Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс нээлттэй байна” гэв. Тэрбээр Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар шар түвшинд шилжсэнээр хилээ бүрэн нээж жуулчдад нээлттэй орон болсныг мэдэгдсэн билээ. Түүний хувьд 400 сая жуулчныг эх орондоо авчрах мөрөөдөлтэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үедээ “Монголд 400 сая жуулчин татна” гэж хэлсэн үг нь одоо ч шүүмжлэл дагуулдаг.
Бодит байдал дээр дэд бүтцээ шийдэхгүй бол Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх учир дутагдалтай гэдгийг ч Дэлхийн банк сануулжээ. Судалгаагаар олон улсад санхүүгийн боломжтой аялах сонирхолтой хүмүүсийн 80 гаруй хувь нь Монгол Улсыг мэдэхгүй. Жилд 500 мянга орчим жуулчин хүлээн авдаг байсан энгийн үетэй харьцуулахад сүүлийн хоёр жилд энэ тоо эрс буурч, 1000 руу дөхжээ.
Цар тахлын улмаас уналтад орсон аялал жуулчлалын салбар одоо ч хөл дээрээ тогтож амжаагүй болохыг эл статитистик мэдээллээс харж болохоор. Угтаа бол нүүрс, зэс, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний дараа жагсдаг эдийн засгийн томоохон хөшүүрэг бол аялал жуучлалын салбар.
ЖУУЛЧДААС ОЛСОН ОРЛОГЫГ ЭРГЭЭД АЛДАЖ БАЙНА
Өнөөдөр бид хөрөнгөтэй жуулчдыг татахгүйгээр эдийн засаг тэлж, аялал жуулчлалын салбар хөгжих боломжгүй. Харамсалтай нь, жуулчдаас олох орлогынхоо 80 орчим хувийг эргээд алдаж байна. Уг асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гадаадын аялал жуучлалын томоохон корпорациудтай хамтран ажиллана. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд ч бий.
Өндөр хөгжилтэй орнуудаас ирж буй VIP түвшний жуулчнаас дунджаар 8000 орчим ам.долларын орлого оруулдаг гэх тооцоо бий. Үүний 6400 орчим ам.доллар нь гадаадад үлддэг бол 1600 орчим ам.долларын орлого л Монголд үлддэг.
Тухайлбал, Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдаас олсон орлогын дийлэнх нь эргээд гардаг. Тус улсаас Монголд аялж буй жуулчдын хөтөч нь хүртэл тухайн улсын иргэн байгаа юм. Ийм байдлаар байдлаар дундын ченж байдлын хэлцэл хийж буй компаниуд ч байгаа учраас Засгийн газрын түвшинд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бодлого гаргах ёстой гэж харж байна” гэлээ.
ЗАМ ДАГАСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
Монголыг зорьсон жуулчдад наад зах нь тулгардаг асуудлын нэг бол яах аргагүй ариун цэврийн байгууламж. Бас түр саатах газаргүй. Өнөөх л зам дагуух монгол гэрүүд. Өнөөдрийг хүртэл модон жорлонгоосоо салаагүй. Энэ нь аялал жуулчлалын компаниудад ч бас ичгүүртэй байдгийг салбарынхан хэлсэн. Тэдний төлөөлөл “Лүүк Монголиа” ХХК-ны захирал Т.Баттулга хэлэхдээ “Аялал жуулчлалын салбар бол хүн бүрт хамаатай. Наад зах нь, малчин айлаас авхуулаад супермаркет, ресторан цаашилбал эмнэлэг даатгалын компани, банкны салбарт вальютын орлог төвлөрүүлдэг. Энэ утгаараа аялал жуулчлалын салбар эдийн засагт үр өгөөжтэй.
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааръя гэвэл дэд бүтцийг хөгжүүлэхгүй бол өөр зүйл яриад ч хэрэггүй. Жишээ нь, орон нутагт зам дагуу түр саатаж буудаллах нэг ч үйлчилгээний байгууламжгүй.
Төрөөс жуулчдыг Монголд аялахыг урьж, ирүүлдэг атал стандартын шаардлага хангахгүй байна. Энэ нь өөрөө маш ичгүүртэй. Иймд дэд бүтэц тэр дундаа зам тээвэртэй холбоотой асуудлаа төр шийдвэрлээсэй гэж хүсдэг. Олон улсын стандартаар 100 км тутамд амрах цэгүүд байх ёстой” гэлээ.
ЖУУЛЧИД ТҮҮХЭН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ҮНЭГҮЙ ҮЗЭЭД ӨНГӨРӨХ ЁСГҮЙ
Жилийн жилд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авна, цөм баяжина гэсэн дуусдаггүй мөрөөдлөө ярьдаг. Одоо ч энэ мөрөөдөл нь хэвээрээ. Бодит байдал дээр аялал жуулчлалын улирал гэгдэх зуны гуравхан сард Монголыг зорих жуулчдад агаарын тээвэр хүрэлцдэггүй, очоод буудаллах газраас авхуулаад бие засах газаргүй, хөдөө тал, хөшөө дурсгалаас өөр нүд хужирлах зүйлгүй гээд олон асуудал тэднийг гонсойлгох нь бий.
Соёлын сайд Ч.Номингийн хэлснээр хөшөө дурсгал, түүхэн дурсгалт газруудад өртөө байгуулснаар орлого олох боломжтой гэнэ. Тэрбээр “Бид соёлын өвд тулгуурласан музей, хөшөө, хадны сүг зураг зэрэг жуулчдын аялдаг газруудаар мөнгө зарцуулах боломжтой аялал жуулчлалын өртөөг байгуулах ёстой. Баян-Өлгий дэх түүх соёлын дурсгал бүхий хадны сүг зургийг жуулчид үнэ төлбөргүй үзэх биш жуулчид өртөөчлөн үзэх боломжийг нь бүрдүүлэх ёстой. Жишээ нь, Хэнтий аймагт түүхэн өртөөлсөн аялал жуулчлалын дурсгалт цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа. Тус аймаг Чингис хааны өлгий нутаг байсан, амьдарч байсан юм билээ гэхээс гадна татагдаж очих зүйлгүй бол жуулчид аялахгүй. Иймд жуулчдыг татах зүйлсийн нэг нь соёлын байгууламжууд. Ганцхан хөшөө бус бусад соёлын байгууламж байх ёстой. Түүгээр дамжуулан урлаг соёлын олон арга хэмжээг бид бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийнхэн ашиг олдог бол эдийн засагт үр ашигтай. Энэ бол ойрын гурван жилийн хугацаанд яригдаж буй “тогтвортой аялал жуулчлал”-тай холбоотой төслүүдийн нэг юм” гэлээ.
МОНГОЛД АЯЛСАН НЭГ ЖУУЛЧИН ЭРГЭЭД 10 ЖУУЛЧИН АВРАХ НЬ ЧУХАЛ
Эрс тэс уур амьсгалтай Монголын хувьд аялал жуучлалын ид оргил цаг нь зургадугаар сараас есдүгээр сар хүртэлх багахан хугацаа. Тэр тусмаа долдугаар сар жуулчдын оргил үе байдаг нь баяр наадам болдогтой холбоотой. Монголын зунаар, нүүдэлчний ахуй, тал нутаг, говь, хангайг үзэхээр жуулчид Монголыг чиглэдэг. Гэхдээ үүргэвчтэй аялагч л бол гадаадын жуулчин гэх өрөөсгөл ойлголтоосоо салах цаг хэдийнэ болжээ. Дэд бүтэц нь хөгжөөгүй Монголын тухайд хэн ч үүргэвчээ үүрээд хямдхан аялах боломжтой. Харин эдийн засагт үр ашиггүй.
Энэ тухай Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр “Бидний зорилго жуулчдын тооноос илүү нэг жуулчнаас Монголд үлдэх ашиг, хэмжээг ихэсгэх шаардлагатай. Нэг жуулчин дараа нь 10 жуулчин авчирдаг байх бодлогыг илүү барихгүй бол зөвхөн тоо л яривал хүмүүсийн ярьдаг шиг үүргэвчтэй аялагчид, эсвэл Монголд ашиггүй жуулчид гэсэн асуудал яригдаж байгаа. Цар тахлын дараа аялал жуулчлалыг сэргээхэд Монголын онцлогт тохируулсан үйлчилгээний чанар стандартын тухай ярьж байгаа юм. Бидний зорилго бол хамгийн VIP жуулчдын шаардлагыг хаана бүрдүүлэх вэ? гэдэг асуудал. Энэ бол цементээр барилга барина гэсэн үг биш. Хүлээлтэд тааруулсан үйлчилгээг хэрхэн өгөх вэ гэдэгт л илүү анхаарч байна” гэлээ.
Цар тахлаас өмнө 2018 онд 529 мянган жуулчин Монголд аялсан бол 2019 онд 577 мянган гадаадын жуулчин хүлээн авсан нь түүхэн оргил амжилт байв. Жуулчдын тооноос харахад нийт жуулчдын 40 гаруй хувь нь зуны улиралд ирдэг. Тэдний олонх нь Монголын хээрээр гэр хийж хэцээр дэр хийж яваад буцдаг аж. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сайжруулж, дэд бүтцээ хөгжүүлж, шинийг санаачилж эрэлхийлэхгүй бол өнөөх л хэдэн үзмэр, үйлчилгээ, хөшөө барьсаар байвал жуулчдыг татах бус үргээх нь.
Холбоотой мэдээ