Ерөнхий сайдын ЗАРЛАЛ ба Ерөнхий сайдад тавих АСУУЛТ

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын ЗАРЛАЛ ба Ерөнхий сайдад тавих АСУУЛТ

Ерөнхий сайдын ЗАРЛАЛ ба Ерөнхий сайдад тавих АСУУЛТ

Ерөнхийдөө Монгол Улс гадныханд нээлттэй болсноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр албан ёсоор өөрийн биеэр зарлалаа. Тэрбээр “Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө бид хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно” гэж Ерөнхий сайдын хувиар амлав. Ингэхдээ Монголд ирж буй жуулчид, гаднын ажилчид, хөрөнгө оруулагчид вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байхыг санууллаа.

Монгол Улс 2020 оны нэгдүгээр сараас хойш бүтэн хоёр жил хилээ хаасны эцэст ийнхүү нээхээр болсон нь нэгд, иргэдийн 92 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан, хоёрт эдийн засгийн шахалт шаардлага юм. Өнгөрсөн хоёр жилд 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа хасах 5.3 хувь хүртэл агшчээ. Улсын төсөв 23 хувиар тасарсан, хэдийгээр Бээжинд хийсэн Ерөнхий сайдын ажлын айлчлалаар хоёр улс төмөр замын холбох цэгээ тохирсон гэх ч зэс, нүүрсний экспорт хэвийн горимд шилжитлээ өдий.

Тиймээс Ерөнхий сайдын хувьд энэ удаад эрүүл мэндээсээ эдийн засгаа нэгд эрэмбэлсэн хэрэг. Цаашдаа цар тахалтай зэрэгцэн орших нь ойлгомжтойгоос хойш оройтсон ч гэсэн хилээ нээсэн нь зөв ч байх. Өнгөрсөн хоёр жил хилийн болон хөл хорионд орсон аж ахуйн нэгжүүдийн хувьд цар тахлаар далимдуулсан элдэв дарамт, шахалтаас бас ангижрах ч байлгүй.

Гэхдээ шар түвшнээс ногоон түвшинд буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж орно гэдэгт Ерөнхий сайд ийм их итгэлтэй байсан юм бол сар шинийн өмнөхөн тэтгэврийн нэмэгдлээр далимдуулж, төсөвт тодотгол хийхдээ Цар тахлын хуулийг сунгах ямар шалтгаантай байв аа. Хууль бус үйлдэл, хулгай, луйвраа Цар тахлын хуулиар халхавчлах гээгүй юм бол уг хуулийг сунгах шалтгаан алга. Харин шалтаг олж тоочиход амархан байх л даа. Өнгөрсөн хоёр жил Цар тахлын хуулийн ард Засгийн газрын зарцуулсан мөнгөнд хяналт тавих аргагүй байгааг парламентын гишүүд нь хүртэл шүүмжилсээр байгаа шүү дээ. Тэгээд ч Цар тахлын хуульд хүний эрхийг хязгаарласан олон заалт бий.

Цар тахлын хуулиар хүний эрхийг хязгаарлачихсан атлаа хаалгаа нээлээ, хөрөнгө оруулагчдыг хүрээд ир гэхээр хэн итгэж, хэн ирэх юм бэ. Хөрөнгө оруулагчдын хүсээд байгаа юм эдийн засгийн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалсан эрх зүйн орчин шүү дээ.

Ерөнхий сайд өнөөдрийн мэдэгдлээрээ олон нийтийн анхаарлын төвд байгаа, улс төр, эдийн засгийн гурван асуудалд хариулт өгсний нэг нь Гашуунсухайтын төмөр зам. Сар шинийн үеэр Бээжинд ажлын айлчлал хийж, олимпийн нээлтэд оролцоод ирэхдээ 14 жил гацсан төмөр замыг гацаанаас гаргасан гэх. Монголын эдийн засагт орж ирэх мөнгөний урсгалыг 14 жил гацаасан гэхээр бодит хохирлыг нь тооцоход Хөгжлийн банкны луйвар цаашаа мөнгөн дүн сонсогдох биз. Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол “Оюутолгой"-н  Монгол Улсын экспортыг 2-3 дахин тэлж чадна л гэж.

Монгол Улс өргөн царигаар, Хятад нарийн царигаар холбогдох хилийн цэгээ тохирсон нь сайшаалтай ч алдагдсан боломжийг нөхөхөд хэцүү. Хайран цаг хугацаа, хайран боломж. Монголын хэчнээн жилийн хөгжил, монголчуудын ажил орлогогыг гацаасан бэ гэхээр бүр ч илүү харамсалтай санагдах. 

Нүүрсээ Хятадын нарийн төмөр замаар экспортод гаргахдаа терминал байгуулах, ТЭЗҮ-ийг удахгүй хийхээ Ерөнхий сайд хэлжээ. Терминал барихад багагүй мөнгө шаардагдах нь лав. Анхнаасаа нарийн царигаар барьж, аль хэзээний ашиглалтад орчих төмөр замыг 14 жил гацаана гэдэг жинхэнэ террорист үйлдэл шүү. Үхсэн баасных нь “Монгол ялах” вэ. Өнгөрсөн онд Орос улс Хятад руу 57 сая тонн нүүрс экспортолсон бол Монголынх ердөө 15 сая. 267 километрын наахна байж шүү дээ.

Атал Монголын экспортыг 14 гацаасан гол хүн нь экс Ерөнхийлөгч, тэгээд өдгөө Ерөнхий сайдад албан бусаар зөвлөөд явж байна гэхээр бүр харамсалтай.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд “Шинэ Яармаг” төслийн хүрээнд зөвлөхийнхөө компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөг авсан гэх дуулианд нэр холбогдсон. Монголбанкны шалгалтаар илэрсэн Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлүүдийн нэг. Ерөнхий сайдын хэлснээр, барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад, улс хохирлоо барагдуулъя гэхээр орон сууцны хорооллынхоо доорх газрыг барьцаалчихсан байх жишээтэй. Нөгөө мэдэгдэлдээ дурдсан “Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлж, барьцаа хөрөнгө хангалтгүй зээл”-ийн нэг гэсэн үг.

Нэмээд, МоАХ-ны байрыг барьцаалаад, 22 тэрбум төгрөгийг “Пирамид орд” компаниар дамжуулан авсан нь мөн л “найдваргүй”-д тооцогдож буй.

“Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлт Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий прокурорт” гаргасных нь дагуу хамгийн түрүүнд шалгах ёстой хүн бол Х.Баттулга мөн. Бондын мөнгөнөөс төмөр зам барих нэрээр авсан 280 сая ам.доллар /өнөөдрийн ханшаар бараг 780 тэрбум гаруй/, Сайншандын аж үйлдвэрийн парк нэрээр авсан 14 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас зээлсэн 170 орчим тэрбум төгрөгийг түүнээс нэхэх нь зүйн хэрэг.

Ерөнхий сайд өнөөдөр эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй гэж хэлсэн, үнээн. Саад болсон улстөрчдийг хүний, өөрийн гэж ялгаварлаж бүр болохгүй! Тэгэхээр Ерөнхий сайдад тавих асуулт байна: Албан бус зөвлөхтэйгөө хэзээ албан ёсоор хариуцлага тооцох вэ гэж!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж