Тойм: Хоцрогдол ихтэй учраас 100 хувь танхимаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Тойм: Хоцрогдол ихтэй учраас 100 хувь танхимаар хичээллэнэ

"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


"ДАЛАЙД ГАРЦГҮЙ МОНГОЛЫН ХУВЬД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ МАШ ЧУХАЛ"

Олон жил маргаан дагуулсан төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг БНХАУ-д айлчилж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай энэ сарын 5-нд албан ёсоор уулзах үеэр хэлэлцэж, шийдвэрлэв. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтыг Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон. Ингэснээр 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан. Харин эдийн засагчдын зүгээс төмөр барих асуудлыг ажил хэрэг болгох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.ЭНХБОЛД:

-Төмөр зам баригдсаны дараа л гацаанаас гарсан тухай асуудал яригдах болов уу. Бидний зүгээс төмөр замаа барьж тээвэрлэлтийн асуудлаа даруй шийдэх хэрэгтэй гэсэн байр суурийг 2008 оноос хойш илэрхийлж байна. Нэг үеэ бодвол хоёр улс төмөр замын өргөн, нарийн царигтай холбоотой маргааныг эцэслэж тохиролцоонд хүрсэн нь ахицтай үйл явдал боллоо. Хамгийн чухал нь төмөр зам хэзээ баригдаж дуусах вэ гэдэгт л гацчихаад байна. Хэрэв төмөр замтай болбол цар тахлын үед тулгамдаж буй тээврийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Гэхдээ төмөр зам баригдаж дуусахтай зэрэгцэн цар тахалгүй болсон байх вий.

Эдийн засагч Б.ЛАКШМИ: 

Төмөр замын асуудлыг маш олон жил ярьж байна. Хэдий төмөр замын гацааг арилгалаа гэж ярьж байгаа ч хэрэгжүүлэх шаардлагатай. Бодит байдал дээр ажил хэрэг болдоггүй гацдаг. Ерөнхийдөө мөрөөдлөө ярьж байгаа юм шиг л харагддаг. Хамгийн чухал нь төмөр зам барих бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгох. Тиймээс хамгийн том алдаа оноо нь хэрэгжүүлэх шатанд л гардаг гэж харж байгаа. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр замын тээвэрлэлт маш чухал.


"ХОЦРОГДОЛ ИХ БАЙГАА УЧРААС 100 ХУВЬ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ"

БШУЯ-наас Мягмар гаригт /2022.02.08/ хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа танилцуулав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан:

-Хоёр жилийн хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг хаасан. Нийтдээ 73 цэцэрлэгт халдварын тохиолдол бүртгэгдсэн. Халдвар голомтолж тархаагүй бөгөөд багш, суралцагч нар вакцинд идэвхтэй хамрагдсан. Цаашдаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахгүй байх тал дээр ажиллаж байна.  Ямар хичээл дээр хүүхдүүд хоцрогдолтой байгаа талаар 1-12 ангийн бүх хүүхдүүдээс гарааны үнэлгээний шалгалт авсан.

Гарааны үнэлгээнд нийт  62 мянга гаруй хүүхэд хамрагдсан. Сэтгэл эмзэглүүлсэн үр дүн гарсан. 7-14 насны хүүхдийн 61 хувь унших чадвар эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл, 14 хүртэлх насны 10 хүүхдийн 4 нь уншиж ойлгох чадвар муу байна.

Хүүхэд цахим сургалтад идэвхтэй хамрагдахад эцэг эхийн оролцоо чухал байна. Судалгаагаар 40-өөс  доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилласан байна. 40-өөс дээш насны эцэг эхчүүд сул гэх үр дүн харагдлаа. Цар тахлын өмнө үүссэн хоцрогдол, дараах хоцрогдолд хүүхдүүд гүн нэрвэгдсэн байна. Хүүхэд сургууль завсардалт маш их өртсөн байна. Судалгаагаар 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна. Тиймээс энэ хавар танхимаар хичээллэх боломж, цар тахалын эрсдлийг судалж байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Лхагва гаригт /2022.02.09/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр болов.


"ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ 13 ДАНСЫГ БИТҮҮМЖИЛСЭН"

Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал олны анхааралд байв. Тус банкнаас анх 25 компанийг зарласан бөгөөд хуулийн байгууллагад шалгуулахаар болсон гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл эдгээр компаниудыг шалгах ажил үргэлжилж байгаа талаар АТГ-аас мэдээлэл хийсэн юм.

Үүнтэй холбоотой нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. 14 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад явж байна. Тухайлбал, АТГ-д 10, Эрүүгийн цагдаагийн газарт гурав гэх мэтчилэн асуудал шалгаж байна гэдгийг Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо онцолсон.

Тэгвэл АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар Пүрэв гаригт/2022.02.10/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар нэгдүгээр сарын 28-нд албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллээр Хөгжлийн банкнаас нийт чанаргүй гэж үзэж 52 зээлийг шалгуулахаар АТГ-т ирүүлснийг хэрэг нээж, мөрдөн шалгаж байна. Мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулсан. Хэргийг шалгаж эхэлсэн цагаас Хөгжлийн банкны зээлдэгчдээс 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлсөн байна.

АТГ-ын мөрдөн шалгах ажлын хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан. Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуй нэгжийг албан ёсны вэб хуудаст байршуулна" гэв.

Тус банкны захирал Н.Мандуул "2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна" гэв. Тухайлбал, сүүлийн хоёр хоногийн хугацаанд зээлдэгч Ч.Ундрам, Ц.Анандбазар нар зээлээ 100 хувь төлж барагдуулжээ.


МОНГОЛЫН ГОВЬД УУРХАЙ ЭЗЭМШДЭГ "БОСС БЭБИ"

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт "Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын мэдээллийг хүргэдэг консорциум”-аас гаргасан судалгаагаар томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг дэлхий даяар байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдээллийг ил болгов. Люксембургт төвтэй компаниудад томоохон хувьцаа эзэмшдэг нийт 300 орчим хүүхдийн мэдээллийг олж тогтоосны дунд монгол хүүхдийн мэдээлэл байсан нь анхаарал татав. Тодруулбал, Монголын говьд нүүрсний томоохон компанийн хувь эзэмшдэг нэг настай монгол хүүхэд байна гэж уг консорциумаас мэдээлсэн байна.

Монголоос гадна Азербайжан, Мексик, Орос, Итали зэрэг орнуудын хүүхдүүдийн мэдээллийг мөн гаргажээ. Тухайлбал, Азербайжаны элит гэр бүл болох Мамедовынхон баячуудад зориулсан бүх хөнгөлөлтийг эдэлдэг бөгөөд насанд хүрээгүй гурван хүүхэд нь Люксембургт бүртгэлтэй “Canley Finance SA” компанийн эзэд гэв. Энэ компанийн хувьцаа эзэмшигчид нь хэн болох тухай мэдээлэл олон жилийн турш нууцлагдмал байжээ.


ОЛИМПОД А.ЭНХТУУЛ 85, Б.АЧБАДРАХ 65 ДУГААР БАЙРТ ОРОВ

Бээжин-2022 өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Энхтуул /2022.02.10/ өөрийн үндсэн төрөл болох 10 километрийн уралдаанаа эхлүүлсэн. Энэхүү зайд 98 тамирчин хоорондоо 30 секундын зайтай гараанаас гарсан бөгөөд манай тамирчин 85 дугаар байрт оров.

Харин эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаан нэ сарын 11-нд эхэлж, 95 тамирчин гараанаас гарч, Б.Ачбадрах 65 дугаар байрт орлоо. Энэ төрөлд 100 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай хүн 90 дэх ээлжинд гараанаас гарав. Тамирчдыг гараанаас гаргахдаа FIS буюу Олон улсын цанын холбооны чансаагаар нь жагсаадаг. Б.Ачбадрахын хувьд 100 тамирчнаас чансаагаараа 90-д бичигдэж байв.

Дөрвөн жилийн өмнөх Пёнчаны олимпод Ачбадрах 15 км-т 115 тамирчнаас 93 дугаар байрт орж байсан. Тухайн үед тэрбээр өөрийн зайг 41:40 минутад туулж байв. Гэхдээ тэрхүү олимпод тамирчид чөлөөт техникээр уралдаж байсан бол энэ удаа зөвхөн сонгомол тэшилтээр уралдсан.


Н.ТҮВШИНБАЯРЫГ ДАХИН НЭГ САР ЦАГДАН ХОРИХООР БОЛОВ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Баасан гаригт /2022.02.11/ Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр дахин нэг сараар сунгасан байна.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж