Засгийн газрын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 9-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг эргэн сануулъя.
БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ДАВАА ГАРИГААС 100 ХУВЬ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
Өдөрт бүртгэгдэх халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 56, PCR шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус, тус буурчээ. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна. Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа учраас хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
ХИЛ ДЭЭР ХУРИМТЛАГДСАН НҮҮРСИЙГ ГАРГАЖ ЭХЭЛЖЭЭ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙГ АШУҮИС-ИЙН ХАРЬЯАНД ШИЛЖҮҮЛЭВ
Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахаар тогтов. Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Холбоотой мэдээ