Монголын Ардчилсан холбооны гишүүд өнөөдөр /2022.02.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүн Л.Ганхөлөг “1990 онд төрийн дээр нам байна гэдэг Үндсэн хуулийн заалтыг эсэргүүцэж, тухайн үеийн залуус зоригтойгоор тэмцэн, Улс төрийн товчоог огцруулсан. Энэ үйл явдал 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болсон байдаг. Гэтэл өнөөдөр Монголын Ардчилсан холбооны залуусын бий болгосон ардчилал, хүний эрх, эрх тэгш байдлын үнэт зүйлс алдагдаж, тухайн үед нам засгийн дээр гарсан МАХН буюу одоогийн МАН буцаад дангаараа төрийн эрхийг хяналтгүйгээр барьж, дураараа авирлаж эхэллээ.
Энэ бүхэнд ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь нэг намын дарангуйлал тогтсоныг хангалттай баталж байна. Тийм учраас МоАХ-ны үе үеийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, 1990 онд бий болгосон ардчиллын үнэ цэнийг эргүүлэн олж авахыг уриалж байна. Энэ сарын 18-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд 11:00 цагт МоАХ-ны анхдагч гишүүд үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсноо мэдэгдье. Одоо дараагийн үе гарч ирэх цаг болсон. МАН-ын дарангуйллын эсрэг цуглаж, эсэргүүцлийн акц гаргая. МАН-ыг хөөе" гэв.
АН-ын гишүүн А.ЦЭРЭНБАТ:
-МоАХ-ны дарга Х.Баттулга МАН-ын зөвлөхөөр ажиллаж байна. Ингэж болох юм уу. 1989 онд МоАХ-г байгуулж байсан 10 гаруй залуу одоо ч бий. Өнөөдөр Ардчиллын баатар Э.Бат-Үүл үгээ хэлж чадахгүй шоронд хоригдож байна. МоАХ-г хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх мэдлийн төлөө ашиглаж байна. Сүүлийн 10 жил МоАХ хайчсан бэ. Нөгөө цогтой тэмцэгчид хайчив? Миний хувьд энэ холбооны гишүүн болоод 23 дахь жилтэйгээ золгож байна. "Женко"-г эсэргүүцсэн бүх хүнийг МоАХ эсэргүүцдэг болсон. Үндэсний зөвлөгөөнөөр МоАХ-г татан буулгая, эсвэл даргаа сольё. Дүрмээрээ даргаа гурван жилд нэг удаа сонгож, дахин нэг удаа улираан томилох ёстой. Х.Баттулга гэдэг хүний бүрэн эрх 2012 онд дууссан. Өнөөдөр 2022 он. Энэ холбоог 16 жил нэг хүн удирдлаа шүү дээ. Ингэж болох юм уу.
АН-ын гишүүн Д.МОНГОЛХҮҮ:
-МоАХ-ны гишүүд хоёрдугаар сарын 18-нд Монголын үйлдвэрчний соёлын ордонд хуралдаж, сайн муугаа ярилцъя. Нэг бол энэ холбоогоо татан буулгая, эсвэл тугийг нь сэргээн мандуулъя. Би 1999 оны холбооны гишүүн. Өнөөдөр иргэнийхээ хувиар дургүйцлээ, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга болсон байна. МАН төрийн эрхийг бүхэлд нь барьж байна. Үүний эсрэг МоАХ зогсч чадна. Тиймээс эрх чөлөөний үзэлтэй дүү нараа нэгдэхийг уриалж байна.
Холбоотой мэдээ