С.Одонтуяа, З.Нарантуяа нар Э.Бат-Үүлийг эргэж очжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа, З.Нарантуяа нар Э.Бат-Үүлийг эргэж очжээ

С.Одонтуяа, З.Нарантуяа нар Э.Бат-Үүлийг эргэж очжээ

Нийслэл хотын дарга асан Э.Бат-Үүлд  2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр  дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг гурван  жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуульд "Шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид олон хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан гэдгийг хуульчид шүүмжилж буй.

Тэгвэл Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог төлөөлж З.Нарантуяа, С.Одонтуяа нар Ардчиллын Алтан Хараацай Э.Бат-Үүл  баатрыг эргээд ирсэн талаар цахим хуудаснаа  нийтэлжээ. Тэд Э.Бат-Үүлийн  хэлсэн "Намайг гүтгэх эрх чөлөөний чинь төлөө би үхтлээ тэмцэнэ" гэх ишлэлийг онцлон бичсэн байна. 

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр  "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаасан. Э.Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсвэл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна. Хүний хэвлэн нийтлэх эрхэд халдаж, үзэл санааны хоригдол болгож буй энэ үйлдлийн эсрэг тэмцэх болно. Учир нь энэ бол дан ганц Э.Бат-Үүлийн асуудал бус хүний жам ёсны онцгой эрх" гэдгийг онцолж байсан удаатай. 

Шүүхийн байгууллагаас Э.Бат-Үүлийг  эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Өмгөөлөгч, хуульчдын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан бөгөөд хуулийг өөрөөр хэрэглэж, шүүхээс буруу шийдвэр гаргасан гэж үзэж буй. 

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхон:

-Шүүхийн байгууллага хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2018 онд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноолоо. Энэ бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж буй асуудал. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 263.2. гэдэг зүйл ангиар заавал эд материалын хохирол шаарддаг. Гэтэл прокурор, шинжээчдийн зүгээс эд материалын хохирлыг нотолж чадаагүй байхад хохиролтой гэж үзэж ял оноолоо. Энэ бүхнээс харахад шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн.

Бид хууль буруу хэрэглэсэн учраас давж заалдана. Хотын дарга асан Э.Бат-Үүл Засаг даргаар ажиллаж байхдаа төсөл шалгаруулсан компанийн үйл явцад өөрөө оролцсон гэм буруутай гээд шүүхээс шийдвэр гаргачихлаа. Гэтэл тухайн үед Э.Бат-Үүл өөрийн биеэр гэрээ байгуулахад нь оролцсон гэдгийг тогтоогоогүй. Харин Засаг дарга байсан учраас нөлөөлсөн байх ёстой гэж хар таамгаар ял өгсөн гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж