Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өнгөрсөн Баасан гариг /2022.02.11/-т хуралдаж, зарим томилгоог хийжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр хуульч Ж.Эрхэмбаатар, тус банкны дэд захирлаар Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбекыг томилсон байна.
Энэ талаар Ж.Эрхэмбаатараас тодруулахад “Хөгжлийн банкны ТУЗ өнгөрсөн Баасан гаригт хуралдсан. Миний хувьд одоо яригдаж буй чанаргүй зээлдэгчдийн зээлийг барагдуулахад анхаарч ажиллана. Хуульчийн хувьд мэдлэг туршлага дутаад байх зүйл байхгүй болов уу. З.Батырбек дэд даргаар томилогдсон бөгөөд хариуцаж байгаа ажил нь өөр. Би өр төлбөрөө хариуцаж байна” гэв.
З.Батырбекын хувьд Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан бол Ж.Эрхэмбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөхөөр 2021 онд томилогдон ажиллаж байсан юм.
Тус банкны ТУЗ-ийн даргыг мөн сольжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан С.Наранцогт Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон учир түүний оронд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очирыг томилсон байна. Мөн ТУЗ-өөс өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороо байгуулж, МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ахлахаар болжээ.
Холбоотой мэдээ