МАН-ын улс төр жинхэнэ байгаа оноосой!

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

МАН-ын улс төр жинхэнэ байгаа оноосой!

МАН-ын улс төр жинхэнэ байгаа оноосой!

Эрх баригч МАН өнгөрч буй өдрүүдэд нам дотроо жижигхэн “тэсрэх бөмбөг” дэлбэлэв. Гэхдээ энэ удаагийн үр дүн нь намынхаа дарга нар, удирдлагуудын үгэнд орохгүй байсан бизнесменүүд зээлээ өдөр өдрөөр төлж, үндсэндээ дараагийн ээлжийнхний “хоол"-ыг төлж эхлэв. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргаар жинхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд шинэ дүрмээ өнгөрсөн долоо хоногт батлуулахтай зэрэгцэн эрх баригч намын дотор, улс төрд, тэр дундаа Хөгжлийн банкны асуудал гэнэтхэн босч ирээд бүүм болов.

Хөгжлийн банк байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа ч маш олон чанаргүй зээлдэгч зээлээ төлөхгүй, маш их хэмжээний алдагдалд орсон банк байсаар ирсэн. Үүнийг эрх баригчид сөрөг хүчин байхдаа ч гаргаж тавьж байсныг Л.Энх-Амгалан сайд онцолж байв. Хөгжлийн банкнаас эрх барьж байгаа нам бүрийн шахаа, тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авдаг нь ч нууц биш. Хөгжлийн зээл олгодог энэ банк томоохон бүтээн байгуулагч, баялаг бүтээх зээлүүд олгосон ч түүний зэрэгцээ төрийн мөнгөөр хувийн бизнесээ хөгжүүлэх, зориулалтын бусаар зарцуулсан гээд 52 зээлдэгч өнөөдөр АТГ газарт шалгагдаж байна. АТГ-ыг хөдөлгөж, намынх нь генсек намаасаа хөөх сургаар зарим нь тэрбум тэрбумаар нь зээлээ төлж эхлэв. Мэдээж чанаргүй зээлдэгч нар зээлээ төлж байгаа нь сайшаалтай ч Хөгжлийн банкны асуудлыг дуулиан болгосон хүмүүсийн хувьд зорилго нь давхар давхар цохилттой байсныг онцлох нь зүйтэй болов уу.

Сар гаруйхны өмнө Ерөнхий сайд танхимынхаа нэг сайдад хариуцлага тооцсон асуудал сарниагүй байхад Хөгжлийн банкны асуудлыг олон нийтийн анхааралд хандуулсан нь Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан хоёрын хоршил барьцаа ахиулсаар байгааг харуулна. Тэд нам дотроо “цэвэрлэгээ” хийж, эрх мэдлээ зузаатгах гэсэн санаархлаа алхам алхмаар биелүүлсээр.

Энэ Засгийн газар, эрх баригч намын барьж буй бас нэгэн бодлогыг анзаарч харахад гэмгүй. Тэд олон нийтээр шүүж, яллуулсны дараа өөрсдийнхөө хүссэнд хүрсээр байна. Ямар ч намын шинэ удирдлагын хийдэг жишиг ч олон нийтээр зүхүүлж, шүүлгэж байгаад намнадаг энэ технологи эцэст нь үйлдвэрлэгч, баялагч бүтээгч, ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдээ сөхрүүлэх вий. Л.Оюун-Эрдэнийн сайддаа хариуцлага тооцсон, Хөгжлийн банкны дуулианыг гаргаж ирсэн зэрэг нь гэнэтийн шийдвэр бус, нам доторх хэн нэгний бүлэглэлийг шахах, эрх мэдлийн тойргоос хасах гэсэн алсын зорилготой улс төрийн тоглолтоо тэр “жинхэнэ” утгаар нь эхлүүлжээ.

Өнгөн дээрээ тэд авлигачидтай тэмцэнэ, хүний эрхийг хамгаална гэх үгсийг чангаар хэлэх боловч түүнийх нь цуурайд нам дотор “сонгогдсон” хэд нь нүүргүй болж, бүдгэрсээр байгаагаас нь харвал МАН-д эрх мэдлийн төлөөх дажин нь үргэлжилсээр байна. Магадгүй энэ дажин цаашид улам ширүүсч, “дайн” болохыг ч үгүйсгэхгүй. Ялангуяа ирэх гуравдугаар сард товлогдсон Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дараа.

Эрх баригчдын энэ зодоон дунд зээлээ хүүтэй нь төлөөд, баялаг бүтээгээд, ажлын байр бий болгож, татвар бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүд буруутан болоод үлдчих вий. Дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгох боломжийг нь хязгаарлачих эрсдэл ч үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан нарын нам доторх тэмцэл нийгэмдээ бүтээж байгаа, татвар төлж байгаа бүхнээ “нийгмийн дайсан” болгочихгүйхэн зөвхөн нам дотроо өрнөх улс төр байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж