Тэр хөшигний ард, олон нийт түүний дэглэсэн концертыг хэрхэн хүлээн авч буйг чимээгүйхэн ажигласан шигээ сууж байна. Мэдээж, нутгийн ахынхаа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “суралцсан” бүхнээ чадамгай эзэмшсэнээ Хөгжлийн банкны үйл явдал дээр тодхон харуулж буй. Товчхондоо Хөгжлийн банкны дуулианаар тэрбээр намаа цэвэрлэж, ирээдүйнхээ бартаа саадыг арилгахаар төлөвлөсөн гэсэн үг. Овоо босгоогүй бол шагшрах шаазгай хаанаас суух билээ. Тэр тусмаа журмын нөхдийнхөө авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхэд Хөгжлийн банкны зээл гоё далим болсон нь гарцаагүй. Чоно борооноор гэж. Мэдээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэн нэгний “утсан хүүхэлдэй” төдий биш, жинхэнэ удирдагч болохыг хүсч буй ч биз. Авчиг далайх нь сүртэй байх тусмаа буулт нь зөөлөн байх вий. Яг ЖДҮ-ийн дуулиан шиг.
Харваас, концертын удирдаачаар Ардын намын генсек Д.Амарбаясгалан ажиллаж буй аж. Түүний дохиураар симфони найрал хөгжмийг нь тоглох хөгжимчид, гоцлон дуулаачид, алга таших үзэгчид хэрэгтэй.
Учир нь, удирдаач, удирдагч хоёр намынхаа авлигачидтай тэмцэж буйгаа яруу тодоор харуулах ёстой. Үзэгчид үүнд алга нижигнүүлэх учиртай. Ийм л зохиолтой, найруулагчтай, гоцлон дуулаачтай үйл явдал Монголын улс төрд өрнөж байна.
“Өөрөөр төлүүлье” өнөөдрийн хэлэлцүүлэг бол өнөөх симфони найрал хөгжмийн нэг л бүлэг. Нийгмийн бүх салбарын лүүзэрүүд, идэвхтнүүд, "утсан хүүхэлдэйнүүд", улс төрийн зорилготнууд тэнд цугларчээ. Урилгатай, урилгагүй зочид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд өөр хоорондоо нударга хүртэл зөрүүлээд авсан энэхүү хэлэлцүүлэгт олон телевиз эфирээ зориулж. Овоо шүү дээ, монголчууд хууль бус хулгай луйвартай тэмцдэг болж. Хэлэлцүүлгийн үеэр олон санал хэлснээс ХҮН-ынхны эдийн засгийн онц байдал тогтоох саналыг хамгийн оновчгүй нь гэж хэлж болно. МАН-ын охин нам гэдэг нь ортой ч юм шиг.
Гэхдээ зээл авсан бүхнийг хоморголон яллах нь жинхэнэ хэлмэгдүүлэлт болно. Хэн нь луйвар хийж, хэн нь бүтээн байгуулалт өрнүүлснийг ялгаж, салга гэсэн үг. Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан эсэх ард нь авлига, албан тушаалын гэмт хэрэг бий үгүйг шалгаж, мөрдөж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл авсан олон хүн банк бусаараа дамжуулан 36 хувийн хүүтэй зээл гаргасан шиг "мөнгө угаасан" байж магадгүй учраас.
Түүнээс зээл авсан болгоныг "яллах" юм бол цаашид үндэсний бүтээн байгуулалт, импортыг орлох төслийг тухай мөрөөдөх ч хэрэггүй.
Үнэндээ, Хөгжлийн банкны асуудал нь зээлдэгчдэдээ биш тогтолцоондоо байгаа юм. Дарга, цэрэг хоёрт хууль адилхан үйлчилдэг, төр түмэн гэж ялгаварладаггүй болсон цагт Хөгжлийн банкны, ЖДҮХС-гийнх шиг хулгай, луйвар цэгцлэгдэх юм. Түүнээс хэдэн хүнд хэрэг тохоод асуудал дуусахгүй. Бүр илүү том луйварчид л тодрох юм байна гэдгийг бид бүгдээрээ харлаа.
Дөрвөн жилийн өмнө У.Хүрэлсүх намын цэвэрлэгээгээ 60 тэрбум болон ЖДҮ-ийн хэргээр эхэлж байлаа. УИХ-ын 49 гишүүний болон төрийн дарга нарын тэгш хүртээмжтэй хувааж ЖДҮХС-гаас авсан зээлийн асуудал нийгэмд бүүм тарьж, Ардын намын авлигатай тэмцэхээ зарласан маэстрод иргэд алга ташин баяр хүргэж байв. “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж У.Хүрэлсүх мэдэгдэж байсанчлан өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ард иргэд, улс орноо доромжилсон улстөрчид, улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, зээлийг эргэн төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгох, намаасаа хөөх” хүртэл арга хэмжээ авахаа онцолжээ. Ардын намаас хөөгдөх нь "аймаар" том шийтгэл гэж үү. Тэгээд ч нам бол үзэл бодлын нэгдэл болохоос улсын яллагч биш, тэр тусмаа Д.Амарбаясгалан дарга. Хэрэвзээ Хөгжлийн банкны хулгай, худалтай тэмцэхийг Ардын нам жинхнээсээ хүсч байгаа бол тэр хүн нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ байх ёстой юм.
ЖДҮХС-г МАН-ынхан жигд хувааж идсэн дуулиан хэсэгтээ улс төрд түймэр тарьж, Ардын намын нэг бүлэглэл нь нөгөөгөө намнах “сайхан” шалтаг, шалтгаан болж өгсөн нь худлаа биш л дээ, ердөө саяхны шахуу л үйл явдал. Ялгаагүй, өнөөдөр ч эрх баригч намд эрх мэдлийн том хуваарилалт явагдаж байна.
Харамсалтай нь, ЖДҮ-гийн хэрэгт ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг хорих ялаар шийтгэж Ардын нам авлигатайгаа "нэр төдий" тэмцэж, ихэнх нь бэрх мэдэл, албан тушаалтайгаа үлдсэн дээ. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Н.Учрал, Х.Нямбаатар гээд ЖДҮ авсан олон улстөрч өдгөө саарал ордонд сууж л байна. Тэр ч бүү хэл АТГ-аар шалгагдаж, шүүхийн хаалга татаж явсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг гаргуулж аваад Ардын намынхан албан тушаалаар, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар шагначихсан юм даг.
Энэ мэтээс харвал Хөгжлийн банкны дуудиан нийгэмд “түймэр” асаах тусмаа жинхэнэ тийрэнгүүд нь ард нь нуугдаж, албан тушаалтайгаа үлдэхгүй гэх баталгаагүй.
Уг нь, Хөгжлийн банкны хулгай, луйвартай жинхэнээсээ тэмцье гэвэл Ардын нам энэхүү асуудалд гар дүрэхээ больчих хэрэгтэй. Учир нь, их хэмжээний зээл авсан компаниудын ард нуугдсан цаад эзэд МАН-ын цагаан байранд, тэднийг олохгүйгээр асуудлыг буруу, зөвгүй сэвбэл хөөсрөөд, хөөргөөд л дуусна. Ахиад албан тушаалтнуудын хулгай, луйвар бахь байдгаараа чүлдэх биз. Тиймээс эхлээд найдваргүй гэх 52 компанийн нэрийг АТГ нуух биш зарлах шаардлагатай. Тэдгээр компаниудын жинхэнэ эздийг нь нэрлэж, зүслэх хэрэгтэй. Тэр тусмаа 1.7 их наядын найдваргүй зээл үүсээд, өчнөөн удаж байхад Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкныхан яагаад өнөөдрийг хүртэл хав дарсан бэ гэдгээс АТГ ажлаа эхлэх учиртай юм.
Улс төр өрнөж буй үйл явдал, зорилго, зохион байгуулалтыг нь харахад гай тарихгүй, гарз болохгүй, гавъяа байгуулахгүй хэдхэн хүнээр МАН урьдын адил туг тахиад өнгөрөх магадал маш өндөр. Хуучин "туршлагаас" нь харвал зарим нэгийг нь торгож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ял зэмгүй үлдээх ч биз. Гэхдээ тогтолцоогоо өөрчлөөгүй цагт хүнээ мянга солиод, торгоод, шоронд хориод МАН цэвэршихгүй нь үнэн.
Ардын намын зорилготой, зохион байгуулалтай сэвсэн, нийгмийн хэлэлцүүлгээс эрх баригчид биш эдийн засагт л хожил ирэх ёстой юм, зүй нь.
Холбоотой мэдээ