Дуэльтэй, Б.Мөнхболдгүй бүх оддын тоглолт

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Дуэльтэй, Б.Мөнхболдгүй бүх оддын тоглолт

Дуэльтэй, Б.Мөнхболдгүй бүх оддын тоглолт

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн "Янзтай" дээд лигийн “Бүх оддын тоглолт” өнгөрөгч Бямба гаригт "Степпе арена"-д боллоо. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан, сагсан бөмбөг сонирхогчид, тамирчдын хүсэн хүлээдэг энэхүү том арга хэмжээ энэ удаад ярих зүйл ихтэй болж өнгөрөв.


Залуу оддын тоглолтоор энэ удаагийн наадам эхэлсэн. Лигийн 13 багийн шилдэг, өсөх ирээдүйтэй 18 залуу тоглогч хоёр багт хуваагдан, 60 оноо руу уралдсан. Тоглолтын эхнээс Этүгэн Баянгол Ирвэсүүд багийн Б.Тулуй оноо авалтаараа онцгойрч эхэлсэн. Мөн Эрдэнэтийн Уурхайчид багийн Г.Ган-Эрдэнэ, IHC Apes багийн А.Ган-Эрдэнэ, Тэнүү Өлзий Металл багийн Б.Сүхбат, Багануур Тулнууд багийн М.Өлзий-Орших тэргүүтэй залуучууд тоглолтыг үзүүштэй, сонирхолтой болгож байв. Ийнхүү тоглолтын шилдгээр энэ улирал лигт анх удаагаа тоглож буй Б.Тулуй тодорч, цом, таван сая төгрөгөөр шагнуулсан юм.

Үүний дараа ур чадварын тэмцээн явагдсан. Энэ жилийн тэмцээнд Эрдэнэтийн Уурхайчид багийн Г.Ган-Эрдэнэ, IHC Apes багийн А.Ган-Эрдэнэ, Тэнүү Өлзий Металл багийн Стивен Вүүтэн Жуниор, Багануур Тулнууд багийн М.Өлзий-Орших нар оролцсон. Эхний шатанд тамирчид хоёр хоёроороо өрсөлдөж, ялагчид нь финалд шалгарах дүрэмтэй. Эхлээд хоёр "Эрдэнэ" залалт, дамжуулалт, шидэлтээрээ уралдаж, А.Ган-Эрдэнэ ялав. Дараа нь Стивен Вүүтэн Жуниор, М.Өлзий-Орших нар өрсөлдөж, энэ жил 24 нас хүрэх легионер тоглогч илүүрхсэн. Ийнхүү А.Ган-Эрдэнэ, Стивен Вүүтэн Жуниор нар финалдаж, удахгүй лигт анхны тоглолтоо хийх Вүүтэн ялсан.

Энэ өдрийн хамгийн оргил арга хэмжээнүүдийн нэг буюу гурван онооны шидэлтийн тэмцээн лигийн шилдэг найман шидэгчийн дунд өрнөсөн. Найман тамирчин ээлж дараалан шидэлтүүдээ гүйцэтгэж, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноо цуглуулсан дөрөв нь шалгарав. Ингээд Алдар Танан Гарьд багийн О.Эрдэнэцогт, Эрдэнэтийн Уурхайчид багийн Т.Санчир, Завхан Brothers багийн Г.Цэнгүүнбаяр, Хэнтий Эбэг багийн Н.Шижирбат нарын хооронд аваргын өрсөлдөөн болж, О.Эрдэнэцогт түрүүлэв. Т.Санчир, О.Эрдэнэцогт нар тун ойрхон оноо авсан бөгөөд Т.Санчир сүүлийн цэг дээрээс тааруу шидэж, боломжоо алдсан юм.

Арга хэмжээний үеэр "Special match" болсон бөгөөд энэхүү тэмцээнд Алдар Танан Гарьд багийн Б.Мөнхболд болон ютубер Gremix нар оролцсон. Тэд гурван онооны шидэлтээр хоорондоо өрсөлдсөн бөгөөд Б.Мөнхболд өрсөлдөгчөө ядах юмгүй буулган авав.

Спортын мастер цолны болзол хангасан тамирчдад энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулсан. Мөн NBA-ийн домогт тамирчин Дикембе Мутомбо мэндчилгээ дэвшүүлсэн.

Эцэст нь энэ өдрийн гол арга хэмжээ "Бүх оддын тоглолт" эхэлсэн. Өнөө цагийн Монголын шилдэг 23 тамирчин Алдар Танан Гарьд багийн дасгалжуулагч Ч.Ижилболд болон SBL Хасын хүлгүүд багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж нарын удирдлага дор баруун, зүүн бүст хуваагдан гоё сагсан бөмбөгийг толилуулав.

Б.Билгүүний Т.Санчирын эсрэг хийсэн хууралт, тохолт, Т.Санчирын 13 холын зайн шидэлт, "Бүх оддын тоглолт"-д сонгогдсон залуучуудын үзүүштэй тохолт гээд үзэгчдийг баясгасан олон гайхалтай үйл явдал тохиосон бөгөөд эдгээрээс илүүтэйгээр П.Болортулга, Д.Мөнхтүвшин нарын дуэль Мөсөн өргөөнд “гал” асаасан. Хоёр тоглогч бие биенийхээ эсрэг тус бүр гурван удаа алсын зайн шидэлтийг дараалан амжилттай гүйцэтгэж, үзэгчдийг огшоосон. Ингээд цэнхэр буюу зүүн бүсийн баг ялалт байгуулж, Т.Санчир 46 оноо авсан үзүүлэлтээрээ тоглолтын шилдгээр шалгарав.

Угтаа хоёр багт 24 тоглогч байх ёстой ч зохион байгуулагчдын хайхрамжгүй алдаанаас болж, Алдар Танан Гарьд багийн Батаагийн Мөнхболдын нэрийг ордонд зарлаагүй. Ийнхүү 23 тамирчин талбайд гарч, тоглолт эхэлсэн. Тоглолтын дараа лигийн комиссар Б.Ялалт өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр гаргасан алдаа бол байж боломгүй алдаа. Ийм алдаа гаргасандаа үнэхээр харамсч байна. Хоёр хөтлөгчийн буруу байгаагүй шүү. Тэд өгсөн нэрийг л дуудсан. Сайн хянаагүй миний алдаа. Болдоогоосоо ахин дахин уучлал хүсье. Алдар Танан Гарьд болон нийт хөгжөөн дэмжигчдээс нь хүлцэл өчье. Энэ миний алдаа байсан. Өөр нэгнийг бүү буруутгаарай” гэжээ.

Энэ жилийн бүх оддын арга хэмжээг хааж, тохолтын тэмцээн болсон. Энэ удаагийн тэмцээнд Тэнүүн Өлзий Металл багийн Б.Сүхбат, Налайх Бизон багийн Ш.Мөнх-Эрдэнэ, IHC Apes багийн Г.Лхагвацэнд, Тэнүүн Өлзий Металл багийн Б.Бишрэлт, Завхан Brothers багийн Камерон Лард нар оролцсон. Эхний шатны дараагаар Тэнүүн Өлзий Металл багийн “нисгэгчид” болон Камерон Лард нар хоёрдугаар шатанд үлдсэн. Тэмцээний үеэр А.Сүхбат, Камерон Лард нар нэг болон хоёр хүн давж тохсон бол Б.Бишрэлт гурван хүн давж, тохсоноор энэ жилийн тохолтын тэмцээнд түрүүлэх болзлоо хангасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж