Хил гаалийн асуудлаас болж гемодиализын аппаратанд ордог иргэд эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл учирч байгаа талаар иргэд цахим хуудастаа мэдээлсэн. Тухайлбал, тус аппаратын гуурс тасарснаас болж эмчилгээ тасалдах эрсдэл үүсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.
Яамнаас өгсөн мэдээллээр эмнэлгүүдэд хил гаалиас шалтгаалж зарим барааны хомсдол үүссэн. Ойрын хугацаанд шаардлагатай бүтээгдэхүүнийг татан авах үүрэг чиглэл өгөөд ажиллаж байгаа. Оны өмнө дуслын систем, шингэн хомсдоод байсан бол он гарснаас хойш харьцангуй татан авалт нэмэгдсэн. Одоогийн байдлаар зарим эмчилгээний үеийн төхөөрөмж, хэрэгсэл тасалдсан байна. Тодруулбал, бөөр орлуулах аппаратын гуурс тасалдсан. Энэ аппаратад бөөрний архаг дутагдалд орсон хүнийг оруулдаг. Бөөрний хэвийн ажиллагааг орлуулах үйл ажиллагааг хийдэг тусламж үйлчилгээний арга гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд 250 гаруй аппарат байдаг. Цочмог болон бөөрний дутагдалд орсон 1000 гаруй хүн гемодиализид хамрагддаг.
Бөөрний аппаратад зүү, нэг удаагийн хэрэглээний гуурс, уусмал зэрэг багтдаг. Эдгээрийг импортоор оруулж ирдэг. Хил гаалиас шалтгаалж хэрэгцээт зарим зүйлсийг оруулж ирж чадахгүй, түр хугацаанд тасарсан асуудал үүссэн. Гуурс болон бусад тасалдаад байгаа зүйлсийг ЭМЯ, Эм эмнэлгийн хэрэгслийн газраас зохицуулалт хийж арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Эхний ээлжид бүх өвчтөнүүдийг мэргэжлийн эмч нарын хяналтад байлгаж, судалгаа гаргаж, хаана, хэчнээн хүн аппаратад орох шаардлагатай байгааг тогтоосон. Нөөцтэй эмнэлгээс нөөцгүй эмнэлгүүдэд шилжүүлэх хэлбэрээр арга хэмжээ авч байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамтай ярилцаж, хил дээр ирсэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай нэвтрүүлэх талаар ярилцсан. Хэзээ оруулж ирнэ гэж тогтсон хугацаа тохироогүй ч ойрын хугацаанд эм, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай бүтээгдэхүүнийг оруулж ирнэ.
Нөөцөөс шалтгаалж эмнэлгийн байгууллагад хомсдол үүсч, өвчтөний биеийн байдал хүндрэх эрсдэл гарсан. Гэхдээ үүнээс болж эмнэлгийн тусламж авч чадаагүй шалтгаанаар нас барсан хүн байхгүй. Тиймээс Эрээний боомт дээр үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх хүрээнд эхний зохицуулалтыг хийнэ.
Цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгслийг хангаж ажиллах тал дээр өнгөрсөн жилээс онцгой анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ зөвхөн Монгол Улсаас шалтгаалахгүй бусад улсаас шалтгаалж байгаа зүйлс гарч байгаа учраас иргэд ойлгох хэрэгтэй. Цар тахлын давлагаа эхлэхээс өмнө нь ямар байсан одоо ямар байгааг судалж, тодорхой чиглэлүүдийг өгч байгаа. Нөөц одоогийн байдлаар тодорхой хэмжээнд бий. Тасалдсан бараа бүтээгдэхүүн 1-5 хоногийн нөөцтэй байна. Бүх статистикийг нэгтгэж, нөөцгүй хэсэгт шилжүүлэх зохицуулалтыг хийж байгаа. Ямартай ч ойрын хугацаанд гемодиализын аппаратын тасалдсан хэрэглэгдэхүүнийг татан авна гэх тайлбар мэдээллийг өглөө.
Холбоотой мэдээ