НЭМЭЛТ: 13.30 ЦАГ
Оросын уран гулгагч Камила Валиева анхны олимпоо гайхалтай эхлүүлж, багийн төрөлд алтан медалийн болзол хангасан. Гэвч тэрбээр анхны алтан медалиа гардаж чадалгүй, шинжилгээнд бүдэрч, цаашлаад эрхээ хасуулах, медалиа хураалгах эрсдэлтэй нүүр тулаад байна.
Та бүхэндээ үйл явдлын хураангуйг тоймлон хүргэе.
2021 он
- Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр
Оросын аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээний үеэр Камила Валиева допингийн шинжилгээнд хамрагдав.
2022 он
- Хоёрдугаар сарын 6-наас 7-ны өдрүүд
"Бээжин-2022" олимпийн уран гулгалтын багийн тэмцээн эхэлж, Оросын баг алтан медаль хүртэв.
- Хоёрдугаар сарын 8-ны өдөр
Багийн тэмцээнд медаль хүртсэн тамирчдад медаль гардуулах ёслол болох байсан ч болоогүй. Энэ өдөр Камила Валиевагийн шинжилгээний хариу гарч, хориотой бодис илэрсэн нь ил болсон. Түүний сорьцыг Шведийн лабораторид шинжилсэн аж.
Түүний шээснээс триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрчээ. Энэхүү эмийг хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлд мөн хэрэглэдэг аж.
РУСАДА буюу Оросын допингийн эсрэг үндэсний агентлаг Камила Валиевагийн эрхийг түр түдгэлзүүлэв.
- Хоёрдугаар сарын 9-ний өдөр
Камила Валиева давж заалдаж, РУСАДА гаргасан шийдвэрээ хүчингүй болгов. Хамгийн гол нь РУСАДА гаргасан шийдвэрээ цуцалсан шалтгаанаа ил болгосонгүй.
- Хоёрдугаар сарын 11-ний өдөр
ITA албан ёсоор Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрснийг мэдэгдэв.
Олон улсын олимпийн хороо Камила Валиевад бэлтгэл хийх, олимпод оролцох эрх олгосон РУСАДА-гийн гаргасан шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэв.
- Хоёрдугаар сарын 15-ны өдөр
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхэлнэ. Мөн Камила Валиеваг олимпод оролцуулахыг эсэхийг шийднэ.
МАРК АДАМС: БИД ДОПИНГИЙН ЭСРЭГ 100 ХУВЬ БОДЛОГО БАРИМТАЛНА
Дээрх хэрэгтэй холбоотойгоор талуудын байр суурийг хүргэе.
Олон улсын олимпийн хорооны төлөөлөгч Марк Адамс “Олон улсын олимпийн хороо Камила Валиеваг бэлтгэл хийх, олимпод оролцохыг зөвшөөрсөн Оросын гаргасан шийдвэрийн эсрэг давж заалдаж, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Бид допингийн эсрэг 100 хувь бодлого баримтална. Камила Валиеваг дахин тэмцээнд оролцохоос өмнө шийдвэрээ гаргана” гэв.
СAS буюу Спортын арбитрын шүүх “Камила Валиеватай холбоотойгоор ямар нэгэн давж заалдах өргөдөл ирээгүй байна” гэв.
РУСАДА яагаад Камилад олимпод оролцох эрх олгосон бэ гэдэгт хариулт өгөхгүй бол Орос шүүх дээр ялагдах нь гарцаагүй. Оросуудыг төрийн дэмжлэгтэйгээр тамирчдынхаа допингийн шинжилгээний хариуг нуудаг, сольдог хэмээн буруутгаж, тамирчид нь олимп, дэлхийн аваргад улсынхаа далбаа, төрийн дууллыг ашиглах боломжгүй болсон билээ.
ITA: КАМИЛА ВАЛИЕВА ХОРИОТОЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН
ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагаас өнөөдөр /2022.02.11/ Оросын уран гулгагч Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрснийг албан ёсоор мэдэгдлээ. Ирэх Мягмар гаригт Олон улсын олимпийн хороо Камила Валиеваг олимпод үргэлжлүүлэн оролцуулах эсэхийг шийдэх аж.
Өдгөө 15 настай Камила Валиева өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын аваргын үеэр шинжилгээнд хамрагдсан бөгөөд хариу нь өнгөрөгч Мягмар гаригт гарчээ.
РУСАДА буюу Оросын допингийн эсрэг үндэсний агентлаг тамирчин охины эрхийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч Валиева давж заалдаж, РУСАДА ч шийдвэрээ буцааж, олимпод үргэлжлүүлэн оролцох боломжтой болсон аж.
ITA-ийн гаргасан мэдэгдэлд “Олон улсын олимпийн хороо РУСАДА-гийн шийдвэрийг хүлээхгүйгээр шийдвэр гаргах эрхтэй. Тамирчны дараагийн тэмцээн эхлэхээс өмнө шийдвэр гаргах шаардлагатай” гэжээ.
Эмэгтэй ганцаарчилсан богино үзүүлбэр ирэх Мягмар гаригт эхэлнэ.