Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл барилгын материал, цемент үйлдвэрлэгчидтэй уулзаж, үнийн асуудлын талаар өнөөдөр/2022.02.11/ мэдээлэл хийлээ.
"Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Н.МӨНХНАСАН:
-Сая сайдтай уулзаад, цемент үйлдвэрлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байгаа талаар ярилцлаа. Цементийн үйлдвэрлэл Монголд ямар хэрэгтэйг байсныг цар тахлын, хил хаалттай үед ойлгосон байх. Хил нээсэн хэдий ч импортын цементийг бараг нэг тонныг тээврийн зардалтайгаа нийлээд 400 мянган төгрөгөөр оруулж ирэх нөхцөл үүсчээ. Энэ үед цементийн үйлдвэрлэгчид нийлээд үнийг 200 мянган төгрөгөөс доош буюу өнөөдрийн байдлаар үйлдвэрийн үнээр барьж байна. Бусад бүх барилгын материалын үнэ өссөн. Зарим нь 200 хувиар өссөн бол тээврийн зардал 900 хувиар өссөн. Хөгжлийн банкнаас зээл авсан гурван цементийн үйлдвэр дээр тулгараад буй асуудал нь ханш. Тухайн үед Засгийн газрын тогтоол гарч, зээлийг төгрөгөөр олгох байсан ч банк маань доллараар олгосон тул бид ханшийн маш их алдагдал хүлээж, төлбөрөө төлж байна. Монцемент үйлдвэр үлдсэн зээлээ төлөхгүй гэж мэдэгдээгүй. Ханшийн алдагдлаа яаж зохицуулах вэ гэдэг хэлэлцээр хийж байна. Мөн эрчим хүчний тасралт, тээвэр зохицуулалт, хүрэлцээ зэрэг асуудлууд гарсан. Хөрөнгө оруулалтын хууль ялгавартай үйлчилж байгаа нь асуудал дагуулсан. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу үйлдвэрүүд дээр ажиллах хүч хомс үед шинээр ээлж нээх хэрэгцээ дахин гарч ирлээ. Эдгээр асуудлуудаас болж бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байна. Үйлдвэрүүд дунджаар 40 гаруй хувьдаа л хүрч ажиллажээ. 2020, 2021 онуудад хөл хорио тогтоосноор 213 хоног үйлдвэр зогссон. Үүний улмаас аль ч үйлдвэр төлбөр төлөх боломжгүй байсан. Аливаа улсын аж үйлдвэрийн анхны суурийг тавихад цемент баригдсан байх шаардлагатай байдаг. Стратегийн маш чухал бүтээгдэхүүн. Үйлдвэр горимдоо орох хугацаа 5-7 жил, олон улсад цементийн үйлдвэрийн санхүүжилт 10-15 жилийн эргэн төлөгдөх хугацаатай байдаг.
Стратегийн төслийг хэрэглээний зээлтэй андуурч байна. Ард түмний боломжийг хаасан гэж буруугаар бодоод байна.
Бид зээлээ аваад аль болох хурдан төлөх график гаргаж, 2019 он хүртэл илүү төлөлттэй байсан. Ханшийн алдагдлын улмаас зээлийн бодит хүү 20 гаруй хувьд хүрсэн.
"Хөтөлийн цемент, шохой” ХК-ийн төлөөлөгч:
-2010-2021 онд Монголын цементийн зах зээл сая орчим тонн байсан. Тухайн үед 500 мянган тооны хүчин чадалтай ганцхан үйлдвэр Монголд байсан. Нийт хэрэглээний 70-80 хувийг Хятадаас импортоор хэрэглэдэг. Бид орчин үеийн технологи нэвтрүүлэх, хүчин чадлыг нэг сая тоннд хүргэх төслөө 2015 оноос хэрэгжүүлсэн. Төсөл нийтдээ 180 сая ам.доллар. Үүний 30 хувь буюу 61 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээлж авсан. Засгийн газраар төгрөгөөр өгөх шийдвэр гаргасан Хөгжлийн банк доллараар өгсөн. Том төслийн зээл бодлогын хүрээнд урт хугацаатай, бодлогын хүүтэй байх хэрэгтэй. Гэвч тухайн үед таван жилийн хугацаатай арилжааны буюу 8.1 хувийн хүүтэй долларын зээл өгсөн. Төсөл ч амжилттай хэрэгжсэн. Зээлийн хүнд нөхцөлд бид ажилласан. Ингээд 2015 онд хүсэлт тавьж, зээлийн гэрээг таван жилээр буюу 2020 оны аравдугаар сар хүртэл сунгасан. Манай компани 720 ажилтантай хэвийн байна. Бидний хүлээсэн үүрэг бол Хөтөл тосгоныг буюу 100 орчим аж ахуйн нэгж, 1300 айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах. Бид 100 хувь биелүүлээд явж байна.Үүн дээр компани жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. 2015 онд Монголын эдийн засаг өсөлттэй байсан. Бид сүүлийн 4-5 жил цалингаа нэмж чадаагүй, сая төгрөгийн цалинтай л байна. Нийт зардлын 17-18 хувь нь цалин, нийгмийн даатгалын шийтгэл, 10-15 хувь нь татвар хураамж, 15 хувь нь түлш түүхий эд, 14-15 хувь нь цахилгаан зэрэг шууд зардалд төлөгддөг. Зээлийн дарамт, ханшийн зөрүүний дарамт, инфляцийн дарамт гээд байна. МАК, Монцемент бүгд адилхан. Ийм нөхцөл шалтгаантай.
Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөгч:
-Цемент бол барилгын талх гэж ярьдаг. Манай үйлдвэрүүдэд 360 мянга гаруй тонн цементийн нөөц байна. Үйлдвэрлэлээ явуулж байж зээлээ төлнө. Тэгэхгүй бол нам зогсоно. Цементийг гадаадад гаргах асуудлаар ажлын хэсэг гаргах талаар эрчимтэй хөөцөлдөж байна. Орост мөрдөгддөг стандартуудыг яаралтай нутагшуулах ёстой. Автозамын бүтээн босголтод цементээ нийлүүлэх боломжтой. Үүн дээр манай яам, Зам тээврийн яам, Засгийн газар хамтрах хэрэгтэй. Бид ногоон технологийг сайн хэрэгжүүлж байна. Монцемент цементээ илүү дулаанаар гаргаж авсан. Үүний төлөө урамшуулал өгөх хэрэгтэй. "Хөтөлийн цемент шохойн" үйлдвэр асар их ус хэрэглэдэг технологитой байсан. Одоо бол нүүрсээ 50 хувь хэмнэж байна. Мөн уул уурхайн салбарынхан нүүрс, төмрийн хүдэр дандаа урагшаа гарч байна. Манай уул уурхайн компаниуд экспортын үнээр л дотоодын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ бол үнэ өсөх шалтгаан. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын хууль амьдрал дээр хэрэгжээгүй. Ирээдүйд хамгийн чанартай нүүрс байхгүй болох магадлалтай. Дотоодын үйлдвэрүүддээ нүүрс борлуулах сонирхолгүй, экспортоор гаргаж байна.
Холбоотой мэдээ