АН-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл /2022.02.15/ хийлээ. Бүлгийн дарга Д.Ганбат “Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Энэ хугацаанд Хөгжлийн банк маш том луйврын систем болчихсон байна. Өнөөдөр мэдэгдэж буйгаар 3.2 их наядын 55 хувь нь чанаргүй зээл гэсэн статустай байна. Монгол Улс Зүүн Хойд Азидаа хамгийн ядуу улс болчихсон байна.
Сэтгүүлчид Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьж байгаа нь зөв. МАН зургаан жил засаглажээ. Гэтэл хулгай дээрэм, луйвартай яагаад тэмцээгүй юм бэ. Сэтгүүлчид мэдээлэх үүрэгтэй болохоос биш, үүнтэй тэмцэж чадахгүй. Ингээд дуулиан гарахаар хүмүүс зээлээ төлж байна. Цаашдаа Хөгжлийн банк луйврын систем рүү явах байдлыг таслан зогсоох ёстой. Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт явуулах УИХ-ын түр ажлын хэсэг байгуулах санал гаргаж байна. Энэ уриалгыг 19 гишүүнд хүргүүлнэ. Хөгжлийн банкны луйврын асуудлаар түр хороо байгуулъя. Хуулийн дагуу энэ хэргийг шийтгүүлэх бодолтой байна" гэсэн мэдээллийг өглөө.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Хөгжлийн банктай холбоотой хяналт шалгалтын түр хороо байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, хяналт шалгалтын үр дүн гарвал аудит хийе. Үнэхээр зөв шалгасан юм уу гэдэгт АН-аас тусгай хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, мэргэжлийн түвшинд хууль, эдийн засаг, банк санхүүгээр давхар аудит хийж бодит үнэнийг гарган тавья гэж байгаа юм.
ЖДҮ-г УИХ-ын 50 гишүүн тоносон тухай асуудал яригдсан. Гэтэл гурав, дөрвөн гишүүн гишүүнд хариуцлага тооцоод бусад нь төрийн өндөр албан тушаал хашаад явж байна.
Хөгжлийн банк энэ зам руу орох вий гэсэн болгоомжлол байна. Хэсэг бүүлэг нөхөд зохион байгуулалттайгаар төрийн мөнгийг шамшигдуулж, сенсаци тарьж байснаа хэргийг замхруулдаг байдал хэвийн үзэгдэл болжээ. МАН-ын удирдлагууд удаа дараа мэдэгдэл хийлээ. Хэрвээ Хөгжлийн банкнаас зээл авсан нь тогтоогдвол намаас хасах талаар яриад байгаа. Намаас хасах нь шийтгэл биш гэж харж байна. Тэр этгээдүүд хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Ард түмний боломжийг хулгайлдаг улстөрчидтэй болчихжээ. Тиймээс АН-аас Хөгжлийн банкны асуудалд тухайн шалгасан ажлын хэсэгт биш үр дүнд аудит хийе гэж байгаа юм.