Эрээнд овоорсон чингэлгүүдийг сугалаагаар нэвтрүүлж байна!

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Эрээнд овоорсон чингэлгүүдийг сугалаагаар нэвтрүүлж байна!

Эрээнд овоорсон чингэлгүүдийг сугалаагаар нэвтрүүлж байна!

Замын-Үүд-Эрээний боомтоор ачаа тээврийг нэвтрүүлснээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэсэн ч хилийн цаана овоорсон ачааг татахад тээврийн зардлаас авхуулаад оочер дараалал үүсэх, бараа хүлээгдэх зэрэг асуудал цэгцэрсэнгүй. Саяхнаас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсноор иргэдийн бухимдлыг төрүүлжээ.

Энэ талаар ЗТХЯ-ны  Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодруулахад  “Хятадын талаас ачаа тээврийг шударга зарчмаар  нэвтрүүлэх зорилгоор сугалаагаар өдөрт 60 чингэлэг нэвтрүүлж байгаа гэх мэдээллийг авсан. Сугалаа сугалахаар оочер дараалал гэж байхгүй болох байх. Тус улсаас сугалааг зохион байгуулах бүх асуудлыг хариуцаж байгаа тул бидэнд тодорхой мэдээлэл байхгүй. Ямартай ч цагаан сарын дараа сугалаагаар ачаа тээврийг нэвтрүүлж эхэлсэн. Тяньжин боомтод сүүлийн долоо хоногийн байдлаар 4200 гаруй чингэлэг ачаа хүлээгдэж байна гэсэн мэдээлэл байна” гэлээ.

Тус яамнаас өдөрт 65-68 чингэлэг тээврийг нэвтрүүлж байгаа тухай өмнө нь мэдээлж байв. Мөн төмөр замаар хоног 200-300 чингэлэг ачааг нэвтрүүлж байгаа аж. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн  Олон улсын тээвэр зуучлалын төвийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Бид өдөр бүр Тяньжин боомтоос хоёр галт тэргээр чингэлэг татан авч байна. Энэ нь дунджаар 200-300 чингэлэг гэсэн үг. Сард дунджаар 2600 орчим чингэлэг ачаа нэвтрүүлж байна. Өнгөрсөн Баасан гаригийн байдлаар 3000 орчим ачаа байна гэсэн мэдээлэл байгаа” гэлээ.

Ачаа тээврийг сугалаагаар зохион байгуулж нэвтрүүлэх болсонд иргэд бухимдаж байгаа юм. Карго үйлчилгээ болон бараагаа татан авч чадаагүй иргэдийн хувьд сугалаа нь хэзээ бараагаа хилээр нэвтрүүлэх нь тодорхойгүй нөхцөл үүсч байгааг шүүмжилж байгаа юм. Тэдний төлөөлөл “Хишиг” карго ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэн Г.Хатанбаатар “Ачаа тээвэрлэлтийн нөхцөл  хүндхэн байгаа. Өмнө нь автомашинаар ачаа тээврийг нэвтрүүлдэг байхад ямар нэгэн хүндрэл гарч байгаагүй. Одоо чингэлэг тээврийг нэвтрүүлснээс хойш улам асуудалтай болсон. Дээр нь сугалаагаар ачаа тээврийг нэвтрүүлэх болсон нь маш ойлгомжгүй. Ямартай ч сугалаанд орох хүртэл хэзээ бараагаа татаж хилээр нэвтрүүлэх нь тодорхойгүй болчихлоо.

Бидний хувьд ачаагаа татан аваагүй 20 гаруй хоног өнгөрч байна. Манай каргогоор 2500 орчим хүн бараа ачуулсан. Мөн л хүлээж байгаа. Зам тээврийн сайд Л.Халтар Хятадын талтай ачаа тээвэрлэлтийн асуудлаар ойлголцож сайн тохиролцоонд хүрч чадаагүй. Ажлаа мэдэхгүй хүн л сайд боллоо гэж харж байна. Ачаа тээвэрлэлтийн асуудал бол хоёр улсын хоорон дахь тохиролцооны л үр дүн шүү дээ”  гэсэн юм.

Харин албаны хүмүүс цаашид ачаа тээвэрлэлтийг илүү тод нээлттэй болгох тухай ярьж мэдээлж байгаа. Энэ тухай Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Цар тахлаас үүдэлтэй хил, гааль, боомт дээр үүсээд буй нөхцөл байдал бидэнд аль аль талдаа хамтарч ажиллах шаардлага бий болгож байна. Тиймээс бид өөрийн орны тээвэр, логистикийн байгууллагын төлөөлөгч нартай уулзаж, тээвэр зуучийн мэдээллийн нэгдсэн бааз байгуулах талаар судалж байна” гэдгийг өмнө нь хэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж