Сурвалжлага: Ломбардууд баяр дөхөхөөр "амь" ордог

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ломбардууд баяр дөхөхөөр "амь" ордог

Эд зүйлээ ломбардад тавиад, эргэж авч чадахгүй алдах тохиолдол эрс нэмэгджээ

Сурвалжлага: Ломбардууд баяр дөхөхөөр "амь" ордог

Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар буурч байгааг албаныхан мэдээлж буй. Шинэ жил, цагаан сар гээд дараалсан баяруудаас болж, иргэд түрүүвчээ тэмтэрч, цалингаас цалингийн хооронд ломбардад эд зүйлсээ тавьж, түр хугацаанд санхүүгээ аргацаадаг гэхэд хилсдэхгүй. Энэ удаагийн сурвалжлагаараа иргэдийн амьжиргаа болон ломбардын асуудлыг хөндлөө.

Бидний хэлж заншсанаар Сансарын колонк орчимд "Ломбард", “Гар утас авна” гэсэн шар хаягтай олон газар байх аж. Подвалд байрлах нэгэн ломбард руу хүүхдээ дагуулсан эмэгтэй орж харагдав.  Түүний араас орлоо.  Жижигхэн цонх гаргасан тус ломбард гаднаа том оврын цахилгаан бараа авахгүй гэдгээ бичжээ. Уг эмэгтэй нөүтбүүкээ 10 хоногийн хугацаатай 280 мянган төгрөгөөр тавихаар болов. Бүсгүй “Монголчууд баяраас баярын хооронд амьдарч байна. Юмны үнэ өсчихсөн болохоор цалин хаана ч хүрэхгүй байна. Тэр тусмаа залуу гэр бүлд олон баяр хүндхэн тусч байна” гэлээ.

Дараагийн ломбардаар ороход үйлчлүүлэгчгүй байв. Ломбардны эзэн "Юу тавих вэ" гэсээр угтав. Түүний ярьснаар сүүлийн үед хүмүүс үнэт эдлэл, бусад эд зүйлсээ ломбардад тавьдаг ч авахаас илүү хугацааг нь сунгадаг болсон гэнэ. Мөн ломбардууд гар утас авах нь цөөрч, автомашин, үл хөдлөх хөрөнгө барьцаалж, өндөр хэмжээний зээл олгодог газрууд нэмэгдсэнийг хэлж байлаа.

БАЯР ДӨХӨХӨӨР ЭД ЗҮЙЛСЭЭ ЛОМБАРДАД ТАВИХ НЬ ИХЭСДЭГ

Ломбардны ажилтнаас сүүлийн үед орлого ямар байгааг тодруулахад “Сар шинийн өмнө хүмүүс гар утас, үнэт эдлэлээ тавьж байсан. Заримдаа долоо хоногоор үнэт эдлэл, гар утсаа тавьчхаад тэр чигээрээ алга болчихдог. Тэгээд сарын дараа, эсвэл хүлээлгийн хугацаа өнгөрсний дараа гэнэт санадаг ч юм уу өөрийн тавьсан эд зүйлээ нэхэж эхэлдэг. Тэгээд болоогүй биднийг мөнгө хүүлэгч гэж хардаг. Хөл хориогоор бид түрээсээ ч төлж чадахгүйд хүрсэн. Бид ч гэсэн ардаа амьдралтай улс” гэлээ.

Цар тахлаас болж ломбардууд ашиг орлогогүй, зарим нь дампуурах дээрээ тулжээ. Өөр нэгэн ломбардын эзэн хэлэхдээ “Цагаан сарын өмнө үйлчлүүлэгч ихтэй байсан. Ихэнхдээ залуу хүмүүс ямар нэгэн зүйл барьцаалаад буцааж авахгүй үхүүлэх янзтай байдаг. Аль болох сайн үнэлүүлж мөнгө аваад, хугацаандаа ирэхгүй алга болдог. Ломбард ажиллуулж байгаа бидний хувьд сайн мэддэг болчихсон болохоор барьцаалсан зүйлийг нь цааш зар худалдах маягаар мөнгөө гаргаж авна. Ер нь  хүмүүс эд зүйлээ ломбардаас эргэж авах нь багассан. Миний бодлоор хүмүүсийн амьдрал улам л дордож байна” гэв.

Улаанбаатар хотод хаа сайгүй, байрны өнцөг булан бүрт "Ломбард" гэх бичигбайдаг. Нэг байшинд гурван ломбард, бүр зэрэгцээ хаалганд хоёр өөр аж ахуйн нэгж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх нь энүүхэнд. Тэр бүү хэл нэг км хүрэхгүй зайд 38 ломбард үйл ажиллагаа явуулж байна. “Алт, мөн­гө, эртний эдлэл, хөөрөг, авто­машин, гар утас, зургийн аппа­рат, зөөврийн компьютер, цахилгаан бараа, утасны дугаар, пүүз, авна” гэсэн хаягтай ломбардууд хаа сайгүй тааралддаг. Эдгээрийн 14 хоногийн хүү 5-8 хувь байдаг.

24 ЦАГИЙН ЛОМБАРД ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ

Оюутан залуусын хувьд ихэвчлэн гар утас, нөүтбүүкээ ломбарддаг байна. Тухайлбал, найзын төрсөн өдөр, анги хамт олны зугаалга, шинэ жил гээд тэдэнд ломбардад утсаа тавих тохиолдол олон аж. Харин 24 цагийн ломбард баярын өмнө эрэлттэй байдаг гэнэ. Гэхдээ бусад ломбардтай харьцуулахад хүү нь өндөр бөгөөд 24 цагтаа эд зүйлсээ буцаан авсан тохиолдолд хүүгийн төлбөрийн 50 хувийг хасдаг байна. Уг ломбардууд ихэнхдээ гар утас, нөүтбүүк, обуд, пүүз зэргийг авдаг аж. Өөрөөр хэлбэл, дуудлагаар залууст зориулж шөнийн цагаар эд зүйлсийг нь барьцаалж, мөнгө зээлдүүлдэг үйлчилгээ залуусын дунд “эрэлттэй” байна.

ЛОМБАРДНЫ ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛНО

Цар тахлын улмаас ломбардууд хаалгаа барих дээрээ тулж байсан ч эрэлт байгаа цагт тэд үйл ажиллагаагаа хаах нь юу л бол. Иргэдийн зүгээс ломбардтай холбоотой цөөнгүй гомдлыг ШӨХТГ-т мэдүүлдэг аж.

Ломбардыг зохицуулдаг, тэдэнд хэн хяналт тавьдаг вэ. Албан бус тоогоор Монгол Улсад 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 300 орчим нь хаалгаа барьжээ. Цар тахлын түр хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардны хүүг гурван хувь, алдангийг өдөрт 0.2 хувь болгож, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн. Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчид дээрх хуулийг Үндсэн хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, ШӨХТГ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардсан билээ. Иймээс олон жил яригдаж буй Ломбардны тухай хууль энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж магадгүй. 2021 оны нэгдүгээр сард Засгийн газраас “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Уг хуулийн төслөөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах этгээдүүдэд шаардлага тавьж, бүртгэлжүүлэхээс гадна зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг зохицуулалтыг суулгаж өгчээ. Мөн мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, ийм зээлийг хянах, маргаан таслах заалтууд оржээ.  

Хууль батлагдвал ломбард, өдрийн зээлээс болж санхүүгийн хүндрэл, дарамт шахалтад орж, цаашлаад гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх эрх зүйн орчин бий болно гэж хууль боловсруулагчид үзэж байгаа юм. Иргэдийн зүгээс ломбардны хяналтыг сайжруулж, хүүг буулгавал барьцаалан зээлдүүлэх газар хэрэгтэйг хэлэв. Гагцхүү хяналтгүйн улмаас хулгайн эд хөрөнгө борлуулах, хүлээлгийн хугацаа нь дуусаагүй байхад зардаг зэрэг бэрхшээлтэй асуудал байдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж