АНУ-аас Өмнөд Солонгос улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Марк Липперт ирэх гуравдугаар сараас "Samsung Electronics" компанид ажиллахаар болсон нь анхаарал татаж байна. Компьютерийн хагас дамжуулагч, зай болон цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэл зэрэг асуудлаас үүдэн АНУ, Өмнөд Солонгосын хооронд эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын түгшүүр нэмэгдсээр байгаа энэ үед Марк Липперт хоёр талын хооронд идэвхтэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж тооцжээ.
Солонгост элэгтэй Марк Липперт нь 2014-2017 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Вашингтоноос Сөүлд суух элчин сайдаар ажилласан юм. Тэгвэл тэрбээр "Samsung Electronics" компанид Хойд Америкийн асуудлыг хариуцсан дэд захирлаар ажиллах аж. Тэрбээр уг албан тушаалд ирэх долдугаар сард албан тушаалаасаа буух Дэвид Стийлийг залгамжилж байна.
АНУ, Хятадын хооронд эдийн засаг, технологийн дайн үргэлжилж буй энэ үед Сөүл-Вашингтоны харилцаа ч чухалаар тавигдаж байна.
Өмнө нь 2015 онд Марк Липпертийг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд нь 55 настай эрэгтэй биед нь халдаж, сахлын хутгаар хацар, гарыг нь зүссэн хэрэг гарч байсан. Тухайн үед элчин сайдыг хоёр Солонгосын харилцааг улам муутгаж буй Сөүл-Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилалтад буруутган халдлага үйлдсэн гэж гэмт этгээд мэдэгдэж байв.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES
Холбоотой мэдээ