НЭМЭЛТ 17:45 ЦАГ
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.02.11/ Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр дахин нэг сараар сунгасан байна.
Н.ТҮВШИНБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгасан. Энэхүү хугацаа нь ирэх Даваа гаригт дуусах учир үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал яг одоо /2022.02.11/ болж байна.
Шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхээс буцаасан. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаж байна" гэсэн юм.
Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр" тус дүүргийн прокурорын газарт буцаасан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нар мэтгэлцэж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан.
Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан бөгөөд хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд таалал төгссөн.
Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.
Холбоотой мэдээ