Бүх шатны боловсролын байгууллагын хичээл танхимаар орж эхэлсэнтэй холбоотойгоор халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн баримтлах талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор цаг тухай бүрд нь зохицуулалт хийж, чиглэл өгөхийг холбогдох газруудад үүрэг болгосон. Нэг сурагчаас халдвар илэрсэн тохиолдолд ангиар нь тав хоног тусгаарлана гэдэг ташаа ойлголт. Халдвар илэрсэн анги, бүлэг дээр тодорхой зохицуулалт хийж ажиллана. Ажиглалт, тандалт судалгаа хийсний дараа тусгаарлах эсэхийг шийднэ. Танхимын сургалт орж эхэлж байгаа учраас сурагчдыг аль болох халдвар хамгаалалтын дэглэм баримтлуулж, өвдөх эрсдэлээс сэргийлэх зохицуулалттай ажиллаж байна.
Иймд хоолой өвдөх, ханиалгах болон бусад шинж тэмдэг сурагчид илэрсэн ангиас хүүхэд эерэг гарсан буюу батлагдсан тохиолдолд тухайн бүлэгт тандалт судалгаа явуулж байж зохицуулалт хийнэ.
Аль болох мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг үндэслэж шийдвэр гаргана. Боловсролын байгууллага танхимын сургалтын үед халдвар илэрсэн тохиолдолд шууд бие даан зохицуулалт хийх боломжгүй. Улсын онцгой комиссын Шуурхай штаб болон дүүрэг, орон нутгийн сургуулиудын эмч, нийгмийн ажилтны хийсэн тандалт, судалгаа, ажиглалт дээр үндэслэж зохих шийдвэр гаргана" гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн “Танхимын сургалтад шилжих тухай” А/38 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, сургалтын байгууллагын орчин, хичээлийн байр, анги танхимд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, нөөцийг бүрдүүлэх чиглэлийг Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгүүдэд өгсөн.
Мөн сургуулийн орчинд Covid-19-өөс сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах багийн үйл ажиллагааг сайжруулж, сургуулийн орчинд зай барих боломж нөхцөл бүрдүүлсэн эсэхийг үнэлэн, хичээлийн завсарлагаа, үдийн цайны үеэр зай барих боломж бүрдүүлэн, тогтмол хяналт тавих зохицуулалт хийж ажиллах үүрэг, чиглэл өгсөн билээ.
Холбоотой мэдээ