Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо

Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо

НЭМЭЛТ: 12.45 ЦАГ

Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн батлав. Амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгахаас өөр цар тахлын үеийн бусад бүхий хязгаарлалт цуцлагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Эрхэм хүндэт жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө бид хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлье.

Хүндэт иргэд ээ, Монгол Улс нийт долоон удаагийн хөл хорио тогтоосон. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Энэ үед экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа хасах 5.3 хувь хүртэл агшсан.

Улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан амаргүй цаг үеийг даван туулсан. Өнөөдрийг хүртэл цар тахал үргэлжилж байна. Цар тахал дэлхий дахинд шинэ сорилт учруулсаар байна. Вакцинжуулалтыг цаг алдалгүй шуурхай хийсний үр дүнд хоёр жилийн дараа “шар” түвшинд шилжиж байна.

Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс нээлттэй байна.

"Цар тахлын сорилт бүрэн дуусаагүйг бид ойлгох учиртай. Тиймээс иргэд ААН сонор сэрэмжээ алдалгүй, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах иргэний журамт үүргээ сахихыг эргэлзэхгүй байна.

Цар тахлын хугацаанд өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжоо сэргээж, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо цаашид баримтлах болно. Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

"МОНГОЛ УЛС ӨРГӨН ЦАРИГААРАА, БНХАУ НАРИЙН ЦАРИГААРАА ХИЛ ХОЛБОХ ЦЭГИЙГ ТОХИРЧ ЧАДСАН"

-БНХАУ-д айлчлалын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Цар тахлын амаргүй цаг үед Токио 2020 зуны олимпод гурав дахь хөршөө дэмжиж оролцсон. Мөн мөнхийн хоёр хөрш улс орны нэг БНХАУ-д Бээжин 2022 өвлийн олимпийн наадам болж байна. Мөнхийн хөрш хоёр хөршөө дэмжихээ илэрхийлж оролцсон. Албан ёсны айлчлал гэхээс илүү ажлын айлчлал гэж ойлгож болно. Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас хоёр орны хувьд ярилцах олон асуудал байсан. Холбогдох төрийн өндөр албан тушаалтантай уулзаж ярилцсан. Хамгийн чухал нь иж бүрэн стратегийн түншлэлийг үргэлжлүүлж, жишиг харилцаа болгох тал дээр томоохон асуудлыг хамтдаа ярилцсан. Хил хаалттайгаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй асуудал зөвхөн Монгол Улс гэлтгүй, очсон төрийн тэргүүн, холбогдох албан тушаалтнууд бас ярилцсан. Хамгийн чухал зүйл нь цаашдаа иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон чухал төслийн талаар хамтдаа санал солилцох болсон нь туйлын чухал. Нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Хил холболтын цэгүүдийг тохирсон. Энэ бол манай "Оюутолгой"-н далд уурхайн төслийг эхлүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний экспортыг 2-3 дахин тэлж чадахуйц том хэмжээний шийдэл болно. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс өргөн царигаар, БНХАУ нарийн царигаар хил холболтын цэг буюу терминалыг эцэслэн тохирч чадсан. Нүүрс, зэсийн экспорттой холбоотой олон асуудлаар санал солилцсон. Маргааш, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжил шинэтгэлийн хорооны дунд цахим хурал болно.

ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТАТАН БУУЛГАХГҮЙ, ДАМПУУРУУЛАХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГАГҮЙ
ЗЭЭЛДЭГЧ НАРЫН ӨМНӨӨС ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХГҮЙ

-Хөгжлийн банктай холбоотой асуудал өндрөө авч байна. Тухайн үеийн удирдлагууд, зээлдэгч нарт ямар хариуцлага тооцохоор ярилцаж байна вэ?

-Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2019 оны тавдугаар сард УЕПГ болон АТГ-ын удирдлагуудад хандаж тус банктай холбоотой илэрсэн зөрчлийг ангилж авч үзэхийг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд үндэслэж, дүгнэлт гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанд хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Миний хувьд нэгдүгээрт, Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгч нарын өмнөөс зээлийг төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банкийг экзим банк болгож, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь, Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш зорилгынхоо дагуу ажиллаж чадаагүй.

Монголбанкны тогтоосноор 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Засгийн газар хоёр түвшинд авч үзнэ гэдэг нь нэгдүгээрт, зориулалтын дагуу зээлийг ашигласан барьцаа хөрөнгө нь хангалттай, хөгжилд хувь нэмрээ оруулсан төслүүд буюу цар тахлаас улбаалан зээл хэдэн сараар тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ гэсэн үг. Улс төрийн нөлөөлөл ашиглаж, зээл аваад, зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулж, тухайн үед улстөрчид болон Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлж, барьцаа хөрөнгө хангалтгүй зээл байгаа. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр нөхдүүдэд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Хөгжлийн банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, мега төслийг санхүүжүүлдэг, УИХ-аас Хөгжлийн төсөл гэж үзсэн хөтөлбөрт санхүүжилт хийдэг банк болгож байж эдийн засгийн хувьд бэхжих боломжтой.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөхийг Засгийн газрын хуралдаанаас ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл зээл зөрчигдсөн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлаар, бондын зарцуулалт дууссан гэдэг агуулгаар бондын үеэр зээл авсан албан тушаалтнууд мултарч үлдэх ийм асуудал байна. Тиймээс зүйлчлэлийг өөрчлөөд, мөнгө угаах байдлаар шамшигдуулсан, татвар төлөгчдийн ноцтой хохирол учруулсан гэдгээр УЕПГ оролцож, төрийг хохиролгүй болгох ийм бичиг өгсөн. Үүнийг УЕПГ хүлээж авсан. Зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргаад явж байна.

Улс төрийн намын санхүүжилтийн талаар юуг хэлэх вэ. Шилэн болгож чадах уу?

-Намын дүрмийг дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ч бай бүгд дагах ёстой. Ингэж байж улс төрийн нам шаардлага тавьж чаддаг, төрийг цэвэр тунгалаг болгохын төлөө хичээх ёстой. Намуудын хувьд нэр дэвшилт, сахилга хариуцлагын томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, шахаж чаддаг энэ зүйл рүү орж байж, авлигын индексээ бууруулж, төрийн үйлчилгээ илүү хүнд сурталгүй болно. Мөн хөрөнгө оруулалт татна. Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй. Тиймээс энэ асуудалд хатуу байр суурь баримтлах болно. Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Иргэдийг төлөөлөхдөө мөнгөтэй, мөнгөгүй гэсэн ялгаатай байдлыг арилгаснаар илүү шударга засаглал тогтдог. Тиймээс улс төрийн намын санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Улс төрийн нам бодлогын нам байх тал дээр МАН түрүүлж томоохон алхам хийнэ.

Цар тахлын хувьд дэлхий даяар амаргүй байна. Засгийн газраас цар тахлыг даван туулахад бүхий л зүйлийг хийсэн улс орны нэг гэгдэж байна. Олон асуудал дээр иргэд ААН-тэй хамт байсан. Энэ хугацаанд алдаж, оносон олон зүйл байсныг үгүйсгэхгүй. Дэлхий даяар инфляци, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Дэлхий дээр 11 орчим тэрбум вакцин шаардлагатай байна.

-Гашуунсухайт боомтын терминалын асуудал шийдэгдсэн. Уг терминалыг аль улсын санхүүжилтээр барих вэ?

-Гашуунсухайттай холбоотой асуудлын хувьд хилийн цэгүүд тохиролцсон гэдэг нь туйлын чухал асуудал юм. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд энэ асуудлаар тохиролцож чадаагүй. Тиймээс түрүүн хэлсэнчлэн Монгол Улс өргөн царигаар, БНХАУ нарийн царигаар явна гэсэн үг. Хоорондын цэг холболтууд хийгдсэнээр төмөр замын солбицлууд идэвхжинэ. Нэг үгээр өргөн царигаа барьж хил дээр аваачна гэсэн үг. Ачиж, буулгах терминалтай холбоотой асуудал дээр ТЭЗҮ хийгдэнэ. Түүний дараа ажлын зураг гарна. Дээрх үндэслэлд тулгуурлаж мөнгөн дүн гарна. Тиймээс маргааш болох хурал дээр нарийвчлан ярина.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МЭДЭГДЭЛ ХИЙНЭ

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ 11.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдааны дараа буюу 13.00 цагаас  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийх юм байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн Засгийн гарын ээлжит хуралдаанаар бүх шатны танхимын сургалтыг зуун хувь эхлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж