-Нүүдэлчний эсгий гэрийн түүхийг өөрчилсөн эргэлт нь дулааны шугам сүлжээ хэмээх газар доорх байгууламж байв. Төвийн дулаан гээч шидтэй зүйл Улаанбаатарт нэвтэрч, халуун паартай, ханандаа устай тохилог нь аргагүй орон сууцтай нийслэлчүүд тэгж л танилцсанаар ахуй соёл, амьдралын хэв маяг нь эрс өөрчлөгдсөн юм-
Улаанбаатарт хот улс төр, нийгэм, эдийн засгийн агуулгаараа улсын нийслэл байсаар ирсэн түүх 380 гаруй жилийн тэртээгээс эхлэх боловч 1959 оныг орчин үеийн хотын өнгө төрх, тав тух хэмээх ойлголтоос хол зөрүүтэй байлаа. Тэр хүртэлх нүүдэлчний эсгий гэрийн түүхийг өөрчилсөн эргэлт нь дулааны шугам сүлжээ хэмээх газар доорх байгууламж байв. Төвийн дулаан гээч шидтэй зүйл Улаанбаатарт нэвтэрч, халуун паартай, ханандаа устай тохилог нь аргагүй орон сууцтай нийслэлчүүд тэгж л танилцсанаар ахуй соёл, амьдралын хэв маяг нь эрс өөрчлөгдсөн юм. Илч дулаан хэмээх “амин сүнс”-ээ галаар залгуулж байсан балар эртний түүхээ баринтаглаад ардаа үлдээх сайхан цагтай монголчууд золгосон нь тэр байв. Учир нь хүний амьд явах эсэхийг шууд шийдсээр ирсэн мөнхийн асуудал нь хүн төрөлхтөний хувьд түлш байсан юм.
Саяас дээш хүн амтай метрополис хотын өнгө төрх рүү хөгжлийн хурдаар давшсаар XXI зуунтай золгосон Улаанбаатар хот нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэлтэй хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлт, зах зээлийн огцом тэлэлт зэрэгт огтоос бэлтгэл, төлөвлөлтгүй байснаас болоод нэг л мэдэхэд эргээд “эсгий гэрийн” хот болон хувирсан нь ч энэ цаг үеийн маань бодит байдал. Төвийн дулааны шугам сүлжээ хаана хүрээд дуусаж байна? Тэр цэгээс Улаанбаатарын утаа эхлэх боллоо. Нүүрсэн галлагаатай гэр хорооллууд хотын дөрвөн зүгт уулс тийшээ төдийгүй уулс дамнан тэллээ…
… Үргэлж ийм байхгүй нь сайхан… Өнөөдөр барилгын үйлдвэрлэлийн 85 орчим хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Гэр хорооллын өрх тоон өсөлтөөс орон сууцанд амьдрагч өрхийн тоон өсөлт 10 дахин хурдтай явж байна.
Сүүлийн 30 жилд үүссэн асуудал, алдаандаа дүгнэлт хийж, гэр хорооллыг барилгажуулах бодлого хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны төслүүд Улаанбаатарын урд хэсэг, Яармаг, Нисэх рүү төвлөрч байгаа нь ажиглагдана. Тэнд үүсэж буй хөгжлийн таталцлын хамгийн гол шалтгаан нь ДУЛААНЫ ШИЙДЭЛ. Тэнд төвийн дулааны шугам сүлжээг дагасан төлөвлөлт ид хэрэгжиж байна. Мөн хөрс, орчин эрүүл, АГААР сайтай гэсэн үзүүлэлт тэндхийн орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж байгаа нь судалгаагаар харагддаг.
Дархан цаазат Богд хан уул, Туул голтой ойрхон байршлаас илүүтэйгээр агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйл нь нийслэлийн хойд хэсэг рүү төвлөрсөн гэр хорооллоос зайтай оршиж буй байрлал нь юм.
Яармаг орчмын бүс утааны голомтоос алслагдсан байршил нь илүүтэй үнэ цэнийг нэмэгдүүлж байна гэсэн үг.
Мөн Яармаг, Нисэх, цаашилбал шинэ нисэх буудлыг түшиглэн босох дагуул хотын төлөвлөлт, шинэлэг хэв маягийн орчинд хүмүүс татагдаж байна.
Улаанбаатарын асуудал нь утаа бол шийдэл нь дулааны шугам сүлжээ гэлтэй. Гэр хорооллуудаа барилгажуулах үед л утааны асуудал шийдэгдэнэ гэдэг нь энгийн ойлгомжтой логик боловч үүнийг шийдэх түлхүүр нь халаалт буюу дулаан.
Өнөөдөр гэр хороолол руу дулааны шугам татах Сервис төвийг долоон байршилд Азийн хөгжлийн банкны төслөөр барьж байгаа. Тус долоон байршил дахь сервис төвөөс дулааны шугамыг гэр хороолол руу оруулах ч тэдгээр нь дулаанаа нүүрсээс гаргаж авах юм. Хатуухан хэлэхэд долоон уурын зуух л баригдах юм биш үү?!
Уурын зуухаар үйлдвэрлэсэн дулааны өртөг өндөр байдгаас хэрэглэгчдийн төлөх төлбөр нэмэгддэг, байнгын арчилгаа, засвар үйлчилгээ шаардагддаг, тоног төхөөрөмжийн сэлбэг материалын олдоц муу үүнийг дагаад хүн хүчнээс авахуулаад ашиглалтын зардал өндөртэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй юм.
Аль өмнөх зууны яг ийм нүүрсээс дулаан гаргадаг уурын зуухан технологиос салахын тулд монгол инженерүүд Хайлааст, Дэнжийн 1000, Чингэлтэй, Баянхошууны уурын зуухуудыг буулган төвийн шугамд холбох ажлыг 1980-аад оноос эхлүүлж, хичээн зүтгэсээр байж 2000 он гарснаас хойш сая нэг зорилгодоо хүрч байлаа. Одоо буцаад ухарч байна.
Улаанбаатарын утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг шууд хориглох зоригтой алхмыг хэрэгжүүлээд эхэлсэн энэ үед дахиад нүүрсээс эх үүсвэр гаргах “уурын зуух” гэсэн концепцитэй Дэд төвүүд нь алсыг харсан бодлого мөн эсэх эргэлзээтэй. Бодлого хэрэв байгаа бол гадаадын зээлтэй хамт технолог оруулж ирвэл энэ л жинхэнэ алсын хараа. Гэтэл гадны зээл аваад зогсохгүй, аль өмнөх зууны уурын зуухан технологийг шийдэл гэж харж буй нь ухралт юм.
Өдгөө Европын бүх л улс орнууд шөнийн илүүдэл эрчим хүчээ ашиглан дулааны энерги хуримтлуулж, өглөө үүрээр хэрэглэгчдэд түгээдэг. Энгийнээр бол шөнийн цахилгаанаар усаа халаагаад дэд төвүүд дээр тусгай баллонд хадгална. Тэндээс цааш эцсийн хэрэглэгчид рүү дулаан дамжуулна. Монголд цахилгаан станцууд өдөр, шөнө ялгаагүй хэмжээтэй эрчим хүч үйлдвэрлэдэг ч шөнө нь хэрэглээ зогсдог учраас дулааны энерги руу хувиргахад боломжтой төдийгүй хамгийн оновчтой ухаалаг шийдэл байж ч болох юм. Хамгийн гол үүний тулд хот төлөвлөгчид, удирдагчид дэвшилтэт шийдлийн төлөө зорих л ёстой. Хот бол тав тух юм. Тав тух бол дулаан юм. Дулаан шугам сүлжээ шийдэгдсэн тэр цэгээс л ХОТ ЭХЭЛНЭ.
Холбоотой мэдээ