Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, манай залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэж буй.
Монгол Улсад 2019-2020 онд нийт 2,047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлогдож байсан бол 2021 онд 1 сая ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг 11 тэрбум гаруй төгрөгийн электрон тамхи импортлогдон орж иржээ.
Хүн амын тамхины хэрэглээ хоёр жилийн дотор ингэж их өссөн нь электрон тамхийг дотор болон гадна орчинд хэрэглэж болдог, тамхи үйлдвэрлэгчид янжуур тамхинаас хор багатай, никотингүй, тамхинаас гарахад тусалдаг гэх мэт сурталчилгааг иргэдэд ойлгуулсантай холбоотой гэдгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос мэдээлэв. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батална.
Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхэгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулав.
Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох юм.
Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ улам залуужиж байгааг Эрүүл мэндийн яамны судалгаа тод харуулна. Тодруулбал, Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн Монгол Улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ