Монгол Улс “Газпром”-д олон сая доллар хэмнэхэд тусална

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Монгол Улс “Газпром”-д олон сая доллар хэмнэхэд тусална

Монгол Улс “Газпром”-д олон сая доллар хэмнэхэд тусална

ОХУ-ын Үндэсний эрчим хүчний хүрээлэн "Сибирийн хүч-2" хийн хоолойн маршрутын ашиг тусын талаар тайлбар хийжээ. Шинжээчид “Gazeta.ru”-д өгсөн ярилцлагадаа тус хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулснаар “Газпром” олон сая доллар хэмнэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа энэхүү мэдээллийг онцоллоо.

Эрхүү муж, Буриадын нутгаар дамжин өнгөрөх тус хоолой Алтайн өндөр уулархаг бүс нутгуудад тулгарах эрсдэлээс зайлсхийх боломж олгохын зэрэгцээ Зүүн Сибирь, Алс Дорнодыг хийн хангалтыг эрчимжүүлнэ. Гэвч бүх зүйл тийм ч хялбар биш бөгөөд шинэ маршрут нь үзэсгэлэнт Тунка хөндийн экологид аюул учруулж болзошгүй юм.

ШИНЭ МАРШРУТ

“Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Шинэ маршрут Эрхүү муж болон Буриадын гурван бүс нутгаар дайран өнгөрнө. Төслийг хэрэгжүүлэх явцад орон нутгийн айл өрхүүдийг шингэрүүлсэн хийгээр хангах боломжийг харгалзан үзнэ гэж Бүгд Найрамдах Улсын Зам тээвэр, хөгжлийн болон Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.

Анх "Сибирийн хүч-2"-ын маршрут Алтайгаас шууд Хятад руу чиглэлтэй, Монгол зэрэг гуравдагч орнуудыг тойрч гарахаар байв. Шинэ маршрутаар хийн хоолой Эрхүү мужаас эхэлж, хойноос урагш Зима, Саянск, Черемхово хотуудаар дамжина. Дараагийн гол цэг нь Тунка хөндий байх бөгөөд тэндээс Монголын хил орчмоор дамжин, Буриадын Кяхтинск, Закаменскийн бүс нутаг руу эргэж, Хиагт хотын ойролцоох нутгаар хил давна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр хий "Сибирийн хүч-2"-ын өргөтгөл буюу "Союз Восток" хоолойгоор дамжин өнгөрч, Хятадын хилд хүрэх аж.

Төсөл хэрэгжсэний дараа Орос улс түүхэндээ анх удаа Баруун Сибирээс баруун болон зүүн тийш шатахуун нийлүүлэх боломжтой болно. Ойрын 10-15 жилийн дотор хийн зах зээлийн хэрэглээг жилд 550 тэрбум шоо метрт хүргэх аж. Төлөвлөгөө ёсоор “Сибирийн хүч-2”-ын барьж байгуулах ажил 2030 он гэхэд дуусна.

ЗҮҮН СИБИРЬ, АЛС ДОРНОДЫГ ХИЙЖҮҮЛЭХ НЬ

"Газпром"-ын шинэ төсөл Хятадад нийлүүлэх түлшний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд зогсохгүй Зүүн Сибирь, Алс Дорнодын алслагдсан бүс нутгийг хийгээр хангах ажлыг эрчимжүүлэх ач холбогдолтой. Юуны өмнө энэ нь Буриадын нийслэл Улаан-Үд хотын оршин суугчид, Эрхүү мужийн алслагдсан, хүрч очиход хүндрэлтэй суурин газруудад хамаатай гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев хэлжээ. Түүний хэлснээр, эдгээр бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар. Мөн Буриадын нүүрсээр ажилладаг дулааны томоохон станцууд болох ДЦС-1, ДЦС-2-ыг хийн түлшинд шилжүүлэх явдал аж.

“Үүний тулд 10-20 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай ШБХ-н жижиг үйлдвэрүүд барих хэрэгтэй бөгөөд “Газпром”-оос хэдэн арван сая ам.долларын зардал гарна. Гэхдээ энэ нь Владивостокт 5-6 тэрбум ам.долларын өртөгтэй томоохон ШБХ-н үйлдвэр барихаас хамаагүй хямд хувилбар. Алс Дорнодын бүс нутгуудыг хийгээр хангах нь эдийн засгийн үр ашигтай” гэж Кондратьев нэмж хэлжээ.

"Газпром”-ын хувьд мянган шоо метр ШБХ тутамд 10-15 мянган рубль байхад хангалттай. Харьцуулбал, ОХУ-д нэг тонн нүүрсний өртөг дунджаар 3-4 мянган рубль байдаг бол байгалийн хийн хувьд илчлэгийг харгалзан үзвэл 5-7 мянган рубльд хүрдэг" гэж тэр тайлбарлав.

“Газпром” Алс Дорнодод ШБХ-н үйлдвэр, терминал барихад хөрөнгө оруулахаар яарахгүй байгаа бөгөөд энэ нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй аж.

Шинжээчид "Дотоодын бөөний үнээр мянган шоо метр тутамд 5-6 мянган рублийн ашиг олно гэдэг үнэхээр хэцүү. Алс Дорнодод ийм үнээр бүх зүйлийг эхнээс нь эхлүүлэх нь “амиа хорлох”-той адил. Үнэ нь дор хаяж 10.000 рубль байвал хамгийн тохиромжтой" гэж дүгнэжээ.

МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ХИЙ ДАМЖУУЛАХ ХУВИЛБАР АШИГТАЙ ЮУ?

ОХУ-ын байгалийн хийг Хятад руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулснаар "Газпром" жилд 48 тэрбум шоо метр шатахуун нийлүүлэх төлөвлөгөөгөө ойрын 10 жилд 55-60 тэрбум хүртэл нэмэгдүүлэх боломжтой” гэж Кондратьев онцлон тэмдэглэжээ.

“Газпром”-д Монголын гэрээний нөхцөл Хятадынхтай ижил байх эрсдэл тулгарч мэднэ. Тэнд газрын тос дамжуулах хоолой барина, тухайн бүс нутагт мянган шоо метр газрын тосны 250-300 ам.доллар. Энэ нь Улаанбаатарын ОХУ-тай хэлэлцээ хийхээр шаардаж байсан усан хангамжийн хувилбараас дээр байгаа нь үнэн” гэж шинжээч тэмдэглэсэн байна.

Монголын эрх баригчдын тавьсан гол санал бол Байгаль нуурт цутгадаг гол мөрний эх дээр томоохон усан цахилгаан станц барих явдал байв. Хэрэв Улаанбаатар төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадсан бол экологийн сүйрэлд хүргэх байсан” гэж Кондратьев хэлжээ.

Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч Александр Фролов “Улаанбаатарыг шинэ маршрутад оруулсан нь “Газпром”-д олон сая ам.доллар хэмнэх боломж олгож байна. Өмнөх хувилбар нь Алтайн нэлээн урт уулархаг хэсгээр дамжих байсан. Монголоор дамжуулан, ялангуяа тэгш газраар хоолой тавигдах учраас илүү хялбар байх юм" гэж тэмдэглэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Монгол Улсын хийн жилийн хэрэглээ харьцангуй бага. Гэрээний үнэ өндөр байсан ч “Газпром” энэ улстай хийсэн худалдаанаас их хэмжээний орлого олж чадахгүй.

Мэргэжилтнүүд 2025-2030 онд тус улсын байгалийн хийн хэрэгцээг гурван тэрбум шоо метр гэж тооцож байна. Харьцуулбал, Хятад 2021 онд л гэхэд 370 тэрбум шоо метр хий хэрэглэжээ. Энэ утгаараа Монголд нийлүүлэх хэмжээг тусад нь авч үзэх нь утгагүй. Энэ бол өчүүхэн хэмжээ юм” гэж дүгнэжээ.

ТӨСӨЛ БАЙГАЛЬ ОРЧИНД ХЭР ЭЭЛТЭЙ ВЭ?

"Газпром" шинэ чиглэлд хийн хоолой тавьснаар эдийн засгийн хүндрэлээс гадна байгаль орчны сорилттой тулгарах эрсдэлтэй. Уг маршрутын дагуу Эрхүү мужийн Тункинскийн байгалийн цогцолборт газраар дамжуулан тоног төхөөрөмж байрлуулна” гэж Кондратьев онцлон тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, “Газпром” хийн хоолой тавихын тулд ойн талбайг огтлох шаардлагатай болно. Нэмж дурдахад, метан алдагдаж, тухайн бүс нутгийн байгаль орчинд аюул учруулж болзошгүй аж. Тэрбээр “Зүүн Сибирь-Номхон далайн газрын тос дамжуулах хоолойтой холбоотой урьд өмнө тохиолдсон явдал давтагдахыг үгүйсгэхгүй. Дараа нь Байгаль нуураас замаа холдуулахын тулд Путин хөндлөнгөөс оролцох шаардлагатай болсон.

Тунка хөндийд учирч болох гол аюул нь хүлэмжийн хийн ялгарлын огцом өсөлт. Нэг тонн метан 20-25 тонн CO2-тэй тэнцэнэ. Зарим байгаль орчны мэргэжилтнүүд энэ коэффициентийг 100 дахин зөрүүтэй гэж үздэг" гэж шинжээч хэлжээ.

Үүний зэрэгцээ Фролов "Сибирийн хүч-2" дамжуулах хоолойн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага гэж илүү өөдрөгөөр харж байгаа аж. Тэрбээр “Газпром “Улаан ном”-д орсон амьтдыг хамгаалах хангалттай технологитой” гээд, 2014 оны Өвлийн олимпийн наадамд зориулан барьсан Жубга-Лазаревское-Сочи хоолойн жишээг дурджээ.

Эргийн бүсэд хоолой тавих боломжгүй байсан тул “Газпром” байгалийн хамгаалалтын бүс чиглэлд өрөмдлөг хийж, тоног төхөөрөмж тавьснаар Тунка хөндийн ой модыг огтлох шаардлагагүй болох аж.

Фроловын хувьд "Сибирийн хүч-2" маршрутын дагуу метан алдагдах эрсдэл хамгийн бага болохыг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр "Орчин үеийн байгууламжуудыг дотоод спектроскоп ашиглан тогтмол шалгах боломжтой" гэж хэлсэн байна. Тэрбээр “Умардын урсгал” 10 гаруй жил ажиллаж байна. Хэрвээ байгаль хамгаалагчид өчүүхэн төдий ч гэсэн алдаа илрүүлсэн бол нэлээн шуугиан дэгдээх байсан. Дамжуулах хоолойн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар ярих нь үнэхээр инээдтэй юм" гэж Фролов хэлжээ.

Эх сурвалж: ГАЗЕТА.РУ, РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж