстой гэх зэрэг цагаан цаасан дээр хараар бичсэн билэгдэл маягийн  хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь олон заалт бүхий энэ хуулиндаа эхлээд хяналт тавьж ажилламаар л байна.

Нөгөөтэйгүүр үйлчилгээний салбаруудад үүрэг хариуцлагыг тодорхой болгохгүйгээр мянгантаа даатгалын хуулиа сайжруулаад нэмэргүйг ойрын хэдэн жилийн хугацаанд эрүүл мэндийн тогтолцоо хангалттай харууллаа. Одоогоор эрүүл мэндийн даатгалд төлж буй бидний мөнгө Улсын нийгмийн даатгалаар дамжин, улсын төсөвт орж, эргээд эрүүл мэндийн салбарт өчүүхэн хэсэг нь ноогдог нь нөгөө талаар үйлчилгээнд нь ч сөрөг нөлөө үзүүлж байж болох юм.  Он гарсаар холбогдох яамнаас хамтарсан ажлын хэсэг байгуулан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажилдаа орсон.

Сайндаа ч биш, “Хүний хөгжил сангийн тухай хууль” батлагдсанаар иргэн бүрт хувь хишиг хүртээх хөрөнгө оруулалтаас тодорхой хэмжээний “хөрөнгө татах төлөвлөгөө”-г эрүүл мэндэд зарцуулах ваучер маягаар эргүүлэн “саах” гэсэн  бодлого бололтой. Сонгодог утгаар нь эрүүл мэндийн байгууллагаар жилд нэг удаа тэр хэмжээний өртөг бүхий /сая төгрөг буюу хувь хишиг/ час хийсэн чанартай үзлэг оношлогоонд хамрууллаа гэхэд улсын тодотголтой эмнэлгүүд ийм ачаалал даах чадвараа ч тооцож үзэх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалаар оролцогч   талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох  бололцоог олгох тухай хуулинд нарийвчлан заах ёстой. Эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зэргээр хуулиндаа нарийвчлан зааж өгөхгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эрхийн бичгийг иргэдэд өгөх нь хэр оновчтой юм бол. Ер нь ч хувь хишгээ ямар хэлбэрээр авах нь иргэдийн л сонголт байх учиртай. Тийм болохоор асуудал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз.

Д.Долгор    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж