Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа 2022 онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тус төлөвлөгөөнд нь давхцсан чиг үүргийг салгах, хүнд сурталгүй байх, бүхий л үйлчилгээг яаралтай цахимжуулах зэрэг багтсан байна. Мөн Авлигатай тэмцэх газраас гаргадаг "Шударга байдлын үнэлгээ"-ээр сүүл мушгисан бол энэ жилээс эрс шинэчлэлийг хийж "Шударга, ард түмний итгэл даасан байгууллага" болох зорилт тавин ажиллана гэжээ.
Иргэд үүний хариуд байгаль орчин, хууль бус газар олголт, дархан цаазат газрыг хамгаалах, устай холбоотой ажлууд дээр түлхүү төвлөрөхийг хүссэн байна. Мөн он гараад хоёр сарын хугацаа өнгөрч байхад дөнгөж төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа нь удаан байна гэж шүүмжилжээ.
Тэрбээр, байгаль орчин, ой мод, ус, гол мөрөн, ан амьтнаа хамгаалах ёстой байгууллагууд тусгай зөвшөөрөл нэрээр өөрсдөө сүйтгэдэггүй байх, үндсэн чиг үүргийн эсрэг үйл ажиллагааг явуулахгүй байхад анхаарч байна. Мөн хамгаалахаас гадна өсгөх үржүүлэх, тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах, байгаль хамгаалагчдын төлөө эрх зүйн орчныг сайжруулах, хангамж, цалинг нэмэгдүүлэх боломжийг судлах, хүн бүрийг байгаль орчноо хамгаалах, хууль бус зүйлийг мэдээлдэг, шүгэл үлээдэг системийг бүрдүүлж урамшууллын хэлбэрийг тодорхойлох, мэдээлэх цахим систем бий болгохоор судалж байгаа гэжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгдүгээр сарын 18-нд Засгийн газрын зарим гишүүний томилгоог хэлэлцэж, Б.Бат-Эрдэнэ сайдыг албан ёсоор томилох шийдвэр гаргасан. Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ таниас пи-араа багасгаж, ажлаа сайн хийхийг хүсч байна. Засгийн ажил хэдий ч УИХ-д ажлаа танилцуулдаг гэдгийг нэр дэвшигч анхаарах биз ээ. Миний хувьд Б.Бат-Эрдэнэ даргыг тодорхой хэмжээнд мэднэ.
Онцлон нэг захих зүйл нь пи-араа л багасгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол олон нийтийн сүлжээгээр цээжээ дэлдээд байвал иргэдийн хүлээлт нэмэгддэг. Цаасан дээр бичсэн ажлаа хийж гүйцэтгэж, ажлаа дуусгахыг хүсч байна.
Н.Уртнасан сайдын хийж бүтээж байсан ажлуудыг үргэлжлүүлж хийхийг хүсч байна. Амаа багасгаж, ажлаа сайжруулж хийх хэрэгтэй. Сайдын ажил бол амар зүйл биш" гэж анхааруулж байсан. Ямартай ч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ирэх сараас эхлэн хөдөө орон нутгаар баг гарган Монгол Улсыг тойрч чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах үүрэг өгчээ. Албан тушаалтнуудыг хөдөө орон нутагт явж бодит байдалтай танилцан байгаль хамгаалагч болон бусад албан хаагчдын ажил амьдралтай танилцах, байгаль орчны үнэлгээг газар дээр нь очиж харж, хянаж, төлөвлөж ажиллах гэх мэт олон үүрэг даалгаврыг өгсөн гэдгээ ч цахим хуудастаа бичжээ.
Холбоотой мэдээ