Путин яагаад NATO-г аюулт дайсан гэж үздэг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Путин яагаад NATO-г аюулт дайсан гэж үздэг вэ?

Путин яагаад NATO-г аюулт дайсан гэж үздэг вэ?

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин яагаад АНУ, NATO-д түрэмгий ханддаг вэ? Хуучин ЗХУ задарсан нь одоог хүртэл Кремльд доромжлол мэт санагдсаар буй. Түүнчлэн улам өргөжин тэлсээр буй Умард Атлантын цэргийн эвсэл буюу NATO-г Путин хэрхэн эсэргүүцдэг болон “Украин, Орос хоёр бол нэг гүрэн байр” гэсэн суурьтай байдаг тухай энд тоймлон хүргэе.

Оросын дайсагнасан байр суурь нь Украин, цаашлаад Европоор зогсохгүй дэлхийн энх тайванд заналхийлж байна. Тэд яагаад ийм аюултай нөхцөл байдал үүсгээд буйг ул үндсээр нь хөөх юм бол 1991 онд задран унасан ЗХУ-ын тухай хийгээд тэрхүү гамшиг өнөөгийн Москвагийн стратегийн бодлогод хэрхэн нөлөөлсөн тухай авч үзэх хэрэгтэй. Тэр үед Оросын ард түмэнд маш шударга бус хандсан гэж Путин хэлж байжээ. “Крым өөр улсын нэг хэсэг болсон тэр үед Орос зүгээр нэг халаасны хулгайд өртөөгүй, бүр дээрэмдүүлж хоцорсон гэдгээ ойлгосон” гэжээ. Яг ЗХУ задрах үеэр буюу 1988-1992 онд Москвад суусан Их Британийн Элчин сайд Родрик Брайтвейт энэ явдлын талаар тэмдэглэн үлдээхдээ “Энэ нь барууныхны хувьд ялалтын мөч байсан ч Оросуудын хувьд доромжлол, дотоодын эмх замбараагүй байдал, асар их ядуурал, өлсгөлөнг авчирсан” гэсэн байдаг.

Тухайн үед тус улсын цэргийн хүчин чадал нь АНУ болон NATO-гийн орнуудын зэвсэгт хүчний чадавхийг нийлүүлсэнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрсэн байжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ АНУ-ын ДНБ-ний 80 хувьтай тэнцэж байсан юм. Путины дотоод болон гадаадад хийж буй бараг бүх үйлдэл нь ЗХУ-ын задралтай холбоотой гэж АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт Гейтс хэлсэн. Владимир Путин 1999 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Орос улсыг түүхэн дүр төрх рүү нь эргүүлэн аваачиж, хуучин өөрсдийн захиргаанд байсан улсуудаа нэгтгэх бодлогод анхаарал хандуулж иржээ.

ЗХУ задран унасан тухай тодорхой мэдээлэлтэй болохыг хүсвэл Лондонгийн Эдийн засгийн сургуулийн Олон улсын түүхийн профессор Владислав Зубокийн саяхан хэвлэгдсэн "Collapse: The fall of the Soviet" номыг уншихыг зөвлөж байна. Уг номд тухайн үеийн удирдагч Михаил Горбачевын удирдлага, зан чанар, итгэл үнэмшил нь ЗХУ-ын задралын гол шалтгаан болсон гэж бичжээ. Тодруулбал, түүний шинэчлэлийн бодлого нь бүхэлдээ эмх замбараагүй байдлыг бий болгож, Балтын эрэг, Орос, Украин, Беларусь зэрэг славян үндэстний нутаг дэвсгэрт салан тусгаарлах үзлийг дэлгэрүүлсэн гэжээ. Маршалын шинэ төлөвлөгөө нь АНУ-д аюул учруулахуйц байсан тул тэд ЗХУ-ыг задлахыг хүссэн байна. АНУ-ын стратегийн тэргүүлэх чиглэл бол “Зөвлөлтийг гуравдагч зэрэглэлийн гүрэн болгох юм” гэж Сангийн сайд Николас Брэди Ерөнхийлөгч Жорж Бушд зөвлөж байжээ. Хуучин зөвлөлтийн нийгмийн хамгааллын систем нь үгүй болоход ихэнх хот, бүс нутагт гэмт хэрэг, мафийн дэглэм газар авч, ядууралд нэрвэгдсэн байна.

Зөвлөлтийн геополитикийн орон зай хэт том байсан учир NATO болон барууныхантай нэгтгэх хэтийн төлөв нь урьдчилан таамаглахын аргагүй байсан гэж үздэг. Шинээр тусгаар тогтносон Балтийн орнууд болон Польш улс нь Оросын цэргийн аюулаас ангижрахыг хүсч байсан тул NATO-г өргөжүүлэх нь цаг хугацааны л асуудал байв. Борис Ельцин Оросыг NATO-д элсүүлэхийг хүсч байсан ч Билл Клинтоны удирдлага дор байсан АНУ-ын шинэ засгийн газар зөвхөн түншийн харилцаатай байхыг л хүсчээ. Учир нь Орос улс NATO-д харьяалагдахад хэтэрхий том байсан гэжээ.

NATO-г өргөжүүлэх нь Европ тивийг хуваагдалд хүргэж болзошгүй гэж Ельцин сануулж байсан. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер тухайн үед Горбачевт “NATO одоогийн байрнаасаа зүүн тийш нэг см ч хөдлөхгүй” гэж хэлж тайвшруулж байжээ.

ОХУ, Украин, Беларусийн шинэ удирдагчид 1991 оны арванхоёрдугаар сарын 7-нд Минскийн ойролцоох Вискули агнуурын газарт нууцаар уулзахад Крымын асуудал огт хөндөгдөөгүйгээр үл барам тэд ЗХУ-ыг татан буулгахыг зөвшөөрцгөөсөн юм. Зубокийн номд бичсэнээр Ельцинг Москвагаас явахын өмнө түүний зөвлөх Галин Старовойтова Крымын асуудалд санаа зовж буйгаа илэрхийлж байсан. “Украинд гурваас таван жилийн хугацаатай мораторий тогтоосны дараа тус улсын хилийг хэлэлцээрээр өөрчлөх хэрэгтэй” гэж Ельцинд зөвлөж байжээ. Гэвч Елицин Вискулид болсон хэлэлцээрт очихдоо энэ асуудлыг огт хөндөөгүй байна.

Өдгөө АНУ-ын тасралтгүй шахалт дор NATO хил хязгаараа тэлсээр “Орос Украины хооронд зүү орох зайгүй болсон” гэхэд хилсдэхгүй. Энэ нь нэг талаасаа зөвхөн Москвагийн байр суурь юм. Нөгөө талаас Эстони, Латви, Литва, Польш зэрэг улсууд өнөөгийн Орос шиг хүчирхэг гүрэнд аюул учруулна гэвэл бас л өрөөсгөл ойлголт болно. Америкчууд түүний улсыг задлан бутаргаж, Украин хэмээх тусдаа улс байгуулахыг дэмжсэн гэж Путин үзэж байна. NATO-гийн ирээдүй болон тусгаар тогтносон Украины оршин тогтнолтой холбоотой Москва, Вашингтоны дайсагнал нь Европын энх тайвны ирээдүйн гол зангилаа болж байна. ОХУ-ын ойрын хилийн аюулгүй байдлыг хангах Путины стратеги нь мэдээж Украины хямралаас бэлээхэн харагдаж буй. Түүнээс гадна Беларусь, Молдав, Приднестровье, Гүрж болон 2020 оны Армен-Азербайжан, Казахстан дахь үйл ажиллагаанаас харахад ойлгомжтой байна.

Путин Украиныг NATO-д элсэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн баталгааг АНУ-аас бичгээр авахыг хүсч буйгаа мэдэгдсэн. Тэрбээр “Орос, Украины түүхэн нэгдлийн тухай” нэртэй нийтлэл бичсэн бөгөөд үүндээ хоёр улсыг “Нэг ард түмэн” гэж онцолжээ. Мөн АНУ болон Европын холбооны орнууд Украиныг хаалт болгон ашиглаж, геополитикийн аюултай тоглоомоор тоглож байна гэжээ. “Түүхэн газар нутаг, тэнд амьдарч буй ойр дотны хүмүүсээ Оросын эсрэг ашиглахыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм оролдлого хийх гэж буй хүмүүст хандаж хэлэхэд тэд өөрсөндөө л гай тарина” гэж Путин хэлжээ.

Эх сурвалж: ASPISTRATEGIST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж