Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар бизнес эрхлэгчдээ дэмжихээр зарим захирамж шийдвэрийг гаргасан. Тодруулбал, өчигдөр А/176, А/177 захирамж гаргаж, хоёр захирамжийн хүрээнд сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлдэг зарим аж ахуй нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоох тухай захирамж гарсан юм.
Тэрбээр энэ шийдвэртэй холбоотойгоор "Улаанбаатар хотын иргэдийнхээ ухамсарт итгэж байгаа. Бид бүхэн хэрэглээний соёлтой байх ёстой. Бүгдийг захиргааны аргаар хүчлэн хааж, эрхийг нь хязгаарласан зохицуулалтаар явахгүй. Бүх худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань иргэддээ соёлтой үйлчлээрэй" гэж твиттерт жиргэжээ.
Архидан согтуурахтай холбоотой түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр нь цаад утгаараа дамын наймаа худалдааг, ахуйн архидалтыг өөгшүүлдэг. Үүний оронд соёлтой зөв хэрэглээ, зөв үйлчилгээ, үүнийг дэмжсэн бодлого шийдвэрийг гаргах нь зүйтэй гэдэг байр суурийг хотын дарга баримталж байгаа аж.
Хотын даргын захирамжаар:
- Хүнс худалдааны газар шөнийн 12:00 цаг хүртэл ажиллана
- Баар, ресторан, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээний газар хэрэв зориулалтын байртай бол үүрийн 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой
- Зориулалтын бус буюу нийтийн орон сууцны доор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 12:00 цаг хүртэл ажиллана.
- Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд зориулалтын байртай бол 24 цагаар ажиллах боломжтой. Харин орон сууцны доор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 12:00 цагт хааж, өглөө 06:00 цагт үйл ажиллагаа нээнэ.
- Ая тухтай дэлгүүр зориулалтын байртай бол 24 цаг ажиллахаар болсон юм.
Холбоотой мэдээ