Сурвалжлага: Иргэд автобусандаа багтахгүй, хаягдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд автобусандаа багтахгүй, хаягдаж байна

Сурвалжлага: Иргэд автобусандаа багтахгүй, хаягдаж байна

Нийслэлийнхэн сүүлийн хоёр сар шахам түгжрэлээс ангид байсан бол зам дээрээ "өнждөг" өдрүүд иргэн ирлээ. "Сайн уу, амьдрал минь". Сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцээд хотын ачаалал ихэсдэг нь бодит үнэн юм. 

Улс орон даяар өчигдрөөс  /2022.02.14/ хичээл сургууль танхимаар хичээллэж эхэлсэн бөгөөд  Улаанбаатар“тэг” зогсох шахав. Зам дээрээ машинууд нь хэдэн цагаар түгжирч, автобусанд суухын тулд иргэд "алалцах" болов. Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 километр /км/ цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Гэтэл нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед бүр найман км цагийн хурдтай болжээ. Өөрөөр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон гэсэн үг.

АВТОБУСУУД ИРСЭН Ч ЗОРЧИГЧ ДҮҮРЭН ТУЛ ИХЭНХ НЬ БАГТАХГҮЙ ҮЛДЭНЭ

18:00 цаг. Багшийн дээдийн  автобусны буудал дээр 30-40 орчим хүн унаа хүлээгээд зогсож байв. Автобус ирэхгүй удсаар, хүмүүс хүлээсээр. Цаг явсаар. Хөгшин залуу гэлтгүй бээвийж, бээцийн зогсох агаад  автобус ирсэн зорчигч дүүрэн тул ихэнх нь багтахгүй үлдэх аж. Буудал дээр зогсох хүмүүс автобус амдан гүйнэ, бас хаалганаас чиргүүлдэх нь ч байна. Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн нийтийн тээврийн бэлтгэл тун хангалтгүй байгааг аль ч автобусны буудлаас харж болно. Унаа хүлээсэн хүмүүс их харин ирж байгаа автобусны тоо хүртээмж бага. Хэдийгээр сургуулийн автобус явж эхэлсэн гэх ч хүүхдээ дагуулсан, цүнх үүрсэн жаалууд автобус хүлээн газар дэвхцэх. 

Хаалга онгойх төдийд уначихмаар арай ядан хавчуулдагдан явж байгаа хүмүүст хандаж, жолооч “Багтахгүй байна, буу” гэж зандрах хэдий ч үгийг нь хүлээж авч байгаа хүн алга. Ажил эхлэх тарах үеэр автобусныхаа хүрэлцээ, хүртээмжийг сайжруулах талаар хотын захиргаа, нийтийн тээврийнхэн анхаарлаа хандуулахгүй бол нэг л өдөр хүн чирэгдсэн гэх таагүй мэдээлэл цацагдах вий. 

ДУЛААХАН БАЙСАН БОЛ АЛХАХГҮЙ ЮУ ?

18:30 цаг. Монгол Улсын их сургуулийн автобусны буудал мөн л пиг дүүрэн хүн.  Автобусууд ирсэн ч зорчигч дүүрэн тул ихэнх нь бас багтахгүй үлдэнэ.  Зарим нь  даарсандаа тэсэхээ болиод  ойролцоох хүнсний дэлгүүр рүү дулаацахаар орцгоож байлаа. 30 минут хүлээсний эцэст 3,4 хорооллын автобусанд арай гэж багтаж суув. Гэвч, автобус урагшаа хөдөлсөнгүй, түгжрэл нам зогсов. “Дулаахан байсан бол алхахгүй юу. Алхсан бол өдийд Гандангийн буудал дээр явж байгаа даа. Даанч өнөөдөр арай л хүйтэн байна” гэж залуу хосын ярих нь сонсогдоно.

Автобусанд янз бүрийн ааш араншинтай зорчигчид сууна. Зарим нь түгжрэлийг хараана. Зарим нь буугаад алхана, зарим нь суудал дээрээ унтана, зарим нь утсаа оролдоно.  Шахцалдаж явахаас залхсан хүмүүс нэгэнрүүгээ “Цаашаа зогс” хэмээн хэдэрлэнэ.

Автобус бага зэрэг урагшилна, тэгээд нам зогсоно.  Автобус хүлээх автобусаар үйлчлүүлэх нь нийслэлчүүдийн тэвчээрийг шалгана, тэвчээрийг барна. Арайхийж ирсэн автобусны бараа харсан хүмүүс уралдаж суухаар гүйлдэнэ, урд талын хаалгаар багталцахгүй хэрэлдэх нь энүүхэнд.  Өдөр болгоны ийм дүр зурагт автобусны жолооч нар бүр эвлэрчихсэн. Хоёр цаг түгжирч байгаад түгжрэлээс гарна даа гэж хэгэнд нэгэнтэй ярих аж. Ийнхүү автобусанд 1 цаг 30 минут явахдаа түгжрэлийг хараасаар  гэртээ ирэв. Автобусны бараа сураг тасрахаар хувийн машинтай “халтуурчид” Багшийн дээд, МУБИС,  МУИС-ийн  автобусны буудлын зам дагуу эгнэн зогсоцгооно.  “Хаашаа явах юм. Хорооллын унаа тэнд байна, Хархорин явах унаа энд байна” гэж уриалгахан  хандах “халтуурчид” нэг хүнийг 3000 төгрөгөөр авч явдаг аж.

 ӨДӨРТ ДУНДЖААР 2.5 ЦАГ, ЖИЛД 35 ӨДРИЙГ ТҮГЖРЭЛД ӨНГӨРӨӨЖ БАЙНА

Нийслэл хотын 400 мянга гаруй иргэнээс хотын тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа авахад иргэдийн 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Учир нь 2010 онтой харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн байна.

Тодруулбал, 2010 онд авто замын сүлжээний урт 954 км, 234 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2020 онд  замын урт 1136 км, машины тоо 632 мянга болж нэмэгджээ. Ингэснээр нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байгаа талаар нийслэлээс мэдээлсэн.

Түгжрэлд алдагдсан боломжийн нийт өртөгийг шатахууны зардал болон нөөцийн үр ашиггүй хуваарилалт, цагийн зарцуулалт зэргээр  тооцоход 2020 онд алдагдлын хэмжээ 2.7 их наяд орчим буюу ойролцоогоор 1 тэрбум ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөг буюу 4.1 тэрбум ам.долларыг түгжрэлд алдсан гэсэн үг.  Энэ байдлаараа түгжрэлийн алдагдсан  боломжийн нийт өртөг 2024 онд 24.3 их наяд төгрөг  буюу 8.5 тэрбум ам.долларт  хүрнэ.

 59 СУРГУУЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Ямартай ч түгжрэлийг бууруулах зорилгоор хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал яригдаж байна. Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргаад буй. Эдгээр сургуулийн 23 нь төрийн өмчит бол 36 нь төрийн өмчит бус. Өнөөдрийн байдлаар хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын захирагчийн захирамж гараагүй байна. Иймд 59 сургуулийн тухайд өглөө 08:00 цагаас хичээллэнэ. Харин энэ сарын 21-нээс  цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45, 08:15, 09:00 гэсэн цагаар хичээллэхээр төлөвлөснийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв.

Д.СУМЪЯАБАЗАРЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БҮТЭХ ҮҮ?

Хотын дарга Д.Сумъяабазар замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж Засгийн газраас 420 тэрбум төгрөг зарцуулах эрх авсан нь өнгөрсөн 2021 оны онцлох явдлын нэг гэж хэлж болохоор. Үндсэндээ хот анх удаа олсон орлогоо өөрөө захиран зарцуулахаар болж байна. Гэвч хотын даргын тэргүүлэн батлуулж, жилийн 420 тэрбумын хөрөнгө “босгосон” түгжрэл арилгах төлөвлөгөө биелэх үү. Ийм л эргэлзээ иргэдэд байна.

Тиймээс олон жил яригдаж байгаа түгжрэлийн асуудлыг  шийдэхийн тулд нийслэл, Засгийн газартай хамтран багтаамж ихтэй нийтийн тээвэр, замын сүлжээг нэмэгдүүлэх, дагуул хот, дэд төвүүд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Богдхан төмөр замыг байгуулах шаардлагатай гэж үзжээ.

  • Эхний ээлжид нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу метрог нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх, зам дэд бүтцийг сайжруулах, машины зогсоолыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
  • Яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд явган зам, дугуйны замыг  нэмэх, сургууль цэцэрлэгүүдийг барих, ачаа тээвэр логистикийг боловсронгуй болгох,
  • Харин дунд, урт хугацаанд хотын төвийн төвлөрлийг бууруулах, томоохон зах худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх, машины даатгал хурамжыг бүсчилж тогтоох, дагуул хотыг хөгжүүлэх шаардлагатай,
  • Багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу хөнгөн гал тэргийг 2021-2024 онд нэвтрүүлнэ. Энэ нь түгжрэлийг 17-22 хувиар бууруулна. Нэг чиглэлд 20-30 мянган хүнийг тээвэрлэх хүчин чадалтай. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж буй. 
  • Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэлт огт хийгдээгүй бөгөөд  2021 онд 531 автобус, 2022 онд 121 автобус, 2023 онд 151 автобус, 2024 онд 60 автобусны ашиглалтын хугацаа дуусч, үйлчилгээнээс гарна. Өөрөөр хэлбэл,  2021-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 81 хувь нь үйлчилгээнээс хасагдана. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2021-2024 онд үе шаттайгаар хийхдээ  байгальд ээлтэй 500-1000 автобус, 290 автобусны зогсоол, 5000 автомашины зогсоол шинээр байгуулна.
  • Нийслэлийн гол авто замын сүлжээг 2022-2024 онд нэмэгдүүлнэ. Шинээр баригдах тойрог зам болох Баянзүрхийн гүүрнээс Зайсан, Яармаг, Сонсголон, Баруунтуруун, Тахилт, Найрамдал, Баянхошуу, Дамбадаржаа, Улиастай, Баянзүрхийн гүүр гэсэн их тойруу хийхээр төлөвлөж байна. Энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулахад гол нөлөө үзүүлнэ.
  • Үүн дээр нэмэгдээд холбоос зам болох туслах замуудыг шинээр тавих болон өргөтгөн шинэчилнэ. Тухайлбал, гол гудамжны замын өртгөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, 6 нүхэн гарц, 6 уулзвар, 7 гүүрний шинэчлэл, явган зам 98 км, дугуйн зам 249 км хийнэ. Үүний үр дүнд авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, түгжрэлийг 30-40 хувиар бууруулах аж. 

Ямар ч гэсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар түгжрэлийг бууруулах, арилгах төлөвлөгөөгөө танилцуулж, түүхэн шийдвэрээ гаргуулсан.  Гэхдээ түүхэн шийдвэр гаргаж, төлөвлөгөө танилцуулах Хотын дарга бүрийн хийдэг ажил.  Харин энэ удаад УИХ-ын танхимаа орхиж ирсэн Хотын даргын түүхэн шийдвэр, түгжрэлийг бууруулах амбиц биелэлээ олох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж