"Covid-19-тэй хүмүүс антибиотикт хордож ирэх тохиолдол ихэссэн"

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

"Covid-19-тэй хүмүүс антибиотикт хордож ирэх тохиолдол ихэссэн"

"Covid-19-тэй хүмүүс антибиотикт хордож ирэх тохиолдол ихэссэн"

Covid-19-өөр өвдөж, гэрийн хяналтад байгаа иргэдэд зориулж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны "Ундрах ирээдүй" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Ж.Алтантуул зөвлөгөө өглөө.

-Омикрон халдварын үед илрэх шинж тэмдэг ямар бүлгийн иргэдэд түлхүү илэрч байна вэ?

-Covid-19-ийн омикрон хувилбарын үед мэдрэхүйн шинж тэмдэг дельта болон бусад хувилбартай харьцуулахад бага илэрч байна. Харин булчин өвдөх, халуурах, толгой эргэх, огиудас хүрэх шинж тэмдэг түлхүү илэрч байна. Насанд хүрсэн хүний тухайд 38-аас дээш хэмтэй халуурч, захын судасны хүчилтөрөгчийн хангамж муудвал өрхийн эмнэлэгтээ хурдан хандахыг зөвлөж байгаа. Гэрийн хяналтад байгаа хүмүүсийн хувьд эм ууж байгаа хэрнээ биеийн байдал хүндэрвэл өөр эм бэлдмэл нэмж хэрэглэхгүйгээр эмнэлэгт хэвтэх, тандалтын баг дуудаж үзүүлэх шатлалд шилжинэ. Харин хүүхдийн хувьд өндөр халуурч, шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хэвтэх зохицуулалт хийж байна.

Түлхүү хүндэрч байгаа иргэдийн дийлэнх хувийг суурь өвчтэй хүмүүс эзэлж байна. Тухайлбал, хорт хавдар, бөөрний архаг өвчин, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа хүмүүс зэрэг хэд хэдэн заалтад хамаарах хүмүүсийг хавсарсан эмгэгтэй гэж үзэж, эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ яаралтай авч ажиллах үүрэг өгсөн.

-Гэрийн хяналтад байгаа хүмүүст багц олгох тухайд харилцан адилгүй байна. Өвдсөн иргэн бүр багц авах боломжгүй гэсэн үг үү?

-Гэрийн эмчилгээний багц харилцан адилгүй байгаа нь үнэн. Тухайн багцыг өвчтөнүүдийн эрэмбэлэн ангилалтыг үндэслэн олгож байна. Хавсарсан суурь өвчтэй эсэх болон биеийн байдал хэр хүнд байгаагаас хамаарч дархлаа дэмжих, вирусийн эмийн багц олгож байна. Өрхийн эмч шинж тэмдэгт тулгуурлан үзлэг оношилгоо хийснээр ямар багц олгохыг шийднэ. Халдвар авсны дараа тандалтын баг үзэж, шинж тэмдэг нэмэгдээгүй, биеийн байдал хэвийн бол гэрийн тусгаарлалтаас долоо хоногийн дараа гарч болно.

Орны нөөц, тандалтын багийн хүртээмж дээр иргэд санаа зовохгүй байж болно. Өрхийн эрүүл мэндийн төв бүр дээр Covid-19-ийн тусгайлан гаргасан цэг ажиллаж байна. Хөнгөнөөс бусад ангилал руу орвол эмнэлэгт хэвтүүлэх хэлбэр рүү орж байна. Бүх хүнд багцын эм олгох боломжгүйг иргэд ойлгох хэрэгтэй. Эмч юу гэж зөвлөнө түүнийг л дагах нь зөв.

Мөн иргэд Covid-19-өөр өвдөөд эдгэсэн гэсэн бодлоо хаях хэрэгтэй. Үүнээс болж халдвар тархах, дахин өвдөх эрсдэл үүсч байна. Гэрийн нөхцөлд ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ гэвэл халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой. Хүүхэд, том хүн гэлтгүй давстай усаар хамар, амаа зайлах чухал. Мөн агаарын сэлгэлт маш сайн хийхийг зөвлөж байна. Цэцэрлэг болон сургуулийн хувьд сурагчдыг ангиас 1-2 минут гаргаж, агаар сэлгэлт хийх нь зөв. Дээрх аргаас гадна хүнсний ногоог өдөр бүр хэрэглэж, шингэн унд уух хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Шинжилгээ өгөөд батлагдсан хүмүүсийг тандалтын баг очиж үзэхгүй байна гэсэн гомдол иргэд хэлж байна. Өрхийн эмнэлэг өвдсөн хүмүүст хангалттай хүрч ажиллаж чадаж байна уу?

-Тухайн хүний хариу эерэг гарсан тохиолдолд шинжилгээ өгсөн газраас нь өрхийн эмнэлэг рүү нь мэдээлэл явуулаад, тандалтын баг эхний ээлжид үзлэг хийнэ. Хэрэв шинж тэмдэг илэрч, халуурсан тохиолдолд утсаар мэдэгдэж тандалтын багт үзүүлнэ. Манай дүүргийн хувьд тандалтын баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Батлагдсан хүмүүсийн өдөр тутмын үзлэг хийх, утсаар ярьж тандалт, зөвлөгөө өгөх, мөн хүнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг гэрээр очиж үзэх гээд завгүй ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд боломжоороо ажиллаж байна. Сайн дурын ажилтнууд болон жолоочоо ч дайчлан ажиллаж байна. Эмийн заавар бичих, багц дотор хийх, өвдсөн хүмүүсийн биеийн байдлыг өдөр бүр холбогдож асуух зэрэг ажил хийж байна.

Гэрийн эмчилгээнд байгаа хүмүүс шинж тэмдэг нь буурахгүй, зовиур нэмэгдвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дур мэдэж цэр ховхлох эм, антибиотик хэрэглэж байна. Үүнээс болоод эмийн хордлогод орж ирэх тохиолдол нэмэгдсэн. Тиймээс гэрийн хяналтад байгаа хүмүүс биеэ сайн анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж