"Эр хүний 13 мэхийг 14 болгож байж эхнэрээ өөрийн болгосон"

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

"Эр хүний 13 мэхийг 14 болгож байж эхнэрээ өөрийн болгосон"

"Эр хүний 13 мэхийг 14 болгож байж эхнэрээ өөрийн болгосон"

Гэгээн хайрын буюу Валентины баяр өнөөдөр /2022.02.14/ тохиож байна. Дурлалын өдрөөр залуу хосын хайрын түүхээс нь хуваалцлаа.


АГААРЫН ХӨЛГИЙН ХОСУУД

-Бид агаарын хөлгийн үйлчлэгч хийж яваад  танилцаж, гэр бүл болсон.  Намайг Ц.Сайнзаяа гэдэг, эрхзүйч мэргэжилтэй. Агаарын хөлгийн үйлчлэгчээр мэргэших хугацаандаа эхнэртэйгээ танилцсан. 2019 онд “Хүннү эйр” ХХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажилд орох шалгалтдаа тэнцээд, дараагийн сургалтуудад хамт суух болсноор хайрын романс маань эхэлсэн.

Эхнэрийнхээ биеэ авч яваа байдал, хүмүүжил, харилцаа, хандлага гээд бүгдэд дурласан. Тэгээд түүнд бүхнээ зориулахыг хүссэн. Ёстой эр хүний 13 мэхийг 14 болгож байж л эхнэрээ өөрийн болгосон доо.

Ажлаас гадуур ч бид цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээдэг. Хэн хэн маань адал явдалд дуртай. Шинийг эрж хайж, цанаар гулгах, хиймэл хаданд авирах, усанд сэлэх дуртай. Мөн хамтдаа онгоцны сүйрэлтэй холбоотой бичлэг, кино үзээд хэрэв бид байсан бол яах бэ гээд хоорондоо ярилцана. Уншсан ном, мэдсэн, сонссон зүйлээ аль болох хоорондоо ярилцаж, хуваалцахыг хүсдэг. Монголд сонирхолтой болзох арга олон бий. Хайрыг би хариу нэхдэггүй сэтгэлийн урсгал гэж боддог.

Анхны  дурласан,  хайртай хүнээсээ мэдэрдэг мэдрэмж минь  огт өөрчлөгдөөгүй. Тиймээс жинхэнэ хайранд хэмжүүр байдаггүй байх.

Миний дурлаж, хайрлаж яваа хүн намайг хайрлаж, хүндэлж байгаа нь хамгийн том талархах зүйл. Азаар бидний дунд асуудал бага үүсдэг. Хэрэв асуудал тулгарвал хүлээцтэйгээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг. Хэн түрүүлж тайвширсан нь буулт хийдэг. Бид нэгэндээ удаан гомдож чаддаггүй учраас нэг л мэдэхэд инээгээд, эвлэрчихсэн сууж байдаг л юм.

"БИД НЭГНИЙХЭЭ ДУТУУГ НӨХӨЖ ЧАДДАГ"

-Намайг Г.Халиун гэдэг, сэтгэлзүйч мэргэжилтэй. Үерхэж байхдаа хайрыг хариу нэхээгүй сэтгэл гэж  боддог байсан.  Харин гэр бүл болсноос хойш хайр нь хоёр хүн бие биедээ өгсөн итгэл, түүнийг хадгалах мөн чанар, нэгнээ түших сэтгэл гэж боддог болсон. Хосуудын хамгийн жаргалтай үе бол хайртай хүн нь инээх мөч. Аз жаргалтай байна гэдэг хайр минь унтраагүй, сэтгэл хөрөөгүй, ирээдүй минь тод гэрэлтсээр байна гэсэн үг. Тиймээс бид хоорондоо ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээдэг. Бид долоо хоногт хоёроос доошгүй удаа заавал хамт алхдаг. Заримдаа маршрут гаргаж, хааяа ярилцаж байгаад шууд гараад алхчихна. Өвлийн улиралд агаарт гарахыг чухалчилдаг.

Мэдээж, нэг хэвэнд цутгаагүйгээс хойш хоорондоо нийцэхэд асуудал тулгарах нь тодорхой. Ер нь хосууд гэлтгүй хүмүүс нэгнээ ойлгох, хүлээж авах сэтгэлтэй байх хэрэгтэй санагддаг. Асуудал гарахаар уурлаад үсчээд байх биш тайвширч байгаад ярилцах нь дээр гэж нөхөр бид хоёр үздэг. Ууртай үедээ хүмүүс ямар ч ойлголцолд хүрч чадахгүй шүү дээ. Хоёр талаасаа эргэцүүлээд бодчихвол маргаан удаан үргэлжилдэггүй.

Би үг дуу цөөтэй. Харин хань минь их илэн далангүй, нээлттэй, аливаад эв дүйтэй хүн. Тиймээс хэзээд нэгнийхээ дутууг нөхөж чаддаг. Ямар нэгэн маргаан, үл ойлголцол гарвал трүүлж тайвширсан нь л буулт хийдэг дээ. Хамтдаа өнгөрүүлсэн өдөр бүр дурсамжтай. Хамгийн сайхнаас нь хуваалцвал бяцхан үрээ тээж байгаагаа мэдсэн үе. Сар болгон хэрхэн томорч байгааг нь харж, хэнийг нь илүү дуурайх бол гэж ярилцахдаа хурдан мэндлэхийг нь л хүлээж байлаа. Охиноо төрүүлээд, гар дээрээ авч, бүүвэйлж байхад хамгийн жаргалтай байсан. Одоо бяцхан үрээ голдоо хэвтүүлж, хийсэн үйлдэл болгоныг нь хараад, дэндүү жаргалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж