АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хамтрагчиддаа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай холбоотой хэвээр байгаагаа хэлжээ. “Ким Жон Ун бол Трампын холбоотой хэвээр байгаагаа дурссан цор ганц хүн” гэж сэтгүүлч Мэгги Хэбермэн онцолсон байна.
Анх 2018 онд Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай захидал солилцсоныхоо дараа түүнд бараг л “хайр” зарлаж байсан. Ким Жон Унаас ирж байсан захидлууд өдгөө АНУ-ын Үндэсний архивт хадгалагдаж байна. Өнгөрсөн сард Дональд Трампын ажиллаж байх үеийн 15 хайрцаг баримт бичгийг Үндэсний архивт шилжүүлжээ. Трамп Цагаан ордноос явах үедээ уг баримт бичгүүдийг Үндэсний архивт хүлээлгэж өгөх ёстой байсан авч оронд нь Флорида дахь гэртээ аваачсан байсан.
Энэ явдалтай холбоотойгоор Үндэсний архивын газраас Трампын Цагаан ордонд байсан үеийн баримт бичгүүдэд шалгалт хийхийг Хууль зүйн яамнаас хүссэн. Гэвч тус улсын Хууль зүйн яамнаас тайлбар хийгээгүй байна. Түүнчлэн Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Цагаан ордны ариун цэврийн өрөөний суултуурыг бөглөрүүлсэн баримт бичгүүдийг тэндэхийн ажилтнууд олсон гэх мэдээлэл ч байна.
Ерөнхийлөгч асан Дональд Трампын намтрыг бичсэн “The confidence man” нэртэй ном удахгүй худалдаанд гарах бөгөөд энэ номд тэдний харилцааны талаар тодорхой бичжээ. Энэхүү номыг "Нью-Йорк таймс" сонины сэтгүүлч Мэгги Хэбермэн бичиж буй аж.
Трамп болон Ким нар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Гэвч хоёр улс өдгөө цөмийн аюулгүй байдлын гэрээгээ байгуулж чадаагүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ