Орос, Украины хурцадмал харилцаатай холбоотойгоор Германы канцлер Олаф Шольц энэ долоо хоногт Москва болон Киевт айлчлахаар болжээ. Барууны тагнуулын албаныхан Оросын түрэмгийлэл улам ойртож буйг анхааруулахын зэрэгцээ Герман улс иргэддээ яаралтай Украиныг орхин гарахыг уриалж буй тул канцлер Олаф Шольц хурцадмал байдлыг намжаах зорилгоор ийн айлчлахаар товлосон байна.
Тэрбээр Даваа гаригт Киевт, Мягмар гаригт Москвад айлчилна. Энэхүү айлчлалын өмнө Олаф Шольц дипломат харилцаагаа цаашид олон талаар үргэлжлүүлнэ гэж найдаж буйгаа Орост дахин сануулав.
Украины ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.02.13/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярих үеэрээ түүнийг Киевт айлчлахыг урив. Тэрбээр “Та Киевт хүрэлцэн ирснээр нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна. Мөн Зеленский тулгарч буй аюул заналыг бүрэн ухамсарлаж, юу ч тохиолдсон бэлэн гэдгээ илэрхийлээд, АНУ-ыг дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа хэлжээ.
Цагаан ордны зүгээс энэхүү урилгын талаар аливаа тайлбар хэлэхээс татгалзав. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Жо Байден энэ санааг дэмжээгүй аж. Түүнчлэн дайн болж болзошгүй тухай зарим аймшигт мэдээллүүд нь Украины эдийн засагт сөргөөр нөлөөлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагааж буй тухай Зеленский онцоллоо.
Эх сурвалж: REUTERS, ASSOCIATED PRESS