Нигери улсад согтууруулах ундааны эсрэг тэмцлийн хүрээнд дөрвөн сая шил шар айраг устгалд оруулжээ. Шар айргуудыг Кано хотод “Аллах Акбар” гэж орилолдох олон түмний нүдэн дээр бульдозерээр дайрч устгасан байна.
Лалын шашин зонхилдог хойд зүгийн тус хот нь Шариатын хуулиар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог хэд хэдэн мужуудын нэг юм. Тодруулбал, Кано хотод 2001 оноос хойш согтууруулах ундааг хориглосон. Харин Нигерийн өмнө зүгийн мужуудад христийн шашин давамгайлдаг бөгөөд шар айргуудыг тэндээс ачааны машинаар зөөж авчирчээ.
Архи, мансууруулах бодисыг хураан авч, устгах үйл ажиллагаа байнга явагддаг хэдий ч энэ удаагийнх нь эрчимтэй тэмцэж буй хамгийн том арга хэмжээ болсон байна.
Албан тоогоор 3.87 сая шил шар айраг болон тодорхой тооны бусад согтууруулах ундааг задгай талбайд бульдозерээр дайрчээ. Дараа нь хагархай үлдэгдлүүдийг нь шатааж, шөнө дөл болтол галыг нь унтраагаагүй гэж гэрчүүд мэдээлэв.
Согтууруулах ундааг хориглосон явдал сүүлийн үед Нигерийн нийслэлд хурцадмал байдал үүсгээд байна. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Кано хотын христийн шашинтай нэгэн дүүргийн уушийн газруудад нэгжлэг хийснээс болж иргэд, цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсчээ. Гал гарч, танхайн бүлэглэл хүртэл үүссэний эцэст лалын шашинтай бус цагдаа нарыг дэг журам тогтоохын талд авчрах шаардлагатай болсон байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ