"Жуулчдын 80 хувь нь Монголыг мэдэхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

"Жуулчдын 80 хувь нь Монголыг мэдэхгүй"

"Жуулчдын 80 хувь нь Монголыг мэдэхгүй"

Монголд жилд 500 мянга орчим жуулчин ирдэг ч сүүлийн хоёр жилд 1000 болж хумигджээ. Гадаад иргэдийн дийлэнх нь жуулчин бөгөөд 25 улсаас энгийн, 65 улсаас албан журмаар зорчдог байна. "Монгол Улс вакцины хоёр тунд хамрагдсан гадаадын жуулчныг шууд хүлээн авна, мөн гадаадын иргэн Монгол Улсад вакцинд хамрагдаж болно" гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого, аялал жуулчлал” хэлэлцүүлгийн нээлтийн үеэр онцолсон юм.

“Туушин” зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт аялал жуулчлалын салбарын болон Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцсон. Энэ үеэр тэд аялал жуулчлалын салбарт дэд бүтэцтэй холбоотой асуудал тулгамдаж байгаатай санал нэг байв. Цаашид аялал жуулчлалын салбараар дамжуулан эдийн засгийг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, тулгамдсан асуудлын талаар салбарын төлөөллүүдийн байр суурийг сонирхлоо.

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛЫГ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Азийн улс орнуудтай хамтрах чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Тухайлбал, бид Япон улсын авиа компаниуд Монгол Улс руу нислэг үйлдэх хүсэлтийг тус улсад Элчин сайдаар дамжуулан гаргасан. Мөн БНСУ болон Японы Засгийн газрын түвшинд аялал жуулчлалын томоохон корпорациудыг татах, хамтран ажилласнаар эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлнэ гэж харж байна. Аялал жуулчлалын компаниудтай уулзах үеэр хамгийн том асуудал нь агаарын тээврийн либералчлал байдаг. Үүнтэй холбогдуулан дотоодын бүх авиа компанитай уулзсан. Монгол Улсад агаарын тээврийн либералчлалыг зайлшгүй нэвтрүүлэх ёстой. Ингэснээр жилд нэг сая жуулчин татах тухай асуудал ярина. Тиймээс агаарын тээвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүйгээр жуулчин татах боломжгүйг ч Дэлхийн банкны судалгаа харуулж байна. Ойрын хугацаанд агаарын тээврийн либералчлалд томоохон хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ёстой.

МОНГОЛ УЛС РУУ ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ИЛҮҮ ХЯЛБАР БОЛГОНО

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ: 

-Монгол Улсад вакцины бодлого маш сайн байсныг дэлхий нийт өндрөөр үнэлж байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих үүднээс гадаадын иргэдийг ч бас вакцинд хамруулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын 200 гаруй мянган иргэн гадаадын улс орнуудад амьдарч байна. Гадаадад сурч, амьдарч буй иргэдээ Монгол Улсаа сурталчлахад татан оролцуулах санал гаргаж байна. Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монгол Улсаа сурталчилж, Монголд ирэх орчны тухай мэдээллийг илүү хүргэх ёстой. Энэ хүрээнд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтрах ажлыг Гадаад харилцааны яам хийнэ. Дэлхий дахины чиг хандлага өөрчлөгдөж, аялал жуулчлалын салбар цахимд шилжих хандлагатай байна. Одоогоор 36 улс цахимаар виз мэдүүлэх боломжтой. Цаашид цахимаар виз мэдүүлэх ажлыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Тэгэхээр гадаадын иргэд Монгол Улс руу виз мэдүүлэхэд илүү хялбар болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: 

-Дэлхий дахинд цар тахал намжиж байгаатай холбогдуулан Европын улс орнууд хилээ нээж, дотоодын хязгаарлалтаа сулруулж байна. Монгол Улсын хувьд сүүлийн долоо хоногт мөн адил халдварын дөрөв дэх давлагаа буурч байгаа эерэг дүр зураг ажиглагдаж байна. Үүнтэй холбогдуулан тодорхой судалгаанд үндэслэн, Засгийн газраас шар түвшинд шилжих тогтоолыг баталсан. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болж байна. Эрүүл мэндийн яам Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай уялдаа холбоотой ажилладаг. Монгол Улсын хувьд цар тахлын үед гадаадын иргэдийг үнэ төлбөргүй эмчилж байна. Энэ бол аялал жуучлалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын нэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зургаан чиглэлээр хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хөл хорихгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримталж ирсэн. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш хатуу хөл хорих саналыг Эрүүл мэндийн яамнаас  гаргаагүй. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй гол зорилго бол аялал жуулчлалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ямар чиглэл барьж ажиллах тухай хамтран хэлэлцэхээр болсон.

ЖУУЛЧДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАСАН ЗОЧИД БУУДАЛ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИД АНХААРАХ ЁСТОЙ

Соёлын сайд Ч.НОМИН:

-Дэлхийд соёлын бүтээгдэхүүнээ таниулснаар жуулчдыг татна. Аялахаар төлөвлөсөн хүн Монгол Улсыг мэдэхгүй л бол аялна гэж бодохгүй. Интернэтээс ч хайхгүй. Судалгаанаас харахад, олон улсад санхүүгийн боломжтой, аялах сонирхолтой хүмүүсийн 80 гаруй хувь нь Монгол Улсыг мэдэхгүй байна. Эхний ээлжид бид Монгол Улсаа таниулах нь чухал учраас энэ тал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллана. Монгол Улсыг зорьсон жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүнээр дамжуулан аялал жуулчлалын өртөө байгуулах нь чухал. Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол нэг тэрэгний хоёр дугуй. Бид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замыг хоёр чиглэлээр харж байна. Нэгдүгээрт, цар тахлын дараах богино хугацааны сэргэлт. Бид Азийн улс орнуудаас түрүүлж хилээ нээж байна. Богино хугацаанд аялал жуулчлалын салбарт богино хугацааны сэргэлт авчрахад Засгийн газраас хилээ нээж, жуулчдад тогтвортой нээлттэй болж байгааг зарлаж байна. Тэгэхээр аялал жуулчлалын компаниуд тогтвортой захиалга авч, үйлчилгээний байгууллагууд ч мөн адил үйл ажиллагаа нь жигдэрснээр эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлнө. Урт хугацаандаа Монгол Улсыг соёлын бүтээгдэхүүнээр дамжуулан дэлхийд таниулах. Жуулчдаар дамжуулан соёлын бүтээгдэхүүнээр эдийн засгийн эргэлтийг сайжруулах. Ингэснээр олон улсад үндэсний брэндээ таниулж сурталчилна. Нөгөө талд, агаарын тээврийн либералчлалд анхаарах хэрэгтэй. Хатуу дэд бүтцээс гадна аялал жуулчлалын дэд бүтцэд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, түүхэн дурсгалт газарт хүний ердийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зочид буудал, ариун цэврийн байгууламж зэргийг анхаарах хэрэгтэй болов уу.

ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЦАГ ХУГАЦАА ШААРДАНА

Дэлхийн банкны суурин төлөөлөгч АНДРЕЙ МИХНЕВ: 

-Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт гарсан бүх сөрөг нөлөө үгүй болж, энэ салбарыг цаашид хөгжүүлэх чиглэлээр илүү анхаарч ажиллана. Бидний хувьд Засгийн газар болон энэ салбарын төлөөлөл болсон та бүхэнтэй аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад нээлттэй. Аялал жуулчлалын хөгжлийг гурван хувилбараар харж санал гаргаж байна. Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогуудыг хэрэгжүүлэхэд олон зүйлээс цаг хугацаанаас хамаарна. Аялал жуулчлалыг тэтгэх дэд бүтцийг хөгжүүлэх. Зам тээвэр, ложистик, эрүүл мэндийн болон бусад  үйлчилгээг сайжруулахад цаг хугацаа орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж