НЭМЭЛТ: 13:00 ЦАГ
Цагдаагийн ерөнхий газраас “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож, хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 13-ны өдрийн 16:42 цагт ирсэн. Тухайн осол нь тус сумын хоёрдугаар баг “Хонгорын элс” гэх газарт гарсан. Суудлын хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, нэг иргэн биедээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар хэсэг, бүлгээрээ малчид сунгаа хийж, морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өглөө.
МӨСӨН ДЭЭР УНАЖ, МОРИНД ӨШИГЛҮҮЛЭН, ДУНД ЧӨМГӨӨ ХУГАЛСАН УРАЛДААНЧ ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙНГҮЙ БАЙНА
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны тогтоол бий. Дээрх тогтоолын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга нар хяналт тавих ёстой. Гэтэл сар шинийн баяраар нууцаар долоон аймагт морины уралдаанууд зохион байгуулагджээ. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Дорноговь аймагт амралтын өдөр морины уралдаан дагаж явсан машин онхолдож нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн гэх мэдээлэл бий.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдсан нь үнэн" гэлээ. Мөн Дорноговь аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Арга хэмжээ зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцно. Аймгийн Засаг дарга хориглосон захирамж гаргасан ч иргэд өөрсдөө нууцаар уралдаан зохион байгуулаад байна” гэсэн хариулт өгөв.
Дашрамд дурдахад, 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын "Элстэй" гэх газар хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай, уралдаанч хүү мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ. Хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа аж.
Холбоотой мэдээ