Цар тахлын улмаас дэлхий даяар зайнаас цахимаар ажилласан ажилчид албан газартаа эргэн ирсэн ч халагдах өргөдлөө өгөх “давлагаа” үүссэн. Цахимаар ажлаа хийж, гэр бүл, өөртөө цаг зарцуулах боломжтой байхад бүтэн цагаар оффист суух нь утгагүй гэдгийг ажилчдад цар тахал ойлгуулжээ. Тиймээс ажил олгогчид ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалж, ажилчдынхаа аз жаргалтай, бүтээлч ажиллах нөхцлийг сайжруулахаар шинэ арга замууд эрэлхийлж байна. Үүний нэг нь ажлын дөрвөн өдөртэй болох юм. “ВВС” агентлаг энэхүү өөрчлөлтийг нэвтрүүлсэн компаниудаас сурвалжлага бэлтгэжээ.
“АЖЛЫН ШИНЭ ОРЧИН”
Английн Петерборо хотод төвтэй “IGO4” цахим даатгалын компанийн ажилчид долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж эхэлжээ. Ингэхдээ нэг цаг уртасгасан цагаар ажилладаг бөгөөд цалин нь уламжлалт таван хоногийн хөлстэй ижил аж.
Тус компанийн гүйцэтгэх захирал Мэтт Монрое хэлэхдээ “Орчин цагийн ажлын байрны талаарх олон уламжлалт ойлголтыг өөрчилсөн. Одоо дахин долоо хоногийн таван өдөр ажилладаг үе рүүгээ буцна гэхээр санаанд буухгүй байна. Уламжлалт ажлын хуваарь буруу байсныг бид ойлгосон.Бид цар тахлаас эерэг өөрчлөлтийг нь боломж гэж хүлээн авч, ажлын шинэ орчин бүрдүүлж, хүмүүсийн эрүүл амьдралын хэв маягийг бүтээхээр ажиллаж байна. Ажилчдад илүү өдрийн амралт өгснөөр өөртөө зарцуулах цаг олгож, ажилдаа буцаж ирэхдээ сайн амарсан, эрч хүтэй байдаг” гэж ярьжээ.
“ЭНЭ ЗҮГЭЭР Л ГАЙХАЛТАЙ”
Тус компанийн Маркетингийн албаны дарга Жеоржиа Проссер хэлэхдээ “Цөөн хоногоор ажиллах нь гайхалтай. Надад заавал хийх шаардлагагүй гэж үзсэн зүйлстээ цаг гаргах боломж гарч ирсэн. Алт мэт үнэтэй амралтын өдрүүдээ ийм зүйл хийхэд зарцуулахгүй гэж үзсэн зүйлсээ хийх боломж гарч ирснээр өөрийгөө илүү таньж мэдэж байна. Тухайлбал, би амралтын гурван өдөртөө аялж эхэлсэн. Хэдийгээр цөөн хоног ажиллаж эхэлсэн ч ачааллаа гүйцэтгэхэд төвөггүй байдаг. Шаардлагагүй уулзалтуудыг цуцалснаар би илүү үр дүнтэй ажиллаж эхэлсэн” гэжээ.
“ХҮМҮҮСИЙН ТАМИРЫГ БАРЖ БАЙНА”
Ажлын хоногийг багасгах PR компанийг ажиллуулдаг “Перри Тиммс” хэлэхдээ “Ажлын дөрвөн хоногийн хуваарь аж үйлдвэрлэлд тохирохгүй. Тухайлбал, түгээлтийн салбарт. Гэхдээ “Ажилчдынхаа тамирыг барж, бүх хүчийг нь шавхах шаардлагатай юу?, Анхаарлаа төвлөрүүлэн ажиллах хязгаарт нь тултал тэднийг шахаж байна уу? Сайн амрах хугацаагүй ажилчдаас илүүг шаардаж болох уу? гэж бизнес эрхлэгчид өөрсдөөсөө асуух хэрэгтэй” гэжээ.
Холбоотой мэдээ