"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэг өнөөдөр /2022.02.14/ боллоо. Энэ үеэр Монгол Улсын засгийн газраас төрийн болон хувийн компаниуд аялал жуулчлалын салбарт эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг албан ёсоор мэдэгдлээ.
ЖУУЛЧИД ВАКЦИНЫ ХОЁР ТУНТАЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Монгол Улсын засгийн газар хоёр жилийн хугацаанд эдийн засгаа үе шаттайгаар нээх, энгийн амьдралд шилжих үе шатыг алхам алхмаар хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсч, үйл ажиллагаа нь хязгаарлагдсан. Тус салбарыг бид уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний ашиг орлого, эдийн засгийг тэлэх том боломж гэж үзэж байна. Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газар аялал жуулчлалын салбарыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Жуулчид вакцины хоёр тунтай бол Монгол Улсын хилээр нэвтрэх боломжтой. Вакцины тунгүй бол зохих журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Аялал жуулчлалын компаниудаа цаашид ажиллах нөхцөлөөр хангана. Ирж буй цаг хугацаанд аялал жуулчлалын компаниудад засгийн газар хөл хорионы ямар ч нөхцөл тогтоохгүй. Цар тахал анх дэгдэж эхлэхэд бид эрүүл мэндийг чухалчилсан. Үргэлжлүүлэн бид эрүүл мэнд, эдийн засгийг чухалчилж байсан. Харин одоо эдийн засгийг босгох, эдийн засгийн тэлэлтийг хийх цаг хугацаа юм. Монгол Улсын засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Монгол Улс цар тахлын түвшинг бууруулж, тогтвортой бодлогоор жуулчдыг бүрэн дүүрэн хүлээж авна.
ЦАХИМ ВИЗ АВАХ БОЛОМЖТОЙ УЛСЫН ТООГ ҮЕ ШАТТАЙГААР НЭМЭГДҮҮЛНЭ
-Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:
-Дэлхий даяар цар тахлын хязгаарлалтыг үе шаттай хөнгөвчилж байна. Одоогоор дэлхийн 140 гаруй улс хилийн хоригоо цуцалж, гадаадын иргэдийг нэвтрүүлж байна. Аялал жуучлалыг сэргээхэд яам хоорондын уялдаа холбоо маш чухал. Дунджаар манай улсад гадаадын 500 мянга гаруй иргэн зорчдог. Өнөөдрийн байдлаар 25 улсын энгийн паспорттай иргэд 63 улсын дипломат болон албан паспарттой иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлтэй. Цар тахлын өмнөх 2017-2019 оны дунджаар манай улсад 600 мянга гаруй гадаадын иргэн зорчсон. Сүүлийн жилд энэхүү тоо эрс буурсан.
Гадаад харилцааны яамны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэж, Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдийн зорчих чиглэлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд гурван төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох “E Visa” системийг өнгөрсөн оны аравдугаар сард туршилт журмаар нэвтрүүлсэн.
Цаашдаа цахим виз авах боломжтой улсын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ буюу вакцины гэрчилгээг Монгол Улс албан ёсны баримт бичиг болохыг нотолж, загварыг нь гаднын улс орнуудтай дипломат шугамаар тохиролцох ажил хийгдэж байна. Вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөлцсөн Казакстан, Унгар, Энэтхэг, Япон, Турк, Их Британи улсуудтай албан ёсоор тохиролцсон. Европын холбоо, Канад, БНХАУ, ОХУ, БНСУ-уудтай яриа хэлэлцээ үргэлжилж байна.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ