Замын-Үүд-Эрээний гацаа арилж, ачаа тээврийг нэгдүгээр сарын 11-нээс нэвтрүүлж эхэлсэн. Улмаар тээврийн зардал 2.5-3.5 сая төгрөг болж, өмнөх үнэ рүүгээ дөхсөнийг Шадар сайд С.Амарсайханы зөвлөх өнгөрсөн сард мэдээлсэн. Тэрбээр "Чингэлгийн тоог нэмэх саналыг манай талаас байнга тавьж байна. Цаашид халдвар гарахгүй нөхцөлд чингэлгийн тоог нэмэх боломжтой. Ачаа тээврийн үнийн тухайд 2.5-3.5 сая төгрөг буюу хуучин үнэ рүү илүү ойртож байгаа гэдэг мэдээллийг албаны хүмүүс өгсөн” гэж байв.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өмнө нь хилийн цаана овоорсон ачааг татан авч, өдөрт 65-68 чингэлэг ачаа нэвтрүүлж байгаа талаар мэдээлсэн. Харин иргэдийн зүгээс тээврийн зардал 2-3 дахин өсч, ачаа бараагаа 10 сар гаруй хүлээсний эцэст авч байгаа тухай эсрэг байр суурьтай байгаа юм. Ялангуяа тээврийн зардлын үнэ өссөн нь орон сууц, автомашин, бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болж байна.
Иймд Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрч буй ачаа барааны тээвэр, логистикийн үнэ төлбөр, үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгоно гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Цар тахлаас үүдэлтэй хил, гааль, боомт дээр үүсээд буй нөхцөл байдал бидэнд аль аль талдаа хамтарч ажиллах шаардлага бий болгож байна. Тиймээс бид өөрийн орны тээвэр, логистикийн байгууллагын төлөөлөгч нартай уулзаж, тээвэр зуучийн мэдээллийн нэгдсэн бааз байгуулах талаар судалж байна” гэж өнөөдөр /2022.02.11/ мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар ачаа тээвэрлэлтийг нэвтрүүлэх чиглэлээр ямар зохицуулалт хийж буй талаар тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан хэлэхдээ “Замын-Үүд боомтоор барилгын болон төмөр хийц, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийг татан авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй байна. Хамгийн гол нь, олон төрлийн бараа бүтээгдэхүүн, түүвэр ачаанд /нэг чингэлэгт дунджаар 50 гаруй хүний бараа/ асуудал гарч байгаа юм.
Бидний судалснаар, ачаа тээврийг дөрвөн шат дамжлагатай нэвтрүүлж байна. Ерөнхийдөө тээврийн зардлаас гадна бусад төрлийн зардлууд нэмэгдэхээр илүү өндөр байгаа юм. Иймд Хятадын талаас тээвэр зуучийн мэдээллийн нэгдсэн бааз байгуулж байна. Уг баазад нэгдэх хүсэлтээ “Монголын тээвэр зуучлалын холбоо”, “Ардын ачаа” тээвэр зуучлалын компани өгч, хамтран ажиллахаар болж байна. Тээвэр зуучийн мэдээллийн нэгдсэн баазыг ашигласнаар үнийн хөөрөгдлийг хянах, улмаар буурч, өмнөх бодит үнэ дээр очно гэж харж байна. Учир нь тээвэрлэгч, зуучлагчдын бүх мэдээлэл нээлттэй, үнэ тодорхой болно” гэлээ.
Сүүлийн сарын мэдээллээр манай улс Замын-Үүд боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы хилийн Эрээн боомтоос 1410 чингэлэг ачаа татан авчээ. Нэг чингэлгийн тээвэрлэлтийн үнэ өнөөдөр Эрээн боомтоос Замын-Үүд хүртэл гарахад 50 мянган юань буюу монгол төгрөгөөр 22 сая төгрөг байна. Сүүлийн сард Монголын тээвэр зуучийн байгууллагууд зохион байгуулалтад орж, ажиллаж эхэлснээр хилийн ачаа тээвэрт өрсөлдөөн бий болж, дээрх үнэ бага зэрэг буурч байгаа аж.
Холбоотой мэдээ