“The open mic mongolia”-ын ДУУЧ ШУВУУХАЙ | News.MN

“The open mic mongolia”-ын ДУУЧ ШУВУУХАЙ

“The open mic mongolia”-ын ДУУЧ ШУВУУХАЙ

“The open mic mongolia”-ын ДУУЧ ШУВУУХАЙ

Өө би өнөөдөр уйтгартай байна

Өрвийсөн үсээ самнамааргүй байна

Өөрөөсөө юу ч асуулгүйгээр

Өдөржингөө би гиюүрмээр байна”…"Чүкинбүүрийбаа" дуу. Энэ дууг гитартай дуулах шавилхан биетэй бүсгүйг та бүхэн эчнээ таних биз. Тэрбээр дуулахаараа дэндүү жаргалтай, бас уйтгартай, аль эсвэл хачин "эмо" болчихдог. Түүнд дэлхийн алдартай дуучин болох мөрөөдөл байхгүй. Харин дууг өөрийн зүрх сэтгэлээрээ мэдэрч, хүмүүст хүргэхийг тэмүүлдэг уран бүтээлч.

Тэр яг  дэггүй хүүхэд шиг сахилгагүйтэж, сэтгэлдээ чанга хашгирч, гуниглаж бас уйлж дуулдаг.

Түүнийг Э.Ануударь гэдэг. Одоо 32 настай. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дархан хотод төрж өссөн тэрбээр 2008 онд Улаанбаатар хотод АШУҮИС-д суралцахаар ирж, 2014 онд хүний их эмч мэргэжлээр төгсчээ. Эмч мэргэжилтэй бүсгүй чухам яагаад дуу хөгжимд дурлаж, уруу татагдах болсныг асуухад "Магадгүй надад гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн" гэж тун товчхон хариулсан.

Учир нь түүний аав Д.Энхнасан Ардын армийн дуу бүжгийн чуулгын бүжигчин. Одоо тэтгэвэртээ гарсан ч бүжгийн урлагаа орхиогүй яваа. Өвөө Д.Дэлэгням нь найруулагч, жүжигчин  бөгөөд “Ээ дээ энэ хүүхнүүд үү”, “Улаанбаатарт байгаа миний аав” зэрэг кинонд туслах дүрд тоглосон бол эмээ Ө.Рэгзээ нь дуучин хүн байж.

Түүнийг арван жилийн сурагч байхад ЖАЙКА олон улсын байгууллагын япон багш авьяасыг нь олж хараад урам өгч, япон дууны тэмцээнд оруулж байжээ. Харин оюутан болоод нөхөртэйгөө танилцаж, олон улсын христийн байгууллагад ажиллаж, дуулах сонирхолтой болсон байна. Тэрбээр итгэл үнэмшлийнхээ дагуу Христийн сүмд явж, магтаал дуулах болсноор урлагт уруу татагдсан тухайгаа нуугаагүй юм.  “Би чинь өөрөө олон уран бүтээлчийн дууг коверлосон. Дууг сонсогчийн үүднээс хайрлаж, мэдэрч дуулахыг хичээдэг” гэв.

Ануу одоо тун завгүй яваа. Амьдралынхаа энэ цаг мөчийг тэр үнэхээр "Cool" байна гэж тодорхойлов. Учир нь, хоёрдугаар сарын 27-нд анхны цомгоо гаргах гэж буй юм. Түүний цомгийн нэр “8400”. Шинэхэн цомогт нь “00-оос дуулж байна”, “8400”, “Нийслэл хүү”, “Чүкинбүүрийбаа”, “Эмо үүрд”, “Чөтгөрийн бясалгал”нэртэй хачин жигтэй, өвөрмөц содон дуунууд нь багтсан.

Энэ тухайгаа “Ч.Ганжавхлан ах бид хоёрыг дуу хөгжим  холбосон. 2013 оноос хамтран дуулдаг найз Ж.Очмаатайгаа нийлээд “Jack`s cafe”-д дуу коверлон дуулдаг байсан. Тэгсэн би 2014 онд хуримаа хийж, үр хүүхэдтэй болж урлагаас нэг хэсэг завсарлага авсан. Тэгээд  2019 оноос буцаад дуулж эхэлсэн дээ.  Ч.Ганжавхлан ах 2013 оноос хойш “Автуус ба амьдрал”, “8км 400 м”, “Чөтгөрийн бясалгал” гэсэн гурван номны нээлтээ хийж, надад шүлэг өгч, би дууны ая зохионо. Яагаад ч юм анхнаасаа ийм дуу байсан юм шиг дуунууд маань ар араасаа амархан бүтсэн. 2020 онд нэг мэдсэн чинь бид хоёрын хамтарсан дуу 10 гарсан байлаа. Өөртөө итгэлгүй байсан хүн чинь урамшиж, цомгоо гаргахыг хүссэн. Харин одоо хүсэл маань биелэх гэж байгаад итгэж өгөхгүй догдлоно сууна” гэв.

Түүнийг “Тhe open mic mongolia” арга хэмжээгүйгээр төсөөлөшгүй.  “Энэ арга хэмжээг анх 2009 онд Монголд амьдардаг америк гэр бүл кофе шоп нээж эхлүүлсэн байдаг. Миний хувьд 2011 оноос оролцож эхэлсэн. Олны хэлж заншсанаар Натурт “Улаанбуудайн үр” гэсэн барилга бий. Тэнд “”UBean” кофе шоп нээгдэж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Кофе шопын ажилтан ах  намайг таньдаг байж таараад "Хамтдаа долоо хоногт нэг удаа сарын турш арга хэмжээ зохион байгуулаад үзье. Нэг хийхдээ 4-5 дуу дуулья" гэсэн.

Тэр санал маш их таалагдсан. Одоо 11 жил болсон байна. 2009 оноос тоолбол олон жил өнгөрчээ. Би энэ арга хэмжээг анх зохион байгуулсан гэж хэлэхгүй. Энэ түүх дотор байх боломж надад олдсон. Одоо болохоор Д.Энхтайван ах маань бүх зүйлээ зориулан, тууштай зохион байгуулж байгаа” тухай хуучлав.

Түүний хувьд “The open mic mongolia”-т 2011 оноос эхлэн 2014 хүртэл тууштай дуулсан уран бүтээлч. Одоо энэ арга хэмжээ хүрээгээ тэлж, дуулах сонирхолтой залуусын очих дуртай, газрын нэг болсон билээ.

Э.Ануударь "Над шиг өөр өөрийгөө мэдэхгүй мөртлөө дуунд хайртай хэн нэгэн зориг гаргаад, микрофоны ард зогсч байгааг хараад огшиж, гараад дуулчихдаг. Тэр мөчид өөрийгөө ялж, таньж мэддэг. Тэнд маш гоё зүйлс болдог. Одоо залуусын очих дуртай газар болсон" гэлээ.

“Open mic”-ээс мэргэжлийн дуучин цөөнгүй төрөн гарсан байдаг. Жишээлбэл, залуу дуучин Б.Хонгор, М.Билгүүн, Г.Энэрэл нар.

 "Ер нь энэ бүхэн зүгээр нэг тоглолт бус хүмүүсийн хүлээлт байгааг олж харж, олон хүнээс урам зориг авч байна. Тусалж дэмжиж байгаа хүмүүсийнхээ ачаар онцгой мартагдашгүй цаг үеийн өнгөрч байна. Тоглолт маань ямар болохыг төсөөлмөөргүй байна" хэмээн Ануу инээмсэглэв.

Тэр бүсгүй дуулах дуртай. Гитараа бариад, дуулахыг нь бусад хүмүүс сонсох дуртай. Тэрбээр "Би хүмүүстэй байх дуртай. Зарим хүмүүс ганцаараа эморч гуниглаад бусдаас тусгаарлагддаг бол миний хувьд эсрэгээрээ хүмүүстэй маазрах дуртай. Тухайн цаг үедээ гунигтай байгаа бол гунигтайгаар маазарна" хэмээн хошигноно. Тийм ээ тэр ямар ч цаг үед дуугаа дуулж, аз жаргалыг бусдад бэлэглэж чаддаг нэгэн.

 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Эвлүүлэгч Д.Бат-Аюуш

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-15 202.9.41.141

Христүүд газар авч бн даа.
Эзэндээ үнэнч хачин эморсон юмнууд бдг юм билээ.

Avatar

Зочин 2022-02-15 213.87.162.246

))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

The open mic mongolia 2022-02-15 124.158.109.209

Manai neriig bichij bgaa buren bicheed uguurei bayrlalaa, dutuu bichsen bn.
The open mic mongolia

Avatar

Зочин 2022-02-15 202.21.109.36

huurhun aniaaa hairtai shuu

Avatar

Аагий 2022-02-15 66.181.161.59

Мундаг дүүдээ илүү их амжилт хүсье. Аагий&Болороогоос

Avatar

Зочин 2022-02-15 192.82.65.200

Anagaahiin oyutan bsan daa. Emch mergejilitei bha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж