“Монгол Майкл Фелпс” гэх Баянгол дүүргийн тамирчин, ОБЕГ-ын аврагч Ш.Даваадоржтой өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн байна. Тэрбээр өвлийн болон мөстэй усанд сэлэлтээр хичээллэдэг монголын цорын ганц тамирчин юм. Түүний хувьд 2018-2019 онд ахмадын ДАШТ, дэлхийн цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цом эзэмшиж байсан бол өдгөө түүний амжилт ийнхүү нэмэгдсээр байна.
Шведэд зохион байгуулж буй Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Ш. Даваадорж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Ингэснээр мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аваргаас нэг мөнгө нэг хүрэл, өвлийнхөөс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.
Усанд сэлэлтээр 38 жил хичээллэж буй тэрбээр одоогоор найман жилийн өмнө 45 наснаасаа эхэлж мөстэй усанд сэлэлтийн төрлөөр хичээллэж эхэлсэн аж. Усанд сэлэлтийн спорт ердийн, мөстэй усанд сэлэлт, өвлийн усанд сэлэлт гэсэн гурван төрөл байдаг. Ердийн усанд сэлэлт нь бассейн дотор нэмэх 28 градуст уралддаг. Харин мөстэй усанд сэлэлт болон өвлийн усанд сэлэлтийн зэрэг бол хасах хоёроос хоёр градуст байдаг юм байна.
Швед улсад болсон энэ удаагийн тэмцээн бол Скандиновын улс орнуудын өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд нийт 25-100 метрийн зайд тамирчид уралджээ.
Ш.Даваадорж мөн өвлийн олимпийн нээлт болсон хоёрдугаар сарын 4-ний өдөр мөстэй усан сэлэлтийн дөрөв дэх удаагийн дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн. Хоёр жил тутам зохион байгуулдаг энэ тэмцээн өнгөрсөн жил цуцлагдаж, энэ жил Польш улсын Глоков хотод болсон юм.
Холбоотой мэдээ