АНУ-ын Техас мужийн шүүхээс Мета компанийг хэрэглэгчдийн хувийн мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэв. Тодруулбал, Мета буюу бидний мэдэх Фэйсбүүк компани 10 жилийн туршид олон сая хэрэглэгчийн мэдээллийг царай танилтын технологи ашиглан хууль бусаар цуглуулсан гэжээ. Мета компани Техасын биометрийн мэдээллийн тухай хуулийг хэдэн тэрбум удаа зөрчсөн гэж өчигдөр /2022.02.14/ гаргасан нэхэмжлэлд дурджээ.
Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар бусдын зургийг нийтэлснийхээ дараа “tag” хийх буюу нэр усыг нь дурьдах замаар хэрэглэгчдийн нүүр царайны мэдээллийг цуглуулсан гэв. Ингэж бусдын зургийг “tag” хийх функц нь одоо ажиллахаа больсон билээ. Уг функц нь зураг дээрх нүүр царайг автоматаар таниж “tag” хийхийг санал болгодог. Түүгээр ч барахгүй фэйсбүүк хэрэглэдэггүй хүмүүсийн царайг хүртэл шинжлэн тогтоодог байна.
Өмнө нь Иллинойс мужийн шүүхээс мөн ижил төрлийн зарга үүсгэж Мета компани 650 сая ам.долларын торгууль төлсөн. Уг үйл явдлаас хэдэн сарын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сард энэ функцээ идэвхигүй болгоно гэдгээ фэйсбүүк зарласан. Мөн нийт цуглуулсан мэдээлэл болох дор хаяж 600 сая хэрэглэгчийн мэдээллийг бүгдийг нь устгана гэдгээ зарласан.
Харин Метагийн зүгээс уг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж мэдэгджээ. Хэрвээ тэд Биометрийн тухай хуулийг зөрчсөн нь батлагдвал 25 мянган ам.доллар, Техасын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн нь тогтоогдвол 10 мянган ам.долларын торгуулийг тус тус төлөх юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ