Хойд Солонгос улс удирдагч агсан Ким Жон Илийн мэндэлсний ойг тохиолдуулан дурсгалын зоос гаргана гэж өнөөдөр мэдэгдлээ. Одоогийн удирдагч Ким Жон Уны эцэг Ким Жон Илийн мэндэлсний 80 жилийн ой маргааш /2022.02.16/ болох бөгөөд үндэстний бахархал болсон энэ өдөрт зориулан алт, мөнгөн зоос гаргахаар Ардын дээд хурлын байнгын хорооноос шийдвэрлэв.
Зоосны нэг талд Ким Жон Илийн нүүр царайг, нөгөө талд нь тус улсын хамгийн өндөр оргил болох Пэкду уулыг сийлжээ. Удирдагч агсан Ким Жон Ил нь Пэкду уулын бэлд төрсөн гэдэг. Хойд Солонгос улс түүхэн тэмдэглэлт ой, үйл явдлуудад зориулан зоос гаргах нь бий.
Удирдагч агсаны мэндэлсэн ойд зориулж бусад янз бүрийн арга хэмжээ, цэргийн парадыг зохион байгуулж байна. Тухайлбал, Социалист эмэгтэйчүүдийн холбооны үдэшлэг, талийгаач удирдагчийн ололт амжилтын талаар илтгэл тавих симпозиум, хоол хийх уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй аж. Түүнчлэн гурван өдрийн турш Пёньянд урлагийн тоглолт зохион байгуулж буй бөгөөд сонирхолтой зургуудаас нь та бүхэнд хүргэе.
Эх сурвалж: YONHAP